Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 1/4 шигшээн эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Английн "Манчестер Юнайтед" клуб Данийн "Копенгаген"-тай тулж, 1:0-ээр хожлоо. Ингэснээр шөвгийн дөрөвт шалгарч үлдэж байна. Коронавирусийн улмаас Европын тэмцээнүүдийн шөвгийн найм болон шөвгийн дөрвийн "тулаан"-ыг ганцхан тоглолтоор шийдэхээр болсон. "Улаан чөтгөрүүд"-ээс хожлын гоолыг 95 дахь минутад Бруна Фернандеш оруулж, багаа шөвгийн дөрөвт шалгарууллаа. Шөвгийн дөрөвт "Манчестер Юнайтед" "Вулверхэмптон" болон "Севилья" багуудын хожсонтой нь тоглоно.
Тэгвэл Италийн алдарт "Интер" клуб энэ шатанд Германы "Байер Леверкузен"-ыг хүлээж авч, 2:1-ээр хожсоноор дараагийн шатанд шалгарлаа. Тоглолтын 15 дахь минутад Барелла гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Лукаку 21 дэх минутад нэгийг нэмсэн юм. Тэгвэл Германы багаас 24 дэх минутад Хавертц гоол оруулсан. Гэвч үүнээс хойш тооны харьцаа өөрчлөгдөхгүй байсаар "Интер" хожсон юм. Шөвгийн дөрөвт Италийн баг Украины "Шахтер" болон Швейцарийн "Базель" багуудын хожсонтой нь тулна.
Сэтгэгдэл бичих