2020 оны 8-р сарын 28
8 цаг 30 минут

С.Дэлгэрцэцэг: Солгой хоолойтой хүүхдийг ч дуулж сургах боломжтой

Өндөр дээд өвөг дээдсийнхээ энгүй их түүх соёл, өв уламжлал, эрдэм ухааныг үе үеийн ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээх, аялгуут сайхан ардын дуугаар дамжуулан “Монгол” гэдгээрээ бахархан “Бид монголдоо хайртай” хэмээн сэтгэл бардам хэлж, монгол ардын дуугаа өвлүүлэх үйлсийг түүчээлэн яваа багш С.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит V дугаар дунд сургуулийн дуу хөгжмийн багш, "Галбингаа" сургалтын төвийн үүсгэн байгуулагч, мөн өдгөө хүүхдийн язгуур урлагийн гурван хамтлаг төрүүлсэн хөдөлмөрч нэгэн.

-Ярилцлагаа таны багш болж байсан түүхээс эхэлье гэж бодож байна?

-Би Увс аймгийн хоёрдугаар дунд сургуулийг 1990 онд төгссөн. Тухайн үед сургуулиа төгсөх гэж байхад Улаанбаатар хотоос дуу хөгжмийн багшийн ангид шалгалт авах хүмүүс ирсэн байсан. Ардчилал эхэлсэн тэр үеэр 110 багш өрсөлдөж байсны нэгэнд нь би байлаа. Ингээд Соёлын дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид тэнцэж ороод, 1994 онд төгсөж байсан. Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаад одоо 25 жил болж байна.

-Язгуур урлагаар дагнасан хүүхдийн хамтлаг Монголд олон биш боловч таныг гурван ч хамтлаг байгуулсан гэж сонссон?

-Манай Монголд ардын урлаг, өв соёлоо дээдлье гэж ихээхэн ярьцгаадаг боловч хэрэгжүүлэхийн хувьд тийм ч сайн байдаггүй. Би анх оюутан байх цагаасаа л хүүхэд, багачууддаа ардын урлагаа өвлүүлэн дуулуулж, зааж, сургая гэж боддог байсан юм. Ингээд 2009 онд Чингэлтэй дүүргийн 74-р цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллаж эхлээд “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” гэх 4-5 насны зургаан хүүхэд оролцсон анхны дууны цомгоо гаргаж байлаа. Цомог маань гарсанаас хойш маш олон хүүхэд залууст хүрснээс гадна хилийн чанадад суугаа монгол хүмүүст маань ч очиж чадсан. Монгол өв соёл, ардын урлагаа мэдэхгүй байсан хүүхдүүд маань эхнээсээ сурч, мэдэн дуулж эхэлсэн нь миний хүсэл бодитоор хэрэгжсэн явдал байлаа. Чухам үүнээс хойш тууштай хөдөлмөрлөсөөр 200 гаруй хүүхдийн уран бүтээл хийсэн байна. Харин хамтлаг байгуулах санааг шавь нарын маань эцэг, эх гаргаж, дэмжихээ ч хэлсэний үндсэн дээр өдгөө “Монгол эшиглэн”, “Яруу эгшиглэн”, “Эгшиглэн-3” гэх гурван хамтлаг гаргасан.

- “Галбингаа” хэмээх сургалтын төвд суралцдаг хүүхдүүдээсээ хамтлагийн гишүүдийг бүрдүүлсэн үү. Сургалтын төвийн талаар тань сонирхоё?

-Тийм ээ. Г"албингаа" сургалтын төв маань бяцхан хүүхдүүддээ ардынхаа баялаг урын санг танин мэдүүлэх, өв соёлоо дээдлэн, хүндэтгэдэг болгож хүмүүжүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн есөн жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Сургалтын төвд маань цэцэрлэгийн 4-6 нас, сургуулийн 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Харин сургалтын тухайд  монгол ардын дуу, хүүхдийн дуу, үндэсний хөгжим, төгөлдөр хуур, аман хуур, морин хуур, хөөмий зэрэг ганцаарчилсан сургалтуудаар доод тал нь гурван сарын хугацаатайгаар явагддаг. Суралцах чин хүсэлтэй хүүхэд, багачуудад манай сургалтын төвийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг.

-Гурван сарын хугацаанд тухайн хүүхэд хэр их зүйлс сурч мэдэх үү?

