Хүүхэд бүр мэргэжлийн бүжигчин болох албагүй. Харин урлагаар дамжуулан гоо зүй, ёс суртахууны өндөр хүмүүжлийг олж авах нь чухал хэмээдэг. Иймдээ ч сүүлийн үед бүжгийн урлаг тэр дундаа балетаар хичээллэх хүүхэд залуус нэмэгдсэн. Харин 25 насандаа өөрийн сургалтын төвийг ажиллуулж, хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчдэд балетийн урлагийг зааж сургахаар сэтгэл шулуудан ажиллаж буй бүсгүйг урьж ярилцлаа.
-Сайн байна уу. Юун түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Батсуурийн Оюундэлгэр гэдэг. 2007-2012 оны хооронд бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Одоогоор “Аurora balet” сургалтын төвийн захирал, балетийн багшаар ажилладаг.
-Бүжгийн урлагтай амьдралаа хэдийнээс холбов?
-Манай садан дунд хоёр бүжигчин бий. Тэднийг манай гэрт ирэх үед би бүжигчин болмоор байна, надад бүжиг заагаад өгөөч гээд л гуйгаад зогсчихдог байсан гэж аав ээж маань ярьдаг юм. Гуравдугаар ангид байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт орохоор бэлдэж байх үед бүжгийн хамтлагаасаа намайг хасчихсан. Тэгэхэд нь гэртээ ирээд хоёр хоног уйлж байснаа сайн санаж байна. Миний бүжигчин болох хүслийг ээж маань тэр үед мэдэрсэн юм болов уу гэж боддог. Учир нь тэр үйл явдлын дараахан ээж маань намайг Увс аймгийн хүүхдийн ордонд н.Олзвой багшид шавь оруулснаар тасралтгүй дөрвөн жилийн хугацаанд бүжгийн дугуйланд явсан.
12 настайдаа Завхан аймгийн хөгжим бүжгийн сургуульд суралцахаар явсан. Гэрээсээ сар ч холдож үзээгүй би анх удаа удаан хугацаагаар холдож үзсэн минь тэр байлаа. Анх оймсоо ч угааж чадахгүй жаахан охин очиж байснаа санадаг. Гэхдээ тэр үед бүтээсэн сайхан дурсамжууд одоо ч сэтгэлд тод байдаг.
Гэхдээ багаасаа бүжигчин мэргэжлийг эзэмших гэж шаргуу хичээж, өөрийгөө бэлдсэнийхээ үр дүнг одоо багахан ч гэсэн амсаж байна гэж боддог.
-Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?
-Аавыг маань Ц.Батсуурь гэдэг. Харин ээжийг маань Энхжаргал гэдэг. Аав, ээж хоёр маань хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий. Одоо төрөлх Увс аймагтаа ажиллаж, амьдардаг. Би айлын том охин. Хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй. Том эрэгтэй дүү маань бас л урлагтай амьдралаа холбосон хөгжимчин мэргэжилтэй. Харин охин дүү маань сэтгүүлчээр суралцдаг.
-Айлын том хүүхдүүд дүү нартаа үлгэр жишээ нь болж явдаг гэдэг. Та дүү нартаа хэр үлгэр дууриалалтай яваа гэж дүгнэдэг вэ?
-Би чинь айлын том охин хэрнээ бага нь юм шиг л байдаг. Аав, ээждээ их эрхэлдэг нь багаасаа гэрээсээ холдсонтой холбоотой ч юм шиг санагддаг. Нэг удаа намайг хайрлахгүй байна гэж аав ээждээ гомдоллож байсан юм. Тэгэхэд аав, ээж хоёр маань намайг гэр бүлдээ хамгийн анхны охин болж төрсөн учраас дүү нараасаа ч илүү хайрыг амсаж яваа гэж хэлж байсан. Дүү нараасаа насны зөрүү бага учраас дэрсхэн өссөн. Тиймдээ ч үе тэнгийн юм шиг хоорондоо ярилцаж, бие биедээ зөвлөгөө өгч, үлгэр дууриалал болж явдаг гэж боддог.
