Урлагийн салбарт 10 гаруй жил тууштай зүтгэж, уран бүтээл бүрээрээ өөр өөр өнгө аясыг гаргаж чаддаг уран бүтээлч бол Улсын филармоны гоцлол дуучин Л.Насанбуян. Магтаал сайшаал, зэмлэл магтаал дунд түүний уран бүтээлийн зам урагшилдаг гэхэд хилсдэхгүй биз ээ. Түүнтэй сүүлийн үеийн уран бүтээл болон олон сонирхолтой сэдвийн хүрээнд цөөн хором ярилцлаа.
-Цар тахал гарснаас хойш уран бүтээлчдийн хувьд тайзан дээр гараагүй урт хугацаа болж байна. Таны хувьд сүүлд “Анхны хайр” дууг сэргээн дуулсан байсан. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа уншигчидтай маань хуваалцаач?
-Ковид 19 гарснаас дэлхий нийтээр бизнесийн салбар, урлагийн салбарт хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн үе болж байна. Би 2019 онд хэд хэдэн дуун дээр ажиллаж байсан. Өмнөх онд “Мартагдашгүй намар” киноны дуу болох “Анхны хайр” дууг шинэчлэн найруулж дуулахаар хоолой бичлэгтээ орчихсон байсан. Оны эхний хагаст “Анхны хайр” уран бүтээлээ клипжүүлж цацсан. Удахгүй хип хоп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг залуутай хамтарсан дуугаа цацахаар ажиллаж байна. Энэ удаад дахин өөр Насанбуянг харуулсан уран бүтээлийг гаргах болно.
Мэдээж дараа дараагийн уран бүтээлүүдээ гаргахаар зорьж байна. Дуучин С.Гантогоо найзтайгаа хамтран дуулсан дуэт уран бүтээл маань хүмүүст маш сайн хүрсэн. Энд тэнд уригдаж очиж дуулах үед дахин шинэ дуэт уран бүтээлээ гаргахыг хүссэн. Иймдээ ч дахин шинэхэн дуэт уран бүтээлээрээ сонсогч олондоо бэлэг барих ёстой гэж бодсон учраас удахгүй Айзам хамтлагийн “Хайрын дууг минь сонсооч” гэх хуучны сайхан дууг шинэчлэн найруулж дууллаа. Дууныхаа зөвшөөрлийг аваад хоолой бичлэгтээ орсон. Ер нь цар тахал гээд хойшоо сууж, уран бүтээлээ тасалдуулахыг хүссэнгүй. Хэдийгээр ковид гарснаас хүн бүрийн ажлыг цалгардуулж, хойш нь татаж байгаа мэт боловч хэрвээ цаашид ийм байдал давтагдвал түүнийг хэрхэн даван туулах, яаж амьдрах ёстой гэх мэт маш олон зүйлсийг ухааруулж, зарим хүмүүсийг гэр бүлтэйгээ илүү ойр байх цаг хугацааг гаргаж өгч байна.
-Ард түмний сэтгэлд хэдийнээ хоногшсон дууг дахин амилуулж, шинэ хувилбарыг нь төрүүлэхэд уран бүтээлчээс маш их хөдөлмөр, цаг зав, ур чадварыг шаарддаг нь лавтай?
-40 гаруй жилийн өмнөөс Монголын ард түмний сэтгэлд зүрхэнд “Мартагдашгүй намар” киноны дуугаар хоногшсон уран бүтээлийг дахин шинээр амилуулж, хүмүүст хүргэж дуулахын тулд маш их ажиллах шаардлагатай болсон. Тухайн дууг зөвхөн дуулаад өнгөрөх хэрэг биш шүү дээ. Харин тухайн дуугаа судална, мөн чанарыг нь ойлгохоос авхуулаад ажиллагаа их. Ер нь Монголын гэлтгүй дэлхийн алдартай дуучид ч хуучны уран бүтээлийг сэргээж, этник болон орчин үеийн хэлбэрт дахин сэргээн дуулж ард түмэнд хүргэнэ гэдэг бол артист хүнд өөрийгөө дахин шинээр нээж харуулах нэг том боломж гэж хардаг. Манай уран бүтээлчид ч сүүлийн үед хуучны сайхан уран бүтээлүүдийг сэргээн дуулж, ард түмэнд хүргэсээр байна. Уран бүтээлч бүхний урын санд дахин амьдруулсан хуучны сайхан дуунууд байх ёстой гэж бодсон учраас “Анхны хайр” уран бүтээлийг сэргээн дууллаа.
