"Америкт үерийн усанд унасан охины амь насыг аварсан мундаг хоёр монгол залуудаа баяр хүргэе! 911 дуудсан ч, тэднийг ирэхийг хүлээж цаг алдалгүй, түрүүлж ирсэн нэг цагдаатай хамжилцан аварч чадлаа" гэх мэдээлэл цахим сүлжээнд гэрлийн хурдаар тархаж, тэдний үйлдлийг энэ олон нийт магтан сайшаахын сацуу талархал илэрхийлсээр байна. Бяцхан охиныг үерийн усанд өртөхөөс басхүү нэг бүлийг харуусалд унагахаас аварч чадсан эдгээр залуустай холбогдож, ярилцлаа.
-Цахим орчинд та хоёрыг бяцхан охиныг үерийн уснаас аварсан явдалд талархсан хүмүүс “монгол залуус” хэмээн бахархаж байна. Та хоёр маань өөрсдийгөө уншигчдад маань танилцуулаач?
-Б.Амарбаясгалан: Сайн байцгаана уу. Намайг Баясгалангийн Амарбаясгалан гэдэг. Бид анх АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод гэр бүлээрээ ирсэн. Эхнэр маань өнгөрсөн жил магистраа хамгаалж, мэргэжлээрээ туршлага хуримтлуулах боломжоо ашиглан одоогоор эндээ ажиллаж амьдарч байна.
Б.Дашням: Сайн байна уу? “Family First MGL” нэртэй гэр бүлийн влог хөтөлдөг Билэгт овогтой Дашням байна. Одоогоор Калифорни мужийн Сан Франциско хотод эхнэр, 2 хүүхдийн хамт ажиллаж, амьдарч байна.
-Тухайн үед та бүхэн хаанаас хаа хүрч явав?
-2020 оны 7 сарын 4-ны өдөр. Аяллын 6 дахь өдөр байлаа л даа. Манай 2 гэр бүл АНУ-ын тусгаар тогтносны баярын өдөр Колорадо мужийн Дэнвэр хотоос шууд Өмнөд Дакота муж руу явах маршруттай байсан юм. Гэтэл гэнэт бороо шиврэх үеэр бид хоорондоо тоглоом наргиагаар “Бороо орж байна, Чикаго явах уу. Тэгээд дараа нь Нигара хүрхрээ үзчихээд буцах уу” гээд л утгагүй наргиан хийж байгаад гэнэт Чикаго хотын зүг хөдөлцгөөсөн юм. 2020 оны 7-р сарын 8-ны өдөр. Бидний аяллын 10 дахь өдөр байсан. Төлөвлөгөө ёсоор бол Нью-Йорк мужид оршдог Нигара хүрхрээ рүү замд гарах ёстой байсан ч тухайн өдрийн өглөөнөөс хойш л тийш явах нь бүтэхгүй байсан. Калифорни мужийн харъяалалтай бид хэрэв Нью-Йорк муж руу орвол тэндээ 14 хоног сайн дураар өөрсдийгөө карентилах шаардлагатай болох байсан. Тэгээд л тухайн мужийн дүрмийг даган, Нигара хүрхрээг хажууханд нь оччихоод үзэх боломжгүй болсон бид "GUYAHOGA" National Park-д оршдог нэгэн хүрхрээг үзэхээр шийдээд энэ явдалтай таарсан юм.
-Бичлэг дээрээс харахад голын урсац маш хүчтэй харагдсан. Охиныг хэрхэн аварсан бэ?
-Биднийг Narional Park -руу орох үед гэнэт хүчтэй бороо асгарч эхэлсэн. Хүрхрээ рүү очих жимийн эхэнд машинаа зогсоолд тавих үед гол хэвийн урсаж байснаа машинаас буух үед (бараг л 1 минутын дотор) эргээд хартал улаанаараа эргэлдсэн үер буусан байсан.
Эхэндээ үер буучихжээ ч гэж бодолгүй бид Хүрхрээрүү жимээ даган алхаж байхдаа гэнэт эмэгтэй хүний орилох чимээ сонссон. Очоод хартал үерлэсэн голын нэг талд эмэгтэй хүн хоёр жаахан хүүхэдтэйгээ, нөгөө талд нь нэг жаахан охин гишгих ч газаргүй хаднаас зүүгдсэн байдалтай байсан. Бороо орсоор байсан тул, дахиад хэдхэн минут энэ байдал үргэлжилсэн бол үерийн усны түвшин нэмэгдэж охин усанд урсах боломжтой байлаа.
