2020 оны 8-р сарын 27
8 цаг 30 минут

Н.Оргилмаа: Охиноо насанд хүрэхээр хамтдаа мотоциклоор дэлхийг тойрох аялалд гарна

Том касктай, өнгө алагласан хувцсаар гоёсон мотоциклтой аялагчийг Н.Оргилмаа гэдэг. “Moto rent Mongolia” клубийн үүсгэн байгуулагч, мото спорт сонирхогч нэгэн. “Мотоциклын спортыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон” гэж шийдэмгий хэлсэн нь түүний энэ спортод дуртайг илтгэнэ. “Охинтойгоо хамт мотоциклоор Монгол орноороо бүтэн тойрчихоод, дэлхийг тойрно. Энэ хүсэл минь цуцалтгүй үргэлжлэх байх” хэмээн Н.Оргилмаа яриагаа эхлүүлсэн юм.

-Саяхан 5700 километр аялчихаад ирсэн. Энэ аяллын тань талаар яриагаа эхлүүлье?

-Миний хувьд Монгол орноо тойрч 20 мянган  километр аялах төлөвлөгөөтэй байгаа. Ямар ч эрэгтэй хүний тусламжгүйгээр. Энэ төлөвлөгөөт аяллаа хоёр дахь жилдээ хийлээ.  2019 онд Хөвсгөл Булнай рашаан хүртэл явчхаад ирсэн. Энэ жил баруун 10 аймгаар аялсан. Хамгийн оргил цэг нь Алтай таван богд байсан. Энэ аяллаараа долоо хоногт бэлдсэн шавийгаа авч явсан. Уг нь 5000 километр явах ёстой байсан ч бид вансэмбэрүү цэцэг,  хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг очиж үзэлгүй өнгөрөөж чадаагүй юм. Тиймээс 5700 километрийн аялал болсон. Дараа жилээс зүүн аймгуудаар аялах төлөвлөгөөтэй байгаа.  Яагаад 20 мянган километр аялах санаа төрсөн гэхээр би өөрөө мотоциклтой аялал гаргадаг. Хүмүүсийг аялалд авч явдаг хүн болохоор байгаль дэлхийг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн. Мөн хүмүүсийг аялалд  авч гарахдаа туршлагатай байя гэж эхлүүлсэн.

-Аялаад явж байхад орон нутгийн болон замд таарсан хүмүүсийн хандлага ямар байв?

-Гайхаж байсан. Зөвхөн эмэгтэй хүмүүс, ямар нэгэн эр хүн, машингүй, бүх зүйлсээ мотоциклдоо ачсан явж байхаар гайхсан байх. Зарим нь хайрлаж байсан. Ямар мундаг юм бэ, монгол хүмүүс юм уу гээд л. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, маш сайхан үгсийг хэлж байсан.

-Энэ аяллаас өөр олон газраар явсан байх. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нь ямар аялал байсан бэ?

-Алтай таван богдийг анх даваад харахад, сэтгэл догдлуулсан мөч байсан. Маш их хад чулуун дунд явж байхад Вансэмбэрүү цэцэг таарахад их догдолсон. Мөн Хүйсийн найман нуурын эрэгт өглөө майхныхаа хаалгыг нээгээд хархад битүү манан угтаж байсан. Тэр мөч маш гайхалтай байсан.

-Мотоциклоо түрж, намаг, шалбааганд суух зэрэг асуудал цөөнгүй байсан байх. Шантармаар үе байв уу?

-Мото спорт засмал замаар явахаас харьцангуй өөр. Янз бүрийн л бартаат зам таарна. Анхнаасаа энэ бүгдийг тооцоолоод, сэтгэлийн бэлтгэлтэй байдаг учир энэ спортыг орхих бодол төрж байгаагүй. Би хөгширсөн ч энэ төрөлдөө байсаар байх болно. Мото спортоор хичээллэвэл өөрийгөө ялан дийлж, тэсвэр тэвчээртэй, зоригтой болно. Харин гоо сайхан талаасаа байнга нар, салхид явж, арьсны өнгө өөрчлөгдөж, бяр, хүч шаарддаг учраас гар, хуруу эвдрэх зэрэг асуудал байдаг. Гэхдээ төлөвлөсөн маршрутынхаа дагуу аялахад дахин давтагдашгүй сайхан мэдрэмж авдаг юм. Бид байнгын чийгтэй нойтон гуталтай явсан. Бүр гутлынхаа гадуур уут углаж явсан. Энэ нь эмэгтэй хүний хувьд хэцүү байсан. Мөн Баян-Өлгий аймгийн өндөрлөг газраар явах тусам үүрээр даарч хонодог байлаа.  

-Эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан энэ спортод эргэлт буцалтгүй орсон гэлээ. Та хэзээнээс энэ спортыг сонирхон хичээллэх болов?

-Аав маань надад мотоцикл яаж унахыг заасан. Дөрөвдүгээр ангид байх даа мотоцикл унаж сурч байлаа. Би мото спорт сонирхоод 13 жил болсон байна. Тамирчин хүн биш ч гэлээ мото спортыг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгохоор зориг шулуудсан. Адал явдал, аялалд дуртай зан минь энэ спортыг сонирхоход нөлөөлсөн гэж хэлж болно. Анх хотын дуу чимээ, түгжрэлээс залхаад мотоцикл унаж эхэлсэн юм. Ингэхдээ “Мопет” буюу 50 CC мотортой мотоцикл унаж байв. Сүүлдээ мотороо бага багаар томруулж, 1000W мотортой “байк” унаж байгаад “Кросс”-ын төрөл рүү орсон. Хотын төвд мотоцикл унаад явахаас илүү “кросс” унаад аялалд явах нь сонирхолтой байдаг. Эрсдэл нь ч гэсэн бага шүү дээ. Хотын хөдөлгөөнд мотоцикль унана гэдэг аюултай. Охиндоо би “Чи мотоцикль унаж чаддаг байсан ч машин, техник унаж чаддаггүй хүмүүс бий. Тиймээс маш болгоомжтой бай” гэж захидаг.

-Таныг анх мотоцикл сонирхож, унаж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?-Би Хэнтий аймгийн Галшар сумын уугуул. Хөдөө хурдан морь унаж өссөн хүүхэд л дээ. Иймдээ ч зоримог шийдэмгий хүүхэд байсан. Анх хөдөө байхдаа мотоцикл унаж сурсан. Гэрийнхэн минь хүндээр хүлээж аваагүй. Мотоцикл унаад сурчихсан учраас төдийлөн анзаараагүй болов уу.

-Охинтойгоо мөн аялсан. Тэр үед  охиноороо бахархах сэтгэгдэл их төрж байсан биз?

-Охиноороо маш их бахархсан. Явах замдаа охин руугаа байн байн эргэж харна. Бараг тав таван секундийн зайтай хардаг байсан. Охинтойгоо аялалд гарахад ганцаараа аялахаас илүү түшигтэй. Хээр гадаа унтах явдал ч цөөнгүй тохионо шүү дээ. Би охинтойгоо аялалд явахаар долоон жилийн турш  бэлдсэн. Одоо тэр минь 14 настай. Ингээд энэ жил анхны аялалдаа гарлаа. Эхэндээ охиндоо маш их санаа зовдог байлаа. Өсвөр насны хүүхдийг хүч шаардсан аялалд дагуулаад гарсан учраас хааяа сэтгэл түгшинэ. Гэтэл  охин минь миний бодож байснаас илүү тэвчээртэй, зоригтой юм билээ. Аялалд гарахад хангалттай бэлтгэгдсэн байсан. Унаж бэртэлгүй сайн яваад ирсэн. Үүнээс нь эрч хүч, авч дараагийн аяллуудаа төлөвлөөд байна.

-Яагаад ихэнхдээ ганцаараа аялдаг вэ?

-Эмэгтэй хүмүүс эр хүнээс дутахааргүй хүчтэй, зоригтой, шийдэмгий байдаг шүү гэдгийг харуулахыг зорьдог. Мото спортоор хичээллэснээсээ хойш ганцаараа аялалд гарна гэж байнга боддог байв. Ингээд анхны аяллаа 2018 онд эхлүүлсэн. Улаанбаатар хотоос 2000 гаруй километр мотоциклоор аялаад ирсэн. Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж дуусахад охин минь насанд хүрчих байх. Үүний дараа охинтойгоо дэлхийг тойрох аялалд гарна.

 -Мото спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?

-Энэ спортоор хичээллэсэн хүн маш их тэсвэр, тэвчээр, хатуужилтай, зөв хүн болж төлөвшдөг. Аливаа хорт зуршлаас ангид байлгадаг учраас залуус энэ спортыг сонирхоосой гэж боддог. Гэхдээ мото спорт маш их ур чадвар шаарддаг. Унаж бэртэлгүй бартаа саадыг давахаа үргэлж тооцоолно. Хөнгөн, хурдан хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Ер нь бол цагийг  их хэмнэдэг ажил их хурдан амжуулдаг. Хотын түгжрэлд түгжрээд зогсоод байхгүй дундуур нь сүлжээд л явчихдаг болохоор их амар байдаг. Салхи татуулан явж кайф авч, эх дэлхийтэй илүү ойр байдаг учраас стресс, бухимдал багатай байдгаараа бас их давуу талтай. Залуучууддаа хандаж хэлэхэд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, залуу насныхаа эрч хүчийг мэдрэн мотоцикл унаж сураад, Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялаасай л гэж бодож байна.