-Улсын филармонд хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ. Мэргэжлийн төвшний урлагийн байгууллагад анх ороход босго өндөр байсан байх?
-2009 онд СУИС-ыг дөнгөж төгсөж туршлага нимгэн байх үедээ улсын филармонд дагалдан дуучнаар ажиллаж эхэлсэн. Магадгүй бүхэл бүтэн оркестра хөгжимтэй дуулна гэхээс зүрх зориг хүрэхгүй, эмээх сэтгэлзүй дотор давамгайлсан байсан болов уу. Туршилтын хугацаа маань ч дуусаж 2011 оны нэгдүгээр сараас эхлэн улсын филармоны гоцлол дуучнаар албан ёсоор ажиллаж эхэлсэн. СУИС-ыг төгссөн хэдий ч тэр бүр мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллана гэдэг хэн хүнд олдоод байхгүй боломж. Хүн бүр л өөр өөрийн гэсэн амьдралын замаар урагшилдаг. Магадгүй энэ байгууллагад орсон нь миний хувьд амьдралын минь нэг хэсэг, алхах ёстой зам байсан гэж ойлгодог. Би СУИС-ыг төгсөх тайлан тоглолтоо улсын филармоны тайзан дээр хийж байлаа. Тухайн үедээ филармоны дуучин болно гэж санаанд ч бууж байгаагүй үе. Мэргэжлийн урлагийн байгууллагад дуулна гэдэг нэг талаараа маш том хариуцлага байдаг. Чөлөөт болон байгууллагад ажилладаг уран бүтээлчдийн хооронд асар том ялгаа бий. Учир нь нэг уран бүтээлийг хүргэхийн тулд маш олон хүнээс бүрдсэн баг ажилладаг. Оркестртай дуулахад хөгжимчдийнхөө ажлыг тасалдуулах, өөрийн хийх зүйлээ бүрэн хийж чадалгүй алдах эрх бидэнд байдаггүй.
-Таныг Соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм хүндтэй цолоос гадна Монголын урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан поп хатагтай Б.Сарантуяагийн цор ганц шавь гэх тодотгол дагадаг. Багштайгаа анх хэрхэн танилцаж, багш шавийн барилдлагатай болсон талаар түүхээсээ хуваалцаач?
- 2007 онд “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд оролцож, шилдэг 15-д шалгарсан байх үед дуучин Сарантуяа эгч маань зочин шүүгчээр бид нартай уулзалт хийж байсан. Багш маань ч битүүхэндээ намайг дэмжиж, ажиглаж явсан юм билээ. Финалын тоглолтын тайзны ард сандарч зогсох үед Сараа багш маань надад маш сайхан урмын үг хэлж байсан юм. Би чинь багаасаа л Сараа эгчийн дууг сонсож, шүтэж өссөн. Тэр байтугай дуунуудынх нь үгийг нэг бүрчлэн шинэ дэвтэр дээр бичиж, сурахын хажуугаар дагаж дуулдаг байлаа. Миний хувьд шүтээн болсон уран бүтээлч шүү дээ. Шүтээн болсон дуучнаасаа илүү сайн хичээвэл ирээдүйтэй дуучин болно гэх үгийг сонсоод маш том урам авсан. Тэгээд л багшийн утасны дугаарыг авч, их ч залгаж, мессэж бичсэн дээ. Багш ч намайг хэр тууштай хүүхэд вэ гэдгийг харахын тулд удаан хугацаанд шалгасан юм билээ. Тэгээд л 2007 онд Сараа эгч маань “Хайрламаар” аялан тоглолтоо монгол орон даяар хийх гэж байхдаа надад боломж олгосон. Багшийнхаа тоглолтод нь хамт явж, маш олон зүйлийг нүдээр харж сурч авна гэдэг оюутан хүнд олдошгүй боломж байлаа. Өнөөдрийг хүртэл багшийнхаа 70 гаруй тоглолтод нь хамт дуулж, back дуучин, туслах гэх мэт бүх л ажилд нь тусалж, заримдаа найзууд шиг ярилцаад суух ч үе байдаг.
