Испанийн Ла лигийн 30 дугаар тойргийн хүрээнд "Реал Мадрид" клуб "Реал Сосьедад"-тай тоглож, 2:1-ээр хожсон билээ. Энэ тоглолтод "Реал"-ын хамгаалагч Серхио Рамос нэг гоол оруулсан. Ингэснээр тэрбээр энэ улиралд Ла лигт 7 дахь гоолоо оруулж, хувийнхаа дээд амжилтыг давтлаа. Тэрбээр 2016-2017 оны улиралд Ла лигт 7 гоол оруулж байсан түүхтэй юм. Энэ улиралд тэрбээр 4 гоолыг торгуулийн цохилтоос оруулсан. Тэгвэл 2016-2017 оны улиралд бүх гоолоо торгуулийн цохилтоос оруулж байжээ.
Мөн тэрбээр Ла лигт нийтдээ 68 гоол оруулаад байна. Ингэснээр 34 настай Испани тоглогч "Барселона"-д хүчин зүтгэж явсан Роналд Куманы 67 гоол оруулсан амжилтыг давж гарч, хамгийн олон гоол оруулсан хамгаалагчдын хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Энэ жагсаалтыг Фернандо Иерро 105 гоолтой тэргүүлдэг юм. Дашрамд сонирхуулахад, Куман 67 гоолынхоо 46-г нь торгуулийн цохилтоос оруулсан. Харин Рамос 12 гоолыг л торгуулийн цохилтоос оруулсан байна.