-Эхлээд хүүхэд маань хэл зүгшрүүлэх дасгал, хоолойн дасгал, гамм нотоор унших, монгол ардын зүйр цэцэн үгийг аялгуучилж унших гэх мэт зүйлсийг маш сайн суралцаж, дуулах сууриа зөв тавьж өгнө. Дараагаар нь тухайн хүүхдийн нас, онцлогт таарсан дууг нь сонгон өгч, дуулуулж сургана. Ингээд цаашлаад хүнд дуу буюу ардын дуугаа дуулж сурна  гэсэн үг. Харин дунд шатны сургалт руугаа орсон үед уран бүтээл хийх боломжтой болоод ирнэ.

-Таньд дахин хамтлаг байгуулах алсын төлөвлөгөө байгаа юу?

-Тиймээ. Энэ талаар бодон, төлөвлөж байгаа.

-Дуу дотроо их олон төрөл жанртай. Энэ дундаас ардын урлагийг сонгосон шалтгаан тань?

-Хүүхэд багаасаа л ардынхаа өв соёл, язгуур урлагийг танин мэдэж байх ёстой. Тиймээс багаас нь ардын дуу дуулуулж, сургах хэрэгтэй гэж боддог. Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань л ардын дуугаа дуулж өсөхгүй юм бол өөр хэн дуулах юм бэ. Хүүхдийн дуулснаар ардын дуу байдаггүй. Томчуудын дуулсан ардын дуу хүүхдийн чихэнд наалдахгүй шүү дээ. Харин  гурав, дөрвөн настай хүүхдийн чамин хоолой өөрт нь болон бусдын чихэнд ч сайн тогтож, суудаг. Илүү сонсголонтой ч сонсогддог. Тийм  учраас ардынхаа урлагаар хүүхдүүдээ багаас нь хичээллүүлж сургах зорилготой сонгосон юм.

 -Хүүхэдтэй ажиллана гэдэг өндөр хариуцлагыг дагуулдаг байх. Дуулах өнцгийг нь зөв олж өгөхөөс авхуулаад ажил их биз?

 -Тэгэлгүй яахав. Тухайн хүүхэд маань эхлээд дуулж сурахын тулд маш олон зүйлийг суралцах шаардлагатай болдог. Хэл зүгшрүүлэх дасгал, амьсгаа авалт, зогсолт, хөдөлгөөнөөс эхлүүлээд нарийн техниктэй. Эхлээд үгээ зөв хэлж сурч байж дуугаа сурна гэх мэт хүүхдийг дуулуулж сургах шат дараалал гэж бий. Уг анхан шатны зүйлсээ ойлгосон хүүхэд цаашлаад ямар ч дууг чөлөөтэй дуулах боломжтой болдог.

 -Хүүхдийг дуулж сургахад хамгийн тохиромжтой нас нь хэд байдаг юм бэ?

 -Ерөөсөө л бага нас буюу 3-4 нас байдаг. Хүүхэд хэлд орсны дараа буюу үг, үсгээ зөв хэлж чаддаг болсоноор л боломжтой болоод ирнэ гэсэн үг. Энэ насанд хүүхэд ардын дууг бүтэн сурдаг. Тэр тусмаа ардын богино дууг час хийтэл дуулна шүү дээ.

-Багш, шавь хоёр чин сэтгэлээсээ хичээхэд өөрчлөгдөхгүй, сурахгүй зүйл гэж үгүй байх. Ер нь солгой хоолойтой хүүхдийг дуулж сургах боломж байдаг уу?

-Байлгүй яахав. Энэ тал дээр эцэг, эхчүүд их ташаа, буруу ойлголттой байдаг. Солгой хоолойтой ч засардаг хүүхдүүд олон бий. Тэр бүү хэл бөөрөнхий яриатай хүүхэд ч засрах боломжтой. Харин зөвхөн багаас нь эхлэн, мэргэжлийн багшаас зөвлөгөө авч, чиглүүлж өгөх хэрэгтэй. Томрох тусам боломжгүй болж ирнэ л гэсэн үг. Мөн тухайн хүүхэд маань өөрөө гол нь дуулах сонирхолтой,  дуртай байх шаардлагатай шүү дээ. Сонирхолгүй хүүхдэд хэчнээн заагаад ямар ч нэмэргүй.

-Таны заах арга барилын онцлог?

-Би хүүхэдтэй харилцах арга зүйгээ аль хэдийн олсон. Хүүхэд бүр өөр, өөрийн зан характертай. Яаж түүнд таалагдах уу, ямар арга барилаар заах ёстой вэ гэдгээ тухайн хүүхэдтэй харьцаад л мэдчихдэг юм. Мөн хүүхдийнхээ найз мэт санаа бодлыг нь сонсон ойлгож, хамгийн гол нь сэтгэлээсээ зааж сургадаг минь илүү онцлог болов уу.