-Багшийн зүгээс өөрт тань хамгийн их захидаг зүйл юу вэ?
-Багшийн зүгээс дуулалт техник ур чадварын хувьд зааж зөвлөдөг зүйл их. Гэхдээ цаанаасаа цаг хугацаа нь болоогүй учраас би одоо ч суралцаж басхүү хичээж л явна. Хүн хүний амжилтад хүрэх ёстой цаг хугацаа нь өөр өөр байдаг болов уу. Миний хувьд өөрийн хүсэж сонгосон мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас дуулах мөч бүрээсээ аз жаргалыг мэдэрч чаддаг. Багш маань өөрөө ч маш хөдөлмөрч хүн. Тиймдээ ч амархан зүйлд хууртаж болохгүйг их сануулдаг. Байшингийн суурь нь бат бөх тавигдах тусам сайн, чанартай барилга босно. Түүнтэй адилаар өөрийгөө маш сайн бэлдэж, хатуу самар байх ёстой гэж сургадаг даа. /инээв/
-Сайн уран бүтээл төрүүлэхэд уран бүтээлч хүнд ташуур болж өгдөг зүйл бий байх. Таны хувьд?
-Хүний хэлсэн магтаал, сайшаалын үгээс илүүтэй миний уналт надад илүү ташуур болж өгдөг юм шиг санагддаг. Магадгүй хийсэн алдаа, унасан уналт бүрээсээ сургамж авч, цаашид өмнө гаргасан алдаагаа давтахгүй, харин ч засахын төлөө хичээж явдаг.
Хурдан, удаан байх хамаагүй. Гол нь зогсолтгүйгээр урагшлах нь чухал
-Багаасаа урлагт хайртай хүүхэд байсан гэж сонссон?
-Тийм шүү. Би чинь багаасаа л урлагт хайртай, дуртай хүүхэд байлаа. Монголд ганцхан тодотголтой Баянхонгор аймгийн “Тэмүүжин” хүүхдийн театрт маш олон дугуйлан хичээллэдэг байлаа. Би драмын дугуйланд явж, Уильяам Шекспирийн “Ромъео Жульетта” жүжгийн Жульеттагийн монлог уншиж, тэмцээнд хүртэл орж явсан. Тухайн үедээ тийм амжилттай биш гэсэн нэг талаараа надад маш том сургамж, басхүү урлагийн хүн болох суурийг тавьж өгсөн гэж боддог. Аав ээж хоёр маань охиноо сайхан дуучин болгон гэж багаас маань их дэмжсэн. Манай эгч хүртэл миний үс гэзгийг янзалхаас авахуулаад дуу бэлдүүлэх, бүжиг давтуулна гээд л бүх зүйл дээр дэмжиж тусалдаг байсан.
-Дуучин Л.Насанбуян хувь хүнийхээ хувьд бусдаас ирэх сөрөг сэтгэгдэл, хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Анх эмзэглэж, хүндээр тусгаж авдаг байсан. Одоо ч дасчихаж дээ. Гэхдээ хүмүүс ганц урлагийн хүнийг ч гэлтгүй бусад хүний амьдралыг ч өнгөцхөн дүгнэдэг юм шиг санагддаг. Мэдэхгүй хэрнээ нүдээр харж үзсэн мэт муухайгаар хэлэх, доромжлох хандлага гаргах нь сошиал орчинд хэвийн зүйл мэтээр харагдах болсон. Үгээр хүнийг үхүүлж ч болно гэдэг дээ. Хэдийгээр сошиал орчин хөгжил дэвшлийн нэг хэсэг мөн боловч хүмүүс аливаа хэлэх үг бүртээ хянуур хандах хэрэгтэй байх.
