Английн премьер лигийн 33 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Ливерпүүл" клуб талбайдаа "Астон Вилла"-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 89 оноотой болж, араасаа нэхэж буй "Сити"-гээс 23 оноогоор тасарлаа. Тоглолтын 71 дэх минутад Мане энэ улирлын премьер лигийн 16 дахь гоолоо оруулсан. Тэгвэл 89 дэх минутад 19 настай Англи хагас хамгаалагч Кертис Жонс нэг гоол нэмэрлэж, багтаа ялалт авчирчээ.
Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа "Манчестер Сити" клуб энэ тойрогт "Саутгэмптон"-ы талбайд 1:0-ээр хожигдлоо. Ингэснээр 66 оноотой хэвээр үлдэв. Тэгвэл "Саутгэмптон" 43 оноотойгоор 13 дугаар байр руу орж ирж, унах бүсээс нэлээд холдлоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Адамс 16 дахь минутад оруулжээ.
33 тойргийн дараах байдлаар "Ливерпүүл" 89 оноотой хүснэгтийг тэргүүлж, "Сити" 66-тай удаалж, "Лестер" 58 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тэгвэл "Челси" 57 оноотой дөрөвдүгээрт бичигдэж, Аваргуудын лигт оролцох эрхээ хадгалж байгаа юм. Сүүлийн хэдэн тоглолтдоо тогмол хожсон "Манчестер Юнайтед" клуб 55 оноотой болж, 5 дугаар байр руу орж ирлээ. 3, 4 дүгээр байрт байгаа багууд нэг л бүдрэхэд гүйцэхэд ойрхон байна.
Мэргэн буучийн жагсаалтыг 21 гоолтой Варди тэргүүлж, Обамеянг 19, Ингз 18, Салах 17, Мане 16 гоолтой удаалж байна.
Сэтгэгдэл бичих