Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор зэрлэг амьтан орж ирэх тохиолдол бүртгэгдсэн талаар өмнө мэдээлэлж байсан билээ. Тэгвэл суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн дуудлага мэдээлэл болон холбогдох шалтгаан нөхцөлийн талаар НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодрууллаа.
-Он гарсаар нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн хэчнээн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна вэ?
-Он гарснаас хойш Улаанбаатар хотын суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн 51 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Ингэхдээ гэмтэж бэртсэн болон хоол тэжээл хайсан зэрлэг амьтад орж ирсэн байна. Өнгөрсөн долоон хоногт энэ төрлийн зургаан удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирэх оргил үе нь урин дулааны улиралд буюу 5-8 саруудад байдаг. Өмнөх долоо хоногт бүртгэгдсэн зургаан дуудлагын дөрөв нь бамбай хоншоорт могой, хоёр шонхор шувууны нисгэл ангаахай байсан.
-Бамбай хоншоорт могой орж ирсэн гэлээ. Могой ямар байдлаар суурьшлын бүс рүү орж ирсэн байна вэ?
-Улаанбаатар хотын орчим бамбай хоншоорт болон рашааны гэсэн хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны могой нь хоргүй байдаг бол бамбай хоншоорт могой нь хортой юм. Бамбай хоншоорт могой орж ирж байгаа нь үндсэн хэдэн шалтгаантай. Сүүлийн жилүүдэд бороо, хур тунадасны хэмжээ их байгаагаас усаар дамжиж орж ирж байна. Мөн иргэд урин дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутгаар аялал зугаалгад их явдаг. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээр дамжин орж ирэх тохиолдол ч байна. Иймд иргэд хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллага руу яаралтай дуудлага өгөхийг зөвлөж байна. Нийслэлийн байгаль орчны газартай 11318003, 11323780 утсаар холбогдох боломжтой.
-Өмнөх долоо хоногт бүртгэгдсэн могойнууд нийслэлийн аль хэсгээр орж ирсэн бэ?
-Бүртгэгдсэн дөрвөн могойг Баянзүрх дүүргийн 16-р хороо Цайз захын орчим, мөн Цэргийн төв музейн дэргэдэх орон сууцны хороолол дундаас, Хан-уул дүүргийн 10-р хороо Буянт-ухаа хороолол орчим, таван шар зэрэг газраас очиж авсан.
-Өмнөх онтой харьцуулахад нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн дуудлага мэдээллийн үзүүлэлт ямар байгаа вэ?
-Өнгөрсөн жил нийт суурьшлын бүс рүү зэрлэг амьтан нэвтэрсэн гэх 43 дуудлага мэдээллийг хүлээн авсан. Харин энэ он гарсаар эхний долоон сарын байдлаар 51 тохиолдол бүртгэгдсэн нь өссөн үзүүлэлт. Хот руу орж байгаа амьтан нэмэгдэхийн сацуу иргэдийн маань дуудлага өгч сурах мэдээлэл, мэдлэг ч нэмэгдсэн байна.
-Дуудлага ирсэн тохиолдолд тухайн амьтныг очиж авсаны дараагаар байгальд тавьдаг уу, бэртэж гэмтсэн амьтдыг хэрхдэг вэ?
-Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор нийслэл рүү орж ирж байгаа бэртсэн гэмтсэн болон идэш тэжээл хайн орж ирсэн амьтдын дуудлага сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. 2019 онд энэ чиглэлийн 43 удаагийн дуудлага мэдээллийн хүлээн авсан бол 2020 оны эхний долоон сарын байдлаар 51 дуудлагыг хүлээн аваад байна. Манай НБОГ-аас бэртсэн, гэмтсэн амьтныг асран тэнхрүүлэх байр шаардлагатай болсон тул ан амьтны мэргэжлийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр зэрлэг амьтан асрах төвийг 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Суурьшлын бүсэд орж ирсэн бэртсэн гэмтсэн амьтдыг зэрлэг амьтан асрах төвд асран тэнхрүүлсний дараагаар байгальд нь тавьдаг. Зэрлэг амьтан асрах төвд амьтны эмч, байгаль хамгаалагч, биологич зэрэг мэргэжлийн баг ажиллаж байна.
-НБОГ-аас “Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүлсэн байсан. Аяны талаар мэдээллийг өгөөч?
-Сүүлийн жилүүдэд суурьшлын бүс нутгуудын хэмжээ улам өргөссөнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хомсдож байгаа. Улмаар айлын хашаанд орж ирэх тохиолдлууд ч нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл хүн, амьтан хоёрын амьдрах орчин нь давхцаж байна гэсэн үг юм. Мөн түүнчлэн суурьшлын бүсэд тарвага орж ирэх эрсдэл үүсч болзошгүй. Иймд бид ЗӨСҮТ-ээс зөлөмж авч, нийслэл хотод тарваган тахал дэгдэх магадлал хэдэн хувьтай болохыг тогтоолгоход эрсдэлтэй гэж гарсан. Иймд голомттой бүсээс голомтгүй бүс рүү тарвагыг нүүлгэн шилжүүлж байсан.Энэ жилийн хувьд уг ажлыхаа үргэлжлэл болгож 32 бодгаль, монгол тарвагыг нүүлгэн шилжүүлсэн.
Амьтны тухай хуульд заасны дагуу хотын нутаг дэсвгэр дээр амьтан агнах хориотой байдаг хэдий ч иргэд хууль бусаар тарвагагыг агнах, тэр тусмаа хавх, урхи ашиглах болсон. Бид 2017 оноос хотын хэмжээнд дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Хавхгүй Нийслэл-2020” аянг өрнүүлж, 2017-2018 оны хооронд нийт 81 хавхыг хурааж авсан байдаг. Бид энэ жил монгол орны зарим газарт тарваган тахал гарсантай холбоотойгоор аянаа үргэлжлүүлж, байгаль хамгаалагчдын оролцоотойгооор хяналт шалгалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
-Ярилцсанд баярлалаа.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Өвчтэйг нь усгадаггүй гэж үү? Цар тахал амьтнаас гэсэн таамаглал байгаа бус уу?
odoo sitenhaa design ongo dursiig oorchilyoo