-Та өөрийгөө их сорих дуртай юм шиг санагддаг. Маш олон шоу уралдаанд оролцож өөрийгөө сорьсон байна шүү дээ. Сүүлд л гэхэд Voice of Mongolia шоуны тайзан дээр хүч үзсэн?
-Би оюутан байхаасаа зоригтой, уралдаан тэмцээнд их ордог хүүхэд байлаа. Анх Баянхонгор аймгаас юугаа ч мэдэхгүй охин хотод орж ирж байсан. Тухайн үед миний орсон хамгийн анхны тэмцээн нь “Оддын эрэлд” гэх телевизийн реалити шоу байсан. Анх дуучин болох дэврүүн хүсэл эрмэлзлээрээ өөрийгөө сориод үзье гэж бодож орсон. Алдсан ч гэсэн надад хамаагүй. Учир нь би энэ тэмцээнд ордог байж дээ гэж сүүлд нь харамсаж суухын оронд өөрийгөө сорьж, алдаж, онох нь надад илүү их туршлага, ташуур болж өгөх юм болов уу гэж боддог. Тийм ч учраас аливаа уралдаан тэмцээнээс айхгүйгээр өөрийгөө сорьдог. Монголд Voice шоу зохион байгуулагдана гэж бодож ч байгаагүй. Бусад орны Voice шоуг үзээд орж үзэх юм сан гэсэн бодол төрдөг байлаа. Америкт байхдаа Voice шоунд оролцъё гэж бодсон боловч зургаан сараас дээш хугацаанд амьдарсан, аль эсвэл суралцдаг байж гадаадын оролцогчдын тоонд орж бүртгүүлдэг учраас орж чадаагүй. Орох юм сан гэсэн мөрөөдлөө л биелүүлсэн. Voice шоу намайг илүү хичээх, аливаа зүйлийн наана цаадахыг ойлгож ухаарахад нөлөөлж, ташуур болсон л гэж хардаг.
-Нэг уран бүтээл дээр хэдий хэр хугацааг зарцуулдаг вэ?
-Янз бүр. Зарим уран бүтээл богино хугацаанд хийсэн мөртлөө хүмүүст хүрч чадах нь ч бий. Аялгуу, хөгжим, найруулга нь таарсан тохиолдолд дуу богино хугацаанд төрдөг. Цаг хугацаа нь болоогүй мэт бага багаар ажил урагшлах үе ч бий. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө урагшлахад хурдан, удаан нь хамаагүй. Гол нь зогсолтгүйгээр урагшлах нь чухал гэдэг дээ.
-Урлагийн хүнд гэр бүлдээ гаргах цаг зав хомс гэлцдэг. Таны хувьд гэр бүлдээ, охиндоо хэр их цаг зарцуулж чаддаг вэ?
-Би чинь гэр бүл ч тэр, ажил дээрээ ч их хариуцлагатай байхыг өөрөөсөө шаарддаг. Өөрийгөө маш сайн ээж байх ёстой гэж боддог. Аав, ээж болно гэдэг бол энэ хорвоо дээр мэдэрч болох хамгийн том гайхамшиг. Хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг бүр ч их хариуцлага. Өөрөө ээж болсон хойноо л ээжийнхээ, эмэгтэй хүний зовлон, жаргалыг мэдэрсэн. Охиныгоо эх орныхоо төлөө их том зүйлийг хийж бүтээсэн хүн болдоггүй юм аа гэхэд зөв хүн болж хүмүүжүүлэх юм сан гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Yu gesen ug yum boldoo. Chi nasaaraa nyagtlan hiih gee yu odoo boljj uz geed bval bi odoo duuchin bolohoos.
yag yamar duu duulaad bdag hun yum bol oo
Багшаа буруу сонгосон юм, сараа бол чадвар муутай, бас дуулаачаар сургуулиа төгсөөгүй, мэргэжлийн дуулаачийн багштай болоо, сүүлийн дуунууд их гоё бгаа, амжилт хүсье, их гоё эмэгтэй, хүчтэй бгаарай, багшаа соль гууя
Насаараа дуулах гэсэн юм уу одоо болих хэрэгтэй.
Анхны хайр дууг гутаасан байна лээ
Amjilt hvsie chi chadna dvv min