Г.Ганзориг: Монгол уран бичлэгийг орхигдуулах бус сэргээх нь миний үүрэг гэж хардаг

Эртний уламжлалт утга соёл, хүний дотоод сэтгэлийн хэмжигдэшгүй хил хязгаарыг монгол бичгийн зурлагаар бүтээж чаддаг хосгүй гайхамшиг монгол түмэнд бий. Монгол уран бичлэг нь Юнескогийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2013 онд бүртгэгдэн орсон байдаг аж. Үндэсний билэг тэмдэг болсон түүхт өвийг сэргээн, түгээн таниулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж буй залуу уран бүтээлч Г.Ганзоригтой ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Хэзээнээс уран бичлэгийг сонирхож, бүтээл хийх болсон бэ?

-Намайг Өндөр тэгш овогтой Гөлгөөгийн Ганзориг гэдэг. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийг төгссөн. Би ШУТИС-ийн Дизайны сургуулийг мебель модон эдлэлийн дизайнер мэргэжлээр дүүргэсэн. 2015 оноос уран бичлэгийг хувиараа оролдож эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл тасралтгүй зөвхөн уран бичлэгээ хийж байна. Өвөрмонголын өөртөө засах оронд болдог олон улсын экспо худалдаанд явж эхэлснээс хойш дөрвөн жил гаруй болж. Түүнд манай орны үндэсний үйлдвэрлэгчид очиж, бараа бүтээгдэхүүнүүдээ сонирхуулдаг юм.

-Сүүлийн үед уран бичлэгийг ихээр сонирхох болсон нь харагдаж байна. Таны хувьд каллиграф буюу уран бичлэгийг энгийнээр хэрхэн тодорхойлох вэ?

-Сүүлийн үед хүүхдүүд маань уран бичлэгийг ихээр сонирхох болсон нь үнэхээр сайшаалтай. Дэлхийд цор ганц гэж хэлж болохуйц босоо монгол бичиг маань өөрөө их амьтай , сүнстэй. Түүнийг ч би өөрийн биеэр мэдэрч явдаг юм. Хятадад монгол дээл хувцсаа өмсөөд, босоо бичгээрээ бичдэг ар Монголын хүн гэдгээ хэлээд явахад нүүр бардам сайхан санагддаг. Муу муухай зүйлсээс хамгаалж явдаг юм болов уу гэж боддог. Ер нь уран бичлэгийг сонирхож байгаа хүүхдүүд их байх тусмаа сайн. Би гурван бүдүүн хамтлагийн Учка, дуучин Халиун хоёртой хамтран “Эрүүл Монгол хүүхэд” сайн дурын ажилд оролцож байсан. Тэгэхэд амьдралын бололцоо муутай, захын гэр хорооллын хүүхдүүдэд эх хэлээ хайрлаж, хамгаалж яваарай гэсэн үүднээс уран бичлэгүүдээ дурсгаж байсан удаа бий. Өвөрмонголд анх 2016 онд очиход "Танай ар монголчууд манай өвөр монгол бичгийг мэдэх үү, манайд ирж сурсан юм уу" гэж эргэлзсэн байртай асууцгааж байсан. Тэр үед үнэхээр эвгүй санагдаж байсан юм. Нээрээ л манайхан монгол бичгээ нэг хэсэг орхигдуулж, хуучны бичиг мэтээр боддог байсан. Гэхдээ монгол бичиг бол хуучны бичиг биш шүү дээ. 1990 оноос хойш л монгол бичгийг сэргээсэн нь үндэсний ухамсар, төлөвшлийг сэрээсэн гэж би боддог.

-Анх яагаад уран бичлэгийг хийж эхлэх болсон юм бэ. Магадгүй мэргэжлээрээ ажиллаад явахыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Их сургуулиа төгсөөд нэг хэсэг мэргэжлээрээ ажилласан. Аймагтаа ирж МСҮТ-д багшилж байгаад цэргийн албанд татагдсан. Албаа хааж ирээд хотод очиж, барилга дээр туслахаас ахлах ажилтан хүртэл бүхий л ажлыг гололгүй хийж үзсэн. Үүнээс хойш уран бичлэг хэмээх зүйлтэй амьдралаа холбож, хэдийнэ дөрвөн жилийг өнгөрүүлсэн байна. Ер нь уран бичлэг өөрөө хүмүүст гоо зүйн боловсролыг өгч чаддаг. Мөн уран бичлэг бичиж буй хүнийг их “эрүүл” хүн гэж тодорхойлдог. Учир нь аливаад төвлөрч, нухацтай, ул суурьтай ханддаг. Иймдээ ч уран бичлэг нь хүүхдийн хүмүүжилд багаас нь эрүүл дадал хэвшил суулгахад чухал ач холбогдолтой байдаг. Манай их сургуулийн багш, төрөл төрөгсөд маань эх болсон хэлээрээ бүтээл туурвихад маань их урам зориг өгдөг учраас үүнийг орхигдуулах бус улам сэргээх нь миний үүрэг гэж бодсон. Иймээс уран бичлэгээ үргэлжлүүлэн идэвхитэй хийж, хойч үедээ түгээн таниулахаар зорьж байгаа минь энэ.

