Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн зарим тоглолтууд боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Ливерпүүл" клуб "Брайтон"-ы талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 92 оноотой болж, Европын топ-5 лигт 90 онооны босго давсан энэ улирлын цор ганц баг болоод байна.
Энэ тоглолтод "Ливерпүүл"-ээс Салах 6, 76 дахь минутад дубль хийж, энэ улирлын 19 дэх гоолоо премьер лигт орууллаа. Тэрбээр мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байна. Тэгвэл нэг гоолыг нь 8 дахь минутад Хендерсон оруулсан. Талбайн эздээс нэр төрийн ганц гоолыг Троссард 45 дахь минутад оруулжээ.
"Ливерпүүл" үлдсэн 4 тойрогт бүгдэд нь хожиж чадвал 104 оноотой түрүүлж, рекорд тогтоох боломжтой байна. 35 дугаар тойрогт талбайдаа "Бөрнли"-г хүлээж авах бол, 36 дугаар тойрогт "Арсенал"-ын талбайд зочлох учиртай. Энэ тоглолтоос оноо алдах магадлал байж болно. 37 дугаар тойрогт "Челси"-г талбайдаа хүлээж авч, хүндхэн тоглолт хийнэ. 38 дугаар тойрогт "Нью Касл"-ын талбайд зочлох юм.
Сэтгэгдэл бичих