-Таныг монгол бүжгийн ангийг дүүргэсэн гэж сонссон. Гэхдээ яагаад монгол бүжгээр төгссөн мөртлөө сонгодог бүжиг заах шийдвэрийг гаргасан юм бэ?
-Анх очихдоо монгол бүжгийн ангийг сонгож суралцсан. Одоо бодоход тэр үед сонгодог бүжгийн ангид суралцах байж дээ гэсэн битүүхэн харамсал хааяа хааяа төрдөг. Гэхдээ сонгодог бүжгийн ангид суралцаагүй хэдий ч багш нар маань орос школлоор, сонгодог бүжгийн суурийг бидэнд сайн тавьж өгсөн. Аль ч төрлийн бүжгийн гол суурь нь сонгодог бүжиг байдаг. Би хөгжим бүжгийн сургуульд сурч байх үед монгол бүжгийн анги мөртлөө сонгодог бүжгийн хичээл монгол бүжгийн хичээлээсээ илүү цаг ордог байсан. Монгол бүжиг, сонгодог бүжгийг зааж, хооронд нь хувьсаж ажиллана гэдэг бол хувь хүний сонирхол, хичээл зүтгэлээс л шалтгаалах зүйл гэж боддог. Монгол бүжгийн бүжигчин сонгодог бүжиг зааж болохгүй гэсэн өрөөсгөл ойлголт олон нийтийн дунд их. Харин би энэ ойлголтын эсрэг байр суурьтай явдаг. Учир нь бүжигчин хүн бүр сонгодог бүжгийн хичээлүүд үзэж, сууриа тавьсан байдаг. Бүжигчин хүн аль ч төрөл рүү хувьсаж бүжиглэх чадвартай байдаг нь ч үүнтэй холбоотой.
-Сургуулиа төгссөний дараагаар хүнд мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзэл хамгийн өндөр байдаг. Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?
-2012 онд сургуулиа төгсөөд Увс аймгийн хөгжимт бүжгийн театрт бүжигчнээр ажиллаж байгаад 2014 онд Дархан-уул аймгийн Залуус театрт ажилласан. 2016 оноос хотод ирж, гадагшаа явж мэргэжлээрээ ажилласан. Монголд эргэж ирээд хувиараа бүжгийн багшаар хэсэг ажиллаж байгаад өөрийнх сургалтын төвөө ажиллуулж эхэлсэн.
-Бүжиглээд явахаас хүүхдүүдэд багшилж эхлэх мэдрэмж ямар байсан бэ?
-Би өөрийгөө хэзээ ч багш болно гэж бодож яваагүй. 2016 оны аравдугаар сард анх багшилж эхэлсэн. Урьд өмнө нь бүжиглэж байснаас бүжгээ хүнд тайлбарлаж, зааж үзээгүй би юуг хаанаас нь эхлүүлж заахаа мэдэхгүй сандарч байсан. Түүнээс хойш хэдэн сар мэргэжлээрээ багшлаад ирэхэд тодорхой чигээ мэдэж авсан. Багш хүнд зөвхөн хичээлээ заах бус хааяа эмч, сэтгэл зүйч ч болох шаардлага тулгардаг юм билээ.
-Хүн хэзээ ч мэргэжилдээ сэтгэл ханадаггүй. Бусдад багшилхын тулд өөрөө ч бас илүү суралцах, хөгжүүлэх шаардлага гардаг байх?
-Ямар ч мэргэжлийг хүн бүрэн төгс эзэмшинэ гэж байдаггүй. Хүн насан туршдаа суралцдаг. Би ч одоо суралцсаар л яваа. Заах гэж байгаа зүйлээ би өөрөө эхлээд маш сайн мэдэж, ойлгосон байх хэрэгтэй. Багшлахын тулд өдөр бүр суралцана. Мөн багш нарынхаа зааж байсан зүйлийг эргээд маш их санагалздаг. Мөн хүн өөрийн сурсан зүйлээ бусдад зааж өгөхөд илүү мэдлэгээ бататгаж чаддаг.
