Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт "Ливерпүүл" клуб талбайдаа "Кристал Палас"-ыг хүлээж авч, 4:0-ээр "шүүрдлээ". Ингэснээр 86 оноотой болж, араасаа нэхэж буй "Сити"-гээс 23 оноо тасарлаа.
Тоглолтын 23 дахь минутад Александер-Арнолд гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл Салах 44 дэх минутад нэгийг нэмж, энэ улирлын премьер лигийн 17 дахь гоолоо оруулсан юм. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байна. "Ливерпүүл"-ийн үлдсэн хоёр гоолыг Фабиньо 55, Мане 69 дэх минутад оруулсан. Манегийн хувьд 15 гоолтой болж ирлээ.
Өнөөдөр "Манчестер Сити" клуб "Челси"-гийн талбайд зочилно. Ямар нэг байдлаар оноо алдвал "Ливерпүүл" түрүүлэх болзлоо хангах юм. Харин хожоод гараад ирвэл дараагийн тойрогт аварга баг тодрох эсэх нь шийдэгдэх юм. "Ливерпүүл" 32 дугаар тойрогт "Манчестер Сити"-гийн талбайд зочлох билээ. Магадгүй "Сити"-гийн талбайд цом авах болзлоо хангаж, баяраа тэмдэглэхийг ч үгүйсгэх аргагүй.
Сэтгэгдэл бичих