НОБГ-аас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Маргааш Төв аймгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар их хэмжээний бороо орно. Өнөөдөр болон маргаашдаа төв болон баруун аймгуудын нутгаар усархаг бороо орно. 11,12-нд зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Иймд ард иргэд маань мэргэжлийн байгууллагаас өгч буй цаг агаарын мэдээллийг тогтмол авч, ажил амралтаа зохицуулах шаардлагатай байна. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэй. Мөн хөдөө орон нутаг зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, баталгаатай зам гарцаар зорчих хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Одоогийн байдлаар Төв аймгийн ихэнх нутгаар усархаг бороо орж, хүндэрч болзошгүй байна. Төв аймгийн Лүн сумын нутгийн замын зорчих хэсэгт үерийн усанд автсан байгаа тул замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Иймд ард иргэд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, баяр наадмын амралтын өдрүүдээр гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл бичих