“Балетаар хичээллэх нь гоо зүй, бие бялдар талаасаа ч өв тэгш өсөж хүмүүжих боломжийг олгодог”
-Сургалтын төвөө анх хэрхэн байгуулж байсан бэ, залуу хүн учраас зориглоод хийсэн алхам байв уу?
-Би өөрийгөө амжилттай яваа гэж хэлэх дургүй. Би өөрийн хийх ёстой ажлаа л хийж яваа. Ийм залуудаа сургалтын төв ажиллуулаад, хажуугаар нь багшлаад явааг минь хүмүүс өнгөцхөн талаасаа сайхан харагдах боловч түүний цаана ямар их хичээл зүтгэл, бэрхшээл, үүрэг хариуцлага байдгийг олж хардаггүй. Анх сургалтын төвөө нээж байхдаа багш, үйлчлэгч, нягтлан, удирдах ажилтан гээд л бүхий л ажлаа өөрөө хийдэг байсан. Нэг удаа ажилчдынхаа цалинг тавьж, түрээсийн мөнгөө өгчихөөд баяр болж байхад ямар ч мөнгөгүй сууж байсан үе бий. Тэр үед ажилчдынхаа цалинг тасалдуулж болохгүй гэдэг нь л надад чухал байсан.
Анх сургалтын төвөө байгуулж байснаа бодоход хоёр салбартай болж өргөжиж, олон хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлж яваадаа баярладаг. Сүүлийн үед маш олон сургалтын төвүүд байгуулагдах болсон. Хүмүүс сургалтын төв гэхээр бизнес гэдэг талаас нь илүүтэй хардаг.
-Сүүлийн үед сургалтын төвүүд ихээр байгуулагдах болсон. Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?
-Сургалтын төвүүд хоорондоо өрсөлдөх байдал ажиглагддаг. Миний ажилдаа баримталдаг нэг зарчим бол бусадтай өрсөлдөх бус өөрөө өөртэйгөө өрсөлдөх хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл, нэг цагийн хугацаанд би хүүхдэд хичээл орохдоо зүгээр л цаг нөхцөөх төдий бус чанартай сайн ойлгуулж, тултал нь зааж өгөх хэрэгтэй. Шавь нартаа хандаж “ Хэзээ ч бүү өөрийгөө хуур” гэж их хэлдэг. Ийм ч учраас өчүүхэн жижиг зүйлийг хийдээ ч чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй шүү гэж их захидаг. Миний багш нар ч надад ингэж л сургасан. Сургасан үгс бүхэн нь миний амьдралд мэдрэгдсэн учраас түүнийг одоо шавь нартаа их захих болсон.
- Хүүхдэдээ балет заалгах хүсэлтэй эцэг эхчүүд ихэссэн байгаа харагддаг. Хүүхдийг багаас нь бүжгээр хичээллүүлэх эцэг эхчүүдийн сонирхол нэмэгдсэн нь юутай холбоотой гэж харж байна вэ?
-Хүүхдийг багаас нь балетаар хичээллүүлэхийг хүссэн эцэг эхчүүд нэмэгдсэн болох нь илт ажиглагдаж байгаа. Хүүхэд бүр мэргэжлийн бүжигчин болох албагүй. Харин урлагаар дамжуулж хүүхэд олж авах боломжтой хүмүүжил маш чухал гэж хардаг болсонтой холбоотой болов уу.
-Балетаар хичээллэсний ач холбогдлын талаар яриагаа үргэлжлүүлье?
