Италийн Сери А лигийн 27 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Ювентус" клуб "Болонья"-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авав. Ингэснээр 66 оноотой болж, хүснэгтийн тэргүүн байраа хадгаллаа. Тоглолтын 23 дахь минутад Роналдо тооны харьцааг нээж, энэ улирлын Сери А лигийн 22 дахь гоолоо орууллаа. Харин тоглолтын хоёр дахь гоолыг 36 дахь минутад Дибала оруулсан юм. Роналдогийн хувьд 22 гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байгаа. Харин Дибала 8 гоолтой боллоо.
Энэ тойрогт "Милан" клуб "Лечче"-гийн талбайд зочилж, 1:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 39 оноотой болж, 7 дугаар байр руу орж ирлээ. Гэхдээ бусад багуудын тоглолтоос хамаарч байр ухрах эсэх нь шийдэгдэх юм. Тоглолтын 26 дахь минутад Кастильехо гоолдож, тооны харьцааг нээсэн. Эзэн багаас 54 дэх минутад Манкозу торгуулийн цохилтоос гоолдож, тэнцүүлсэн. Гэвч "Милан"-аас Бонавентура 55, Ребич 57, Рафаэл Леау 72 дахь минутад нэг нэг гоол оруулж, багтаа ялалт авчирчээ.