-Уран бичлэгт нь олон төрөл зүйл байдаг уу?

-Уран бичлэг нь дотроо хэд хэдэн төрөл зүйлтэй. 2000 оноос хойш манай зураач, урчууд уран бичлэгийг урлагийн хэлбэрт нь хөгжүүлж байна. 16-р зууны үеэсээ өвлөгдөж ирсэн бичгийн тэгүүд гэж бий. Таталган бичиг, дүрст уран бичлэг, мөн өдгөө цагт бидний хэрэглэж буй уран сайхан, чөлөөт сэтгэлгээ, урлагийн өндөр төвшинд бичигдэж буй уран бичлэгүүд. Монгол бичгийн хувьд дөрвөлжин, эвхмэл, таталган, гүйлгэн, хээ угалзанд оруулсан  гэх мэт тэгүүд бий.

-Таны хувьд ямар төрлөөр нь ихэнхдээ уран бичлэгээ хийдэг вэ?

-Би ямар нэгэн төрөл жанрт баригдахыг хүсдэггүй. Төвд, таталган, гүйлгэн гэх мэт аль ч тэгээр нь бичдэг. Гэхдээ миний хувьд ихэнхдээ дүрсэт уран бичлэгээ түлхүү хөгжүүлэхийг хүсэж байна. Дүрсэт уран бичлэг гэдэг нь бичиж буй зүйлсийнхээ агуулгыг дүрсэд оруулж, илэрхийлж бичихийг хэлдэг. Миний хувьд өөрийн оюуны өмчийн патенттай бүтээлийг гаргаж байсан. 12 жилийн амьтныг дүрсийг уран бичлэгт оруулан түүгээрээ подволкны брэнд болгоод хийж байгаа. Сүүлийн үед анзаараад байхад хөдөө орон нутаг гэлтгүй Улаанбаатар хотын хүүхдүүд маань ч уран бичлэгтээ мундаг болж байгаа харагдсан.

-Уран бичлэг хийх сэдэв, санаагаа хэрхэн гаргадаг вэ?

-Би Монголдоо их уран бүтээлээ хийлгүй байж байгаад түрүү жил уран бүтээлийнхээ анхны үзэсгэлэнг хүүхдийн төв номын санд гаргаж байсан. Уран бичлэгийн санаагаа ихэвчлэн захиалагчийн хүсэлтээр хийх нь элбэг. Өвөрмонголд байх үед тэд ихэвчлэн Чингис хааны талаар, билиг сургаалиудаар их бичүүлдэг байсан. Захиалагчийн хүсэл, санааг сонсохоос гадна миний өөрийн гаргах гэсэн санааг хослуулан бүтээлээ хийдэг. Мөн миний уран бичлэгээ хийх арга барил нь бусдаас өөр. Бусад хүмүүс жишээлбэл юуг яаж, хэрхэн хийхээ зорилготойгоор бичиж хийдэг бол миний хувьд бичсэнийхээ дараа түүнээсээ ургуулан бодож сэдэв, санаагаа гаргаж олдог.

Манайхаас өөр хаана ч дүрст уран бичлэгийг бичдэггүй

-Олон оронд каллиграф байдаг юм байна. Тэгэхээр манай монгол уран бичлэг бусад орныхоос яг юугаараа ялгаатай, өвөрмөц шинж чанартай юм бэ?

