2020 оны 6-р сарын 10
8 цаг 40 минут

Б.Лхагвасүрэн: Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх арга хэрэгслээ ашиглана

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй макро эдийн засгийн гадаад болон дотоод орчин, эдийн засгийн цаашдын төлөв болон Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар ярилцлаа.

-Төв банкны гол зорилго үнийн тогтвортой байдлын талаар ярилцлагаа эхэлцгээе. Эдийн засаг агшиж, өрхийн бодит орлого буурч байсан 2016 онд дефляци үүсч, хямрал гүнзгийрсний илрэл болж байсан. Ковид-19-ийн хүндрэлээр инфляц зорилтот 8-аас буурч 4 хувь руу орж ирсэн нь эрсдэл дахин давтагдах дохио мөн үү?

-2016 он нэлээд хүнд жил байсан. Зах зээл дээрх итгэлийг тогтворжуулж, бизнесийн идэвхжлийг сэргээхэд Валютын сангийн хөтөлбөр, эдийн засгийг тогтворжуулах бодлогууд чухал нөлөө үзүүлсэн. Эдийн засаг сайжирч, өрхийн орлого нэмэгдэн, хэрэглээ тэлснээр дефляциас гарч байв. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд инфляц Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдлаа. Одоо харин үнийн түвшний өсөлт саарч инфляц 4 болсон нь эдийн засгийн идэвхжил эргээд суларсныг илтгэж байна. Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг өнгөрсөн 3 болон 4 дүгээр сард тус бүр 1 нэгж хувиар буулгахад инфляцын цаашдын төлөв чухал байв. Үнийн түвшин өсөх дарамт бага байсан нь хүүг буулгах орон зайг олгосон гэсэн үг. Цаашид дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, цаг агаарын байдлаас шалтгаалж түр зуурын нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл үүсч болох ч, инфляцын зорилтыг хангах боломжтой.

-Ковид-19 дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж, 2020 онд 170 оронд эдийн засаг агших төсөөллийг олон улсын шинжээчид хийгээд байгаа. Монголын эдийн засаг 1-р улиралд 10.7 хувь агшлаа. Цар тахал  эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ, эдийн засгийг сэргээх жор нь юу вэ?

-Юуны өмнө, Ковид-19-ийн шок ердийн эдийн засгийн хямрал хүндрэлээс үндсээрээ ялгаатай тул эдийн засгийг сэргээх арга нь өөр, ердийн тэлэх бодлого шийдэл нь биш гэдгийг онцлох нь зүйтэй. Вакцин, эмчилгээ хараахан бий болоогүй үед хөл хорио тогтоох нь вирусээс сэргийлэх арга зам болж, энэ нь олон улс оронд эдийн засгийн үйл ажиллагааг хумьж байна. Хэрэв өвчлөл өргөн тархаж, хүн амын эрүүл мэнд доройтвол эдийн засгийн талаар ярих аргагүй болно. Хөл хорионы үед бол иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдрэгдэх “санхүүгийн өвдөлт”-ийг зөөллөх бодлого чухал. Харин эдийн засгийг тэлэх бодлогын орон зайг хадгалах нь вирус намжсаны дараа эдийн засгийг сэргээхэд чухал. Монголын хувьд Ковид-19-ийн шок дараах гол 3 сувгаар дамжин эдийн засгийн эрэлт, нийлүүлэлт талд нөлөөлж байна.

Нэгдүгээрт, дэлхий гадаад орчинтой харилцах эдийн засгийн холбоос, ялангуяа экспортын үнэ, хэмжээн дээр сөрөг нөлөө нь хүчтэй мэдрэгдлээ. Хоёрдугаарт, дотоодод халдвар тархахаас сэргийлж зарим бизнес, эдийн засгийн зарим салбарын үйл ажиллагаа хязгаарлагдсан байна. Гуравт, цар тахалтай холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын ирээдүйн хүлээлт, санхүүгийн шийдвэрт нөлөөлж байна. Шокын сөрөг нөлөөлөл уул уурхай, тээвэр, худалдаа үйлчилгээний салбаруудын бизнест хүчтэй мэдрэгдсэн. Эдгээр салбарт ажиллагсдад хүнд цохилт болсон ч, нэгдүгээр улиралд өрхийн орлого өсөлттэй, хэрэглээ тэлэлттэй байсан. Вирус тархаж бүх нийтийн карантин тогтоосон улсуудтай харьцуулахад манай  дотоод эрэлт харьцангуй сайн байгаа нь бодлогын арга хэмжээний үр дүнг илэрхийлж байна гэж харж байна.