-Дуу хөгжим хүүхдийг хэр төлөвшүүлдэг юм бэ?

-Маш их төлөвшүүлнэ шүү дээ. Дуу хөгжим гэдэг өөрөө хүнийг их баясгаж, сэргээдэг. Тэр ч утгаараа хамгийн энгийн жишээ нь ухаан суулгах, цаг баримтлах , хүнийг хайрлах, биеэ зөв авч явах соёлд суралцах гэх мэт олон давуу талуудтай байдаг.

-Та багш хүнийхээ хувьд ямар зарчим баримталдаг вэ. Сайн шавь төрүүлэхийн тулд багш хүнээс ямар чадварыг шаарддаг юм бэ. Зөвхөн мэргэжлийн чадвар сайтай байхад хангалтгүй юу?

-Тэгэлгүй яахав. Хүүхэдтэй ажиллах арга барил, хичээл заах чадвар, эцэг эхчүүдтэй харьцах харилцаагаас эхлүүлээд дан ганц мэргэжлийн чадвартай байхад хангалтгүй. Багаас нь эхлэж, тухайн хүүхдэд зөв арга барилаар зааснаар ирээдүйд зөв л болж өсдөг юм. Миний баримталдаг зарчим бол цаг бол алт. Цаг баримталж сурах нь өөрөө маш том боловсрол болоод хүмүүжил. Цагийн юмыг цагт нь хийхийг л гол зарчимаа болгож ажилладаг даа.

-Хүүхэдтэй ажиллахын гоё сайхан юунд байдаг бол?

-Би өнөөдөр ядарч байсан ч хүүхдийн инээж буйг хараад л сэргэчихдэг. Тийм учраас хүүхэд бол амьд энерги. Үеийнхэн маань намайг яасан хөгширдөггүй юм бэ гэж хүртэл хэлдэг юм. Энэ маань л хүүхэдтэй ажилладаг гэдгийн маань үр дүн шүү дээ.

-Ер нь хүүхдийнхээ авьяас чадвар, амжилтыг хараад гэр бүлийн харилцаа, хандлага өөрчлөгддөг үү?

-Өөрчлөгдөлгүй яахав. Хүүхдээ хүргэж өгч, авахаас эхлүүлээд л ажиглагддаг. Хүүхдийнхээ авьяас чадварыг харсан эцэг, эх байтугай эмээ, өвөө нь хүртэл дэмжиж эхэлнэ. Мөн эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ илүү их ярилцаж, ойлгож, нээлттэй болгоход нь тусладаг.

-Таныг багшлахаас гадна дууны шүлэг бичих сонирхолтой гэж сонссон. Хэчнээн дууны үг зохиож байв?

-Би өөрөө хүүхдэд дуу заадаг болоод ч тэр үү, энэ дууны үгийг ингээд засчих юмсан гэсэн бодол орж  ирээд байдаг л даа. Гоё үгтэй хүүхдийн уран бүтээлүүд ховордох тусам дууны үг бичих сонирхолтой болсон. Заримдаа бүр цаанаасаа л бичмээр санагдаад, үг урсаж орж ирээд байдаг. Сүүлийн хоёр жилд 20 гаруй дууны шүлэг зохиогоод байна. Корона гарсан өдрүүдэд гэртээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, олон дууны үг бичлээ. Мөн шинэ уран бүтээлүүдээ ар араасаа хийгээд, завгүй өдрүүдийг л өнгөрөөж байна. Удахгүй “Бид хөх Монголын үр сад” гэх дан өөрийн шүлгийг нь бичсэн бие даасан шинэ дууны цомгоо гаргахаар төлөвлөж байна.

-Та хамгийн их хит болж, хүмүүст хүрсэн бүтээлээсээ онцол гэвэл юуг нэрлэх вэ?

-Олон түмэнд хүрсэн сайхан уран бүтээлүүд минь зөндөө бий. Энэ дундаасаа Хүннү гүрний 2220 жилийн ойд зориулан гаргасан “Ерөөлөөр учирсан миний монгол” дуугаа онцолмоор байна. Уг дууны үгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч агсан Бавуугийн Лхагвасүрэн тэрлэж, аяыг нь хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ бичсэн. Тус дуу  маань сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдүүдэд хүрсэнээс гадна