-Сүүлийн үед кириллийг монгол бичгийн маягтай болгохыг ихээр сонирхох болсон байна. Англи, Хятад, Япон, Солонгос гэх мэт каллиграф, уран бичлэг бичдэг хүмүүс маань нэлээн өндөр байр суурьтай байдаг. Тэдний хувьд монгол бичгийг хүн, мал, амьтны дүрсэд оруулж чаддаггүй учраас манайд дүрст чиглэлийг нь илүү баримталж, таниулахыг зорьдог. Мэдээж хүн, мал, амьтны дүрсэд оруулж бичнэ гэдэг бол маш их хөдөлмөр шаарддаг. Нэлээн бодож, боловсруулж, төлөвлөсний үндсэн дээр бичихгүй бол болдоггүй. Ийм ч учраас монгол уран дүрст хэлбэрт бичигддэг гэдгээрээ бусад орныхоос илүү давуу талтай. Мөн босоо монгол бичиг маань оюун ухаан, сэтгэлгээний хувьд чөлөөтэй задардаг. Монгол хүүхдүүдэд уран бичлэгийг заахад маш хурдан хүлээж авч, сэтгэн бодох чадвар нь үнэхээр өндөр. Аливаа зүйлийг тухай бүрт нь заалгуулж, сэтгэж чаддаг. Тийм ч учраас би монгол хүүхдүүдэд уран бичлэгийг илүү хурдан сурч чадна гэж боддог.

-Монголдоо уран бичлэгээрээ сургалт явуулж байв уу, одоогоор хэчнээн шавьтай вэ?

-Одоо 30-аад шавь нартай болсон байна. Нэг хэсэг хүүхдийн төв номын сан дээр сургалт явуулж байсан. Одоогоор онлайн сургалт явуулж байгаа. Яваандаа Улаанбаатар хотод сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна гэж бодож байгаа. Өвөрмонголд байхад уран бичлэгийг хүүхдүүддээ заалгуулах хүсэл их ирдэг байсан ч би очиж заадаггүй байсан учир нь надад тэр хэдэн төгрөг нь тийм ч сонин биш. Хамгийн гол нь нутагтаа байгаа ганц ч гэсэн монголчуудыгаа уран бичлэгээ хайртай, дуртай болгохын төлөө анхнаасаа зорьсон. Иймдээ ч өнгөрсөн жил БСШУЯ-аас үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгч хэмээх шагналыг надад гардуулсан. Энэ нь өөрөө маш том хариуцлага гэж харж байгаа.

-Та өмнөх яриандаа Монголд ирээд бие даасан үзэсгэлэнгээ гаргасан тухайгаа дурдсан. Үзэсгэлэндээ хэчнээн бүтээл дэлгэсэн бэ. Ямар онцлогтой болж өнгөрсөн бэ?

-Яруу найрагч н.Батхүү ах сүүлийн гурван жил дараалан өөрийн бие даасан “Төрөлх-Монгол хэл” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм. Түүнд нь би тус болох үүднээс уран бичлэгтээ Батхүү ахынхаа шүлгээс оруулан бичиж, бүтээлүүдээ гаргасан. Тухайн үзэсгэлэнд дүрст уран бичлэгүүдээ түлхүү гаргасан.

-Хүмүүс уран бичлэгээр ихэнхдээ юуг бичүүлэхээр захиалдаг вэ?

-Анх наадмаар цэнгэлдэхийн гадна талбайд уран бичлэгээ хийж байсан. Хүмүүс нэрээ бичүүлэх их сонирхолтой байдаг. Уг нь гадаадуудыг бодоход монголчууд бичүүлэх түүх, соёл арвин шүү дээ. Гэтэл төрийн дуулал, эмч, цагдаагийн тангараг, баяр ёслолуудаар ажилчдын нэрсийг бичүүлэх гэх мэтээр цар хүрээ нь хумигдмал. Иймд цаашид үүнийг тэлэх хэрэгтэй гэсэн бодол байдаг.

-Уран бичлэгийг бичиж сурахад хувь хүний зүгээс ямар техник, ур чадварыг шаарддаг вэ. Хүмүүсийн дунд уран бичлэг бичдэг хүн зургийн чадвартай байх ёстой гэсэн яриа ч бий?

-Уран бичлэгийг сурах гэж байгаа хүн өөрөө түүндээ маш сонирхолтой, монгол бичгээ алдаа мадаггүй бичдэг байх хэрэгтэй. Алдаа гаргахгүй байх талаас нь илүү хичээж, мэрийдэг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Заавал зурдаг хүн уран бичлэгийг хийдэг гэх ойлголт байхгүй. Сонирхол л байгаад түүнийг сурахад бүхнээ дайчилбал чадахгүй зүйл биш.