-Дэлхий нийтээрээ эдийн засаг агшсан ийм тохиолдол өмнөх том хямралууд, дайнтай жилүүдийн түүхэнд ч байгаагүй. Онцгой энэ нөхцөл байдлын үед Төв банкнаас ямар арга хэмжээг авч байна вэ?

-Төв банкууд сорилтын энэ үед санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах, зах зээл дээрх хөрвөх чадварыг хадгалах, санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, улмаар иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг багасгахад анхаарч байна. Монголбанк Ковид-19-өөс үүдэлтэй шокын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх арга хэрэгслээ ашиглаж байна. Төв банк өнгөрсөн 3 сарын хугацаанд дараах 3 бүлэг арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Эхний ээлжинд банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, зээлд бүтцийн өөрчлөлт хийх актив ангиллын журам дээрх тохиргоо, барьцаат зээлийн хэрэгслийн хүү болон хугацаан дээр таатай өөрчлөлтүүдийг оруулсан. Үүний зэрэгцээ зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөлийг зөөллөх зорилгоор бодлогын хүүг бууруулах, хэрэглээний зээл гарах орон зайг өсгөх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулсан. Түүнчлэн, өрхүүдийн санхүүгийн хүндрэлийг хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, цахим гүйлгээний шимтгэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авлаа. Төв банкны эдгээр арга хэмжээ нь санхүүгийн зах зээл, бодит эдийн засагт аль алинд нь эерэг нөлөөтэй. Харин хүндрэлийн үед нийгмийн зорилтот бүлгүүд, эдийн засгийн ирээдүйд чухал салбар, ажлын байранд чиглэсэн санхүүгийн дэмжлэг, зарцуулалтыг хийхэд сангийн бодлого чухал үүрэгтэй.

-Эдгээр шийдвэр, арга хэмжээнүүдийн эерэг нөлөө эдийн засагт яг хэрхэн тусгалаа олж, иргэд аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж байна вэ? Тухайлбал зээл, хүүнд нөлөөтэй байж чадсан уу?

-Онцгой үеийн шийдвэрүүд, ялангуяа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нээсэн шийдвэрүүдийн нөлөө шууд илэрч байгаа. Тухайлбал, банкууд 500 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэлээ. Мөн Коронавирусын нөлөөгөөр эргэн төлөлт нь хүндрэлд орсон 37 мянга гаруй зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Хүндрэлийн энэ үед банкны систем тогтвортой байж, санхүүгийн зуучлалаа хэвийн үргэлжлүүлж байгаа нь маш чухал юм. Банкууд өнгөрсөн 4-р сард 1.5 их наяд төгрөгийн зээлийг эдийн засагт нийлүүлснээс 690 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгож, бизнесийн зээл жилийн 3.3 хувь өсөлттэй байв. Хүүний хувьд, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх, тогтворжуулах цогц арга хэмжээ, Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлсний үр дүнд хүү 2019 оны эцэст 16.9 хувь болж, 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байсан. Төгрөгийн зээлийн хүү эдийн засагт эрсдэл нэмэгдсэн сүүлийн саруудад ч 16 хувь орчимд хадгалагдахын зэрэгцээ буурах хандлага нь үргэлжилж байна.

-Ковид-19-ийн үед хөгжиж буй улс орнуудад ажиглагдаж байгаа нэг зүйл бол ханшийн хүчтэй савлагаа. Түүхий эдийн үнэ унаж, нүүрсний тээвэр саатаж, экспортын орлого 40-50 хувь буурснаар валютын орлого татарсан үед ханшийг тогтвортой байлгах арга зам бий юу?

-Цар тахал эхэлснээс хойш хөгжиж буй эдийн засгуудын экспортын орлого унахын зэрэгцээ  түүхэн дээд 100 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал гадагшилж, олон улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш 10-30 хувь сулраад байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 2.7 хувь хувь суларсан бөгөөд энэ хэмжээний ханшийн тохиргоо зайлшгүй байсан. Бид эдийн засаг сэргэж, суурь үзүүлэлтүүд сайжирсан өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлогын төлөвийг зохистой түвшинд хадгалж, хэт халалтаас сэргийлж, 4.3 тэрбум ам.долларын валютын нөөц хуримтлуулсан нь огцом шокын энэ үед тус болж байна. Гэхдээ валютын нөөц хязгаартай тул экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн 4, 5 дугаар саруудад Хятадын эдийн засаг, аж үйлдвэрлэл хүлээлтээс хурдан сайжирч, манай нүүрсний тээвэр сэргэж байгаа нь сайн хэрэг. Төв банк алт худалдан авах замаар нөөцөө нэмэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах, олон улсын байгууллагууд, донор орнуудтай хэлэлцээр хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр маш эрчимтэй ажиллаж байна.