-Балетаар хичээллэх нь гоо зүй, бие бялдар талаасаа ч тэр өв тэгш өсөж хүмүүжих боломжийг олгодог. Балетаар хичээллэх нь хүний хөлийн үзүүрээс толгойн орой хүртлээ эд эсийг ажиллуулж, мөн баруун болон зүүн тархины хөгжлийг дэмждэг. Сонгодог бүжиг нь өөрөө бүхий л бүжгийн гол зангилаа буюу бүжгийн хаан гэх тодотголыг авч чаддаг урлаг. Сонгодог бүжгээр хичээллэсэн хүн ямар ч бүжиг рүү хувьсах чадвартай болдог. Учир нь сонгодог бүжиг бүхий л бүжгийн суурь болсон байдаг. Мөн хүүхэд тэсвэр хатуужилтай болохоос гадна харилцаа, зан төлөвийн байдалд ч эерэгээр нөлөөлж эхэлдэг. Багшийн заасан үйлдлийг дагаж хийхэд хүүхдийн тархи ажиллана шүү дээ.
-Бүжигчин хүн гэхээсээ илүүтэй хувь хүнийхээ талаас чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би чөлөөт цагаараа шүлэг бичих, хоол хийх сонирхолтой. Ээждээ зориулж бичсэн дууны шүлэг байдаг юм. Шүлэгт маань хөгжимчин дүү маань ая хийж өгсөн. Хэдий мэрэжлийн дуучинаар дуулуулж цацаагүй байгаа ч бид өөр хүнээр ээждээ дуулж сонсгож байсан. Ер нь сүүлийн хэдэн жил ажилдаа анхаарлаа хандуулаад сонирхолдоо цаг гаргах нь бага болсон.
-Ажлаа хэр төлөвлөдөг хүн бэ?
-Би арван гурван настайгаасаа эхэлж ойрын төлөвлөгөөгөө гаргадаг байсан. Одоо ч төлөвлөгөө гаргадаг хэвээрээ. Сонирхуулахад, би арван хэдхэн настай байхдаа бичиж байсан төлөвлөгөөгөө сүүлд олж уншсан юм. Тэгтэл тэр төлөвлөгөөндөө сургалтын төвтэй болно, мэргэжлээрээ ажиллана гэх мэт зүйлсийг бичсэн байсан. Хэдий хүүхдийн мөрөөдөл юм шиг боловч одоо харахад тодорхой хэмжээнд бүгд биелсэн байгааг харахад сайхан санагдаж байгаа.
-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу хэлмээр байна?
-Залуучууд мэдлэг мэдээллийг хаанаас ч олж авах боломжтой болсон. Иймд цаг минут тутамд өөрийгөө хөгжүүлж, мэдэхгүй зүйлээ олж мэдэхийн төлөө хичээгээсэй гэж хэлмээр байна. Манайханд тархиа ажиллуулдаг ч биеийн эрүүл мэндээ орхигдуулдаг тал бий. Эрүүл мэндээ ч бодох нь чухал. Хөдөлгөөнтэй байдаг хүн хэзээ ч стресддэггүй учраас амьдралын өдөр бүрт зөв дадал зуршлыг өөртөө суулгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Zalilangiin shinjtei bodol zurshiidgiin bish bees!!!
Манай монголын эрдэмтэн олон сайхан багш нар бүх шинжлэх.ухааныг альч талаас.нь чөлөөтэй зааж ойлгуулж чаддаг багш нар олон байна сайдаа та бүх техникум дээд.их сургуульдаа эрдмийн зэрэг цолтой хүмүүсээр хичээл заалгаж эхлүүлэх нь сурлага хүмүүжил сахилга батад өөрчлөлт гарч болно багш нар ёс суртахууны өндөр боловсролтой байх ёстой оюутан нартаа аав. Ээж шиг нь хайрлаж хүндлэж явах ёстой
zailshgvi baix asuudal bagsh nart
chi zugeer terentaigaa ger ornoos hurdan zailj uz tehuu guiya zugeer zail teh uu
termuu tsagdaatai zail teh uu aav eejiig taivan bailga
ter chigeeree zail tehuu,aav bid 2 bur heleh ug alga hurdan zailj uz duu mini
Амжилт
Hairtai shu chmda
Ay k gostoso
Za arai l hadiurchvuu
Mundag👏👏👏
envvnees ix ym baix estoi bagsh xvnd ene xamgaltgvi