Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хороо буюу Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн зааланд очиж, саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа тэрбээр "Өнөөдөр ард түмний баярын өдөр. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ ард түмэн эдэлж байна. Хэдийгээр коронавирусийн халдвартай байгаа хэдий ч бид сонгуулиа хийж байгаа. Хэдийгээр цаг үеийн байдал хүнд байгаа ч ард иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэж, УИХ-ын сонгуулиа хийх нь зүйтэй гэж үзсэн. Тиймдээ ч өнөөдөр хуулийн хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгууль амжилттай үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгуульд ард иргэд маш идэвхтэй оролцож байгаа юм байна. Би сая асуулаа, ирц маш өндөр байна гэнэ. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд саналаа өгч байна. 2000 онд төрсөн хүүхэд, залуучууд маань нас биед хүрч, анхныхаа сонгуульд саналаа өгч байгаа. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно гэдэг чинь бид төр улсаа байгуулж байна гэсэн үг. Монголын ард түмэн шударга нийгэмд амьдрахыг хүсэж байгаа. Энэ бол шударга нийгмээ байгуулах үргэлжлэл болж байна. Монголынхоо нийт ард түмэнд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя. Бүх нэр дэвшигч, бие даагчиддаа амжилт хүсье. Сонгууль шударга, хүн бүр идэвхтэй оролцох байх. Ард түмэн идэвхтэй байна.
Иргэд цар тахлын үеийн дэглэмээ сайн барьж байгаа харагдлаа. Бүгдээрээ гараа ариутгаад, нэг удаагийн бээлийгээ өмсөөд, хоорондын зайгаа барьж, үүргээ сайн биелүүлж байна. Сонгууль шударга болох ёстой. Манай ард түмэн үймээн самуун хийе, жагсая тэмцэе гэж бодохгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Өмнөх гашуун түүх давтагдаж болохгүй. Сонгуульдаа шударга л оролцоё гэж уриалж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих