Английн премьер лигийн 30 дугаар тойргийн тоглолтууд болж байгаа. Өнөө шөнө нэг тоглолт болсноор энэ тойрог өндөрлөнө. Тэгвэл өнгөрсөн шөнө хүснэгтийг тэргүүлж байгаа "Ливерпүүл" клуб "Эвертон"-ы талбайд зочилж, хуурай тэнцлээ. Ингэснээр "Улаанууд" 83 оноотой болж, араасаа нэхэж буй "Сити"-гээс 23 оноогоор тасарч эхэллээ.
Гэхдээ "Сити" нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Өнөөдөр шөнө "Манчестер Сити" талбайдаа "Бөрнли"-тэй тулна. Энэ тоглолтод оноо алдвал "Ливерпүүл" дараагийн тойрогт түрүүлэх болзлоо хангах боломжтой болно. Тэгэхгүй бол хоёр тойрог хүлээх бололтой.
31 дүгээр тойрогт "Ливерпүүл" талбайдаа "Кристал Палас"-тай тоглох юм. Харин "Сити" 31 дүгээр тойрогт "Челси"-гийн талбайд зочилно. Энэ тоглолтод "Хотынхон" оноо алдах магадлал бий. Хэрвээ оноо алдвал түрүүлэх баг шийдэгдэнэ.
Тэгвэл энэ тойрогт "Челси" клуб "Астон Вилла"-гийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 51 оноотой болж, дөрөвдүгээр байраа баталгаажуулах алхмаа хийв. Өмнөө яваа "Лестер" руу гурван оноогоор ойртож, араасаа нэхэж буй "Манчестер Юнайтед"-аас 6 оноо тасрав. Тоглолтын 43 дахь минутад эзэн багаас Хоз гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Пулишич 60 дахь минутад хариуг нь барьж, Жиру 62 дахь минутад нэгийг нэмснээр багтаа ялалт авчирлаа. Харин "Астон Вилла" 26 оноотой үлдэж, 19 дүгээр байрт бичигдэж байна.
Сэтгэгдэл бичих