-Ковид-19-өөс болж эдийн засаг хумигдаж, бизнесүүд хүндрэх нь банкны системийн эрүүл мэндэд хэр зэрэг сөргөөр нөлөөлөх вэ? Банкны системийг тогтвортой байлгахад ямар арга хэмжээ шаардлагатай вэ?

-Эдийн засгийн хүндрэл гүнзгийрэхгүй байх, сорилтыг даван туулахад санхүүгийн систем маш чухал. Банкны салбарт өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, мөчлөг сөрсөн макро зохистой бодлого хэрэгжүүлж хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг тогтворжуулсан нь эрсдэлийг угтан авч хэрэгжүүлсэн чухал алхмууд байв. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн орчин муудахад зээл чанаргүйдэх эрсдэлийг хязгаарлаж, энэ эрсдэлийг шингээх орон зайг банкуудын баланс дээр бий болгохыг зорьсон гэсэн үг. Ковид-19-ийн нөлөө эдийн засагт мэдрэгдэж эхэлсэн 2-р сараас хойш бид зах зээл дээрх хөрвөх чадварыг дэмжих, шокын нөлөөг зөөлрүүлэх зорилгоор нийтлэг стандарт, дүрэм журмын өөрчлөлт, тохиргоонуудыг хийгээд явж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг зөөллөхөөс гадна банкуудын балансыг эрүүл байлгах ач холбогдолтой. Төв банк цаашид нөхцөл байдал илүү хүндэрч, эрсдэл нэмэгдсэн тохиолдолд ч  санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээний нөөц хувилбаруудыг тооцоолж, боловсруулж байна. Түүнчлэн дунд, урт хугацаанд банкны системийн реформыг үргэлжлүүлэх, дүрэм стандартыг олон улсын сайн жишигт хүргэх, засаглалын тогтолцоог сайжруулах, банкуудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон хөрөнгийн захтай холбох гэх мэт ажлууд төлөвлөгдөөд байна.

-ОУВС-ийн хөтөлбөр 3 жил хэрэгжээд дууслаа. Хөтөлбөрийн үр дүн юу байв, цаашид эдийн засгийн дунд хугацааны төлөвт ямар гол сорилт байна вэ?

-Өмнө хэлсэнчлэн, 2016 онд эдийн засаг нэлээд хүнд нөхцөл байдалтай болоод байсан. Хөтөлбөр хэрэгжүүлснээр төлбөрийн тэнцэл, төсөв, банкны секторт тулгамдаад байсан асуудлуудыг нааштай шийдвэрлэж, эдийн засгаа тогтворжуулж чадсан. Нэгдүгээрт, Монгол дефолтын эрсдэлийг тойрч, валютын нөөцөө нэмэхэд олон улсын байгууллагууд болон донор орнууд чухал хувь нэмэр оруулсан. Хоёртдугаарт, төсөв дээр тохиргоонуудыг хийж, улсын секторын өрийг бууруулсан. Гуравдугаарт, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, реформыг эхлүүлж цогц арга хэмжээг авсан.

Цаашид бидний өмнө байгаа нэг гол сорилт бол  гадаад өр төлбөрүүд. Гэтэл Ковид-19 хөрөнгө оруулагчдын сентиментэд сөргөөр нөлөөлж, хөгжиж буй орнуудыг чиглэсэн хөрөнгийн урсгал татрах, гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Энэ нөхцөлд хөрөнгө оруулагчийн итгэлийг төрүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлээс татах санхүүжилтийн нөхцөлөө сайн байлгах нь чухал. Хамгийн сүүлд Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж, төлөвийг “тогтвортой” гэж үзсэн нь эдийн засагт итгэх итгэл сулраагүйг илтгэнэ. Сорилтын энэ үед олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, бодлогын тууштай байдал, сахилга баттай байдлыг хангах замаар зээлжих зэрэглэлээ тогтвортой байлгах шаардлагатай. Ингэснээр гадаад өрийн эргэн төлөлтөө шийдвэрлэх, олон улсын зах зээл дээрээс дахин санхүүжилт татах нөхцөлөө сайжруулах боломжтой болно. Мөн Монгол улс ФАТФ болон гишүүн орнуудын өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж, саарал жагсаалтаас гарах болзлыг хангасан нь хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ болж байна.

-Таны бодлоор эдийн засаг хэзээ сэргэх хүлээлттэй байна вэ. Ковид-19-ийн дараа эдийн засагт, санхүүгийн зах зээлд ямар өөрчлөлт бий болох вэ, бид юуг ойлгож авах ёстой вэ?