Эхнэрүүд маань 911-т дуудлага өгч, бид хоёр шууд л уртхан, барьцтай мод хайж эхэлсэн. Би үлдэж, Дашням машинруугаа олс авч ирэхээр гүйсэн. Машинд байсан олс хэт нарийн санагдсан ч яг тэр үед эхний цагдаа ирж таарсан тул цагдаатайгаа гурвуулаа цагдаагийнхаа авчирсан бүдүүхэн олсоор татаж гаргахаар арга зам хайж эхэлсэн. Охин өөрөө овсгоотой байж олсоороо өөрийгөө сайн бэхэлж чадсан учир бид амжилттай уснаас гаргаж чадсан. Яг тэр үед Аврах баг ирсэн. Энэ хөөрхөн охинд тусал гээд цаанаасаа Нигара Хүрхрээ үзэх маань бүтэхгүй байсан ч юм шиг санагдсан шүү.
-Охин яагаад үерийн усанд өртөж, голд орсон талаар мэдээлэл бий юу?
-Үер гэдэг чинь нүд ирмэхийн зуур болдог зүйл юм байна. Охин үер буухаас өмнө голын усанд тоглож байгаад , нүд ирмэхийн зуур үерлэж эхлэхэд сандарч, ээж болон ах дүүгээсээ салж үерийн нөгөө талд зүүгдэж тогтсон юм билээ. Уншиж байгаа хүмүүс маань эндээс сургамж аваасай гэж хүсэж байна.
-Тухай үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Б.Амарбаясгалан: Яг тухайн үед толгой дотор юу ч орж ирдэггүй юм билээ.
Өөрсдөө тийм ч сайн сэлж чаддаггүй болохоор эмээж л байлаа. Гэхдээ хүний эцэг болсон хүн чинь тэр жоохон охиныг уйлаад орилоод тусламж гуйж байхыг үзээд яагаад ч зүгээр хараад зогсоод байж чадаагүй ээ.
Сошиал дээр ингэж олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Эхнэр маань сэтгэл нь хөдөлж болсон явдлаа өөрийн хуудаснаа байршуулсан байсан. Бид хөдөө замд явж байгаа болохоор сүлжээ орж гараад юу ч анзаараагүй. Гэнэт олон хүнээс сэтгэгдэл, найзын хүсэлт ирээд одоо л нэг зөв зүйл хийсэн дээ баярлах ухаантайгаа болж байна.
-Б.Дашням: Охиныг аврахаас өмнө дотроо маш их айдастай байсан. Эрэггүй учир охин дээр алхаад очих боломж байхгүй. Бид 2 бараг л сэлж чадахгүй, бас урсгал ус доош жаахан урсаад л хүрхрээ болж доош цутгадаг учир үерлэсэн усруу орох ч боломж байхгүй. Тийм болохоор хөл гишгиж болох хамгийн боломжтой доод хэсэгт очиж, дээрээс нь ямар нэг зүйлээр татахаас өөр аргагүй байсан. Машинд маань олс байсан ч хэт нарийн санагдсан. Ашгүй нэг цагдаа бидэн дээр бүдүүн олстой ирснээр охиныг дээш татаж гаргахаар болсон юм.
Түүнийг анзаарахын хажуугаар тэр охиноор маш их бахархсан. Тэр олсыг яаж уясан байсан гэж санана. Маш сайн тайлагдахааргүй уяж чадсан байсан. Тэрнээс хойшоо би өөрөө бараг шоконд орчихсон. Бас маш их ядарснаа мэдэрсэн. Сүлжээ орж гараад, зам дээр машин бариад явж байгаа болохоор сошиалд яг юу болсныг бүрэн анзаараагүй л явна. Маш олон хүнээс талархал урмын үг сонслоо. Тэр хөөрхөн охиныг аварч чадсандаа өөрсдөөрөө ч бахархаж байна.
-Аварсан хүүхдийн гэр бүлийн зүгээс та бүхэнд хандаж талархал илэрхийлсэн байх?