-Аяллын төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ?

-Жил бүр өөр өөр мотоциклтой эх орноороо 20 мянган километр аялна. Аль мотоцикл нь хамгийн сайн, аяллын бартааг давсан тэрүүгээр ээ би дэлхийг тойрно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Аяллын төлөвлөгөө мотоцикл авахаас эхэлнэ. Хувцас, сэлбэг гээд мөнгө нэлээд хэрэг болдог болохоор маш эртнээс бэлддэг. Санхүүгээ ч эртнээс хуримтлуулдаг.

-Ойрын хугацааны төлөвлөгөөнөөсөө хуваалцвал

-Манай “Moto rent Mongolia” клуб үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил болж байна. Клубт маань ихэвчлэн мото спортын тамирчид ирж бэлтгэл сургуулилалт хийдэг. Манайх мото спортын сургалт явуулахаас гадна мотоциклтой аялал зохион байгуулдаг. Дулаан цаг учраас аяллын хуваарь гаргачихсан, маш завгүй ажиллаж байна. Тиймээс амралтын өдрийн аялал юм уу даа.

-Мотоцикл унахын хамгийн сайхан нь юу вэ?

-Мотоцикл унаад юу ч бодохгүй, урдах замаа хараад салхи татуулах мэдрэмж хамгийн сайхан байдаг. Эндээс үгээр хэлж, зүйрлэшгүй мэдрэмж авдаг. Бид аялахдаа зүгээр нэг мотоцикл унаад явах биш аль бартаатай замыг сонгож, тэндээсээ кайф авдаг. Бас өндөр уулын оргил руу гарах сонирхолтой шүү дээ. Ямар ч аяллын ард гараад урам зориг улам их төрдөг.

-Та ямар нэгэн спортын цолтой юу? 

-Би мотоциклыг өөрийн сонирхлоороо унадаг учир тэмцээн уралдаанд оролцох ч юм уу эрсдэлтэй зүйл хийх дургүй.  Гэхдээ эрчүүд эмэгтэйчүүдийг хүчгүй, сул дорой, аймхай, зориггүй гэж боддог. Би тийм бодолтой эрчүүдийн эсрэг байдаг. Эмэгтэй хүн цагаа тулахаар маш их тэвчээртэй, хүчтэй байдаг. Эрчүүдийн тэр бүр хийж, зориглож чадахгүй зүйлийг бид чаддаг. Энэ спортоор охид илүү хичээллээсэй гэж боддог. Эмэгтэйчүүд маш их тэсвэр, тэвчээртэй. Үүнийг харуулж, энэ спортыг хөгжүүлэхсэн гэх нууцхан хүсэлтэй. Олон хүнд энэ спортын сайныг мэдрүүлмээр байна. Тиймдээ ч өөрөө клуб нээгээд аялал зохион байгуулж эхэлсэн.

 Т.Нандин-Эрдэнэ 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.190аөаөа   • 2020, 8 сарын 27. 9 цаг 46 минут

Энэ зурган дээрх нь өөрөө юмуу, охин нь юмуу, гоё хүүхэн байна, хамт аялмаар байнаа, эрэгтэй хүнтэй аялж болохгүй юм уу, асар их зардалтай аялал юм даа, мөнгө санхүүгээ яаж шийддэг вэ,

66.181.188.212Цогт   • 2020, 8 сарын 27. 9 цаг 23 минут

Баярлалаа уншаад сайхан энерги авлаа. Тэмцээн уралдаан гэж халихаасаа өөрөө байж сонирхолдоо хөтлөгдөнө гэдэг гайхалтай. Дүү нартаа амжилт, эрүүл энх хүсье!

203.91.117.8ккк   • 2020, 8 сарын 27. 9 цаг 10 минут

ТЭМЭЭТЭЙ ГАРЧ АНГЛИ ХҮРЭХЭЭР ЯВСАН ХҮҮХЭН ХААНА ЯВНА ВЭ

202.131.243.190аа   • 2020, 8 сарын 27. 9 цаг 46 минут

замдаа саатсан

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.