- Мэдээж эдийн засагт эрсдэл учруулж байгаа гол шалтгаан болсон вирус хэзээ дарагдахаас бүх зүйл хамаарна. Сорилтын энэ үед санхүүгийн нөөцийг аль болох үр ашигтай зарцуулах шаардлагатай. Энэ нь бодлогын түвшинд ч, аж ахуйн нэгж компаниудын хувьд ч чухал. Айл өрхүүдэд ч бас мөнгийг оновчтой удирдах санхүүгийн мэдлэг боловсрол, эрсдэлийн үеийн хуримтлалтай байхын ач холбогдлыг Ковид-19 харуулж байна.

Энэ бүхэн дууссаны дараа бизнесийн үйл ажиллагаа, хүмүүсийн ажиллах арга барил, амьдралын хэв маяг урьдын хэвээр байхгүй, эдийн засагт томоохон бүтцийн өөрчлөлт бий болно байх. Байгаль орчинд илүү ээлтэй хөгжлийн загвар, тэгш бус байдлыг бууруулахад илүү анхаарсан бодлого, улс орнуудын хамтын ажиллагаа, илүү найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт өөрчлөлтүүд дэлхийн эдийн засагт шаардлагатай нь харагдаж байна. Гэхдээ протекционист бодлогууд газар авч, дэлхийн худалдаа саарах эрсдэл ч бий. Эерэг, сөрөг аль ч өөрчлөлт гарсан тохиолдолд эдийн засагт оролцогчид өмнөх зан төлөвөө хадгалахгүй л болов уу. Санхүүгийн зах зээл дээр бол бэлэн мөнгөнөөс татгалзаж цахим гүйлгээ рүү хурдтай шилжих, технологи болон финтекийн хөгжил, тогтвортой санхүүжилт зэрэг сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа процессийг улам хурдасгах болов уу.

Монголбанк төлбөрийн системийн дэд бүтцийг сайжруулах, цахим гүйлгээ, цахим мөнгөний хэрэглээг шинэ шатанд хүргэх, тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг нэвтрүүлэх ажлуудыг Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт тусгаад хийгээд явж байна. Мөн сүүлийн үед олон улсад дэлгэрсэн “өртгийн сүлжээний санхүүжилт” (Value chain financing)-ийн тогтолцоог бүрдүүлэх, ингэснээр ялангуяа жижиг дунд бизнесүүдийн зээлийн нөхцөлийг сайжруулахад анхаарч байна. Эдгээр нь санхүүгийн гүнзгийрэлт болон хүртээмжийг дээшлүүлэх, санхүүгийн системийн үр ашгийг сайжруулах ач холбогдолтой. Нөгөө талаас иргэд, харилцагчдын цагийг хэмнэх, зардлыг бууруулах, авч болох санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл олон болж сонголт нэмэгдэх, байгаль орчны тогтвортой байдалд ч эерэг нөлөөтэй байна гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 9:09Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна6 сар 30. 9:09Ерөнхий сайдаа, танай намын залуус төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна6 сар 29. 10:05“Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 29. 9:09УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широтой уулзлаа6 сар 28. 9:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа6 сар 28. 9:09Замын түгжрэлийг бууруулах ажлын бүтээн байгуулалтын ажлыг 20 жилийн хугацаатайгаар улсын нууцад оруулсан гэв үү?6 сар 27. 12:44ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал6 сар 27. 11:24Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзлаа6 сар 27. 9:09Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог6 сар 26. 15:39УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа6 сар 24. 9:09НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН МЭНДЧИЛГЭЭ6 сар 23. 9:09Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана6 сар 21. 13:10Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол 06 дугаар сарын 27-нд болно6 сар 21. 13:09Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзав6 сар 21. 9:09ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь6 сар 20. 11:31Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна6 сар 20. 9:09Чуулганы нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ6 сар 16. 9:09“Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал6 сар 15. 17:04Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Соёлын элч Мухит Чоуханыг хүлээн авч уулзав6 сар 15. 9:09УЕПГ-аас БНСУ-д амиа алдсан залуугийн хэрэгт хамтран ажиллах хүсэлтийг БНСУ-ын Дээд прокурорын газарт хүргүүлжээ6 сар 14. 13:22“Кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно“6 сар 13. 11:08Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжинэ6 сар 13. 10:49“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 13. 9:09Дарханчууд 0,7 га газраа авах уу? "Газрын наймаачин" С.Насанбатад алдах уу?6 сар 13. 8:32ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд НЭГЖЛЭГ ХИЙЖ, их хэмжээний бэлэн мөнгө, ГАДААД ВАЛЮТЫГ хураан авчээ6 сар 10. 11:50
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.