Уран бичлэгийг маш сайн уран бүтээл болгоод явж байгаа хүмүүс дунд зураач хүмүүс бий. Зураг зурна гэдэг нь багахан давуу талыг л үүсгэж байгаа хэрэг. Хэцүү зүйл гээд бодчихвол хэцүү юм шиг л санагдана. Харин хийе, бүтээе гэсэн хүнд хичээл зүтгэл, цаг хугацаа хоёр үр дүнгээ заавал үзүүлдэг жамтай.

-Уран бичлэг хийж байгаа уран бүтээлч бүхэн өөр өөрийн утга агуулгатайгаар бичдэг байх. Таны хийж буй уран бичлэгийн бусдаас ялгарах давуу тал, онцлог нь юу вэ?

-Миний хувьд бусадтай л адил уран бичлэгийг хүнд хүргэх, таниулах, хойч үедээ сургахаар зорьж явдаг. Иймдээ ч дүрст уран бичлэгийг илүү хөгжүүлэхээр зорьж, тухайн уран бичлэгээ урлагийн бүтээл болгохоор ажилладаг маань давуу тал гэж хардаг.

-Уран бичлэгийг сонирхох залуус нэмэгдсэн нь илт харагдаж байна. Цаашид хөгжих боломж нь хэр байна вэ?

-Сонирхож буй залуус нэмэгдэхийн хэрээр хөгжих боломж, орчин нь сайжирч байгаа хэрэг. Төрийн бичиг болгохоор ерөнхийлөгч маань зорилго дэвшүүлэн ажиллаж байгаагийн хувьд үр дүн нь нэмэгдэнэ л гэж харж байна.

-Таны хийсэн уран бичлэгийн бүтээлүүд дундаас хамгийн сонирхолтой түүхтэй, дурсамжтай бүтээл бий юу?

-Надад хэд хэдэн хайртай бүтээлүүд бий. Жишээлбэл, аз жаргалтай гэр бүл, тэмээ гэх мэт. Би чинь өөрөө говийн хүн. Тэмээ гэдэг бичвэрийг дүрст хэлбэрээр бичиж байсан. Нутагтаа оччихсон байх үедээ говь талын чимэг болсон тэмээгээ харж байгаад бичих санаа төрж байсан түүхтэй. Мөн аз жаргалтай гэр бүл хэмээх бичлэг бий. Тухайн бичлэгтээ хаан заяа, хатан ухаан хоёрыг нэмж бичсэн байдаг. “Хаан заяатай орчлон” дууг сонсож байгаад аз жаргалтай гэр бүл гэсэн уран бичлэгийнхээ хоёр талд “Тэнгэр заяат монгол эр хүн та айл гэртээ хаан заяатай”, харин нөгөө талд нь “Тэнүүн заяат бүсгүй та өрх гэртээ хатан ухаантай” хэмээн бичсэн юм. Ерөнхийдөө бол хаан заяа, хатан ухаанаар өрх гэрээ авч яваарай гэх агуулгыг тухайн бичлэгээрээ дамжуулан гаргахыг зорьсон.

-Уран бичлэгийг тань харсан хүмүүс юуг ойлгож, хэрхэн хүлээж аваасай гэж хүсдэг вэ?

-Монгол бичгээ заавал сурах ёстой юм байна гэсэн эрмэлзэл, дур сонирхлыг нь төрүүлэх зорилготой. Хоёрдугаарт, хүүхдийг багаас нь уран бичлэгт сургавал урлагийн гоо сайхан, хүмүүжилд чухал ач холбогдолтой. Монгол соёл, ахуйгаа сурсан хойноо гадаадыг соёлоос сурч мэдэх ёстой зүйлээ олж авахад оройтохгүй болов уу. 

-Уран бичлэгийн үнэ цэнэ нь юундаа оршдог вэ. Уран бичлэгт бичих нь чухал уу, сэтгэх үйл нь илүү чухал уу?

-Бичиж сурах, сэтгэх хоёр аль аль нь чухал. Хамгийн гол нь монгол уран бичлэгээ дэлхийд таниулахын тулд сэтгэлгээгээрээ ялгарах хэрэгтэй юм шиг санагддаг. Хятад болон Япон зэрэг улсуудад уран бичлэгийг маш өндөр төвшинд үнэлдэг. Иймд бусад орон шиг эх хэлний уран сайханг таниулж буй уран бичлэгийг тодорхой хэмжээнд хүндэлж, хүүхэд залуус маань суралцаасай гэж их хүсдэг дээ.

Түүний бичсэн уран бичлэгээс уншигч та бүхэнд сонирхуулья. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.