-Охины гэр бүл АНУ-ын тусгаар тогтнолын баяраар хамаатнаа зорьж бидний байсан хотод ирсэн байж. Тэд хэлэхдээ "Та нар байгаагүй бол юу болохыг хэлж мэдэхгүй юм. Үнэхээр хэмжээлшгүй их баярлалаа. Хэрвээ бидний амьдардаг Нью-Йорк муж улсад ирвэл, хэзээ ч хамаагүй заавал мэдэгдээрэй, сайхан хүлээж авах болно оо" гээд дугаараа солилцгоосон.
-Та хоёрыг тамирчин хүн гэсэн байсан. Магадгүй охиныг аврахад тамирчин хүний чадвар тодорхой хэмжээнд нөлөөлөв үү?
-Тийм ээ, бид 2 хоёулаа хөл бөмбөгийн спортын мастер. Гэхдээ энд ирснээс хойш бараг тоглоогүй. Магадгүй багаасаа спортоор хичээллэж ирсэн маань үүнд тодорхой хэмжээнд нөлөөлж хурдан шаламгай, авхаалжтай байхад нэмэр болсон байх.
-Та бүхэн аялаж яваа юм байна шүү дээ. АНУ-д коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа талаар мэдээлсээр байна. Яагаад заавал ийм эрсдэлтэй үед аялал эхлүүлэх болов?
-Б.Амарбаясгалан: АНУ-ын хэд хэдэн мужуудад халдварын тархалт өндөр байгаа. Хамгийн их тархсан мужууд Нью-Йорк, Флорида мөн бидний амьдардаг Калифорни зэрэг орж байна. Анх аялах болсон шалтгаан нь эхнэрийн ажил карентилагдаж мөн энэ хямралын үед түрээсийн байраа илүү хямдаар солихоор хайж эхэлсэн. Тэгээд хүүхэдтэй учраас тэр бүр хямд байр олдохгүй машиндаа хэд хоног өнгөрөөх шаардлагатай болчихсон. Тэгэхээр нь хүндрэлийг боломж болгож зугаатай өнгөрөөхөөр аялалд гарах санаа төрсөн юм. Ингэж бид аялалдаа гарч аль болох олон хүнтэй хотуудаар явахаас илүүтэйгээр байгалийн үзэсгэлэнт газраар, хүний хөлнөөс холуур, өөрсдийнхөө машинаа унаж, өөрсдийнхөө майханд хонож агаар салхинд гарч явна.
- АНУ-д цар тахлын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Б.Дашням: Цар тахал АНУ-д хурдацтай өссөн шалтгаан нь анх өөрсдийгөө болон бусдыг хамгаалж маск зүүхийг урьтал болгохгүй, харин ч маск зүүж байсан хүмүүсийг халдвар авсан байж болзошгүй гэж цэрвэх хандлагатай байсантай нь холбоотой байх. Одоо бол бүх хүмүүсийг олон нийтийн газраар заавал масктай явахыг шаардаж, мөн 6 фитээс ойрхон бие биедээ ойртож болохгүйг сануулж байгаа.
Б.Амарбаясгалан: Харин бидний мэдэж байгаагаар ямар нэгэн шалтгаанаар түр зуур ирсэн бараг 2000 орчим монголчууд энд гацсан байгаа юм билээ, эх оронруугаа буцаж чадахгүй байгаа тэдэнд маань л тун хүнд тусч байгаа болов уу.
-Ярилцсанд баярлалаа.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Өө браво эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан мундаг залуучууд ийм залуусаа монголдоо авчраач муусайн тэнэгүүдээ хамаг сорууд нь тэнэг төрийхөө мулгуу бодлогоос болоод гадаадад дүрвэн зугатаасан байна.Миний дүү нар эх орондоо ираа
Mash sain bna
Монгол хүүхдүүдэд усан бассейн хэрэгтэй байна.Хүүхдүүд живж үхэх нь төрийн буруу.томчуул живбэл 50%
Бусдад тус хүргэсэн мундаг залуус байна. Та бүхэнд аз жаргал хүсье.
Mongol zaluus delhiig awarna ta 2hunii ami awaraad zogsohgui Mongolian neriig gargalaa ta 2iin ger buld az jargal eruul enhiig husii
сэтгэл хөдлөм юм. мундаг шүү
mundag cain mongol zaluuchuud baina daa iim mongol erchyyd ene mongold xeregtei
mundag
ta 2 baharhaj bna
иргэнийхээ үүргийг биелүүлсэн мундаг залуустаа амьдралд нь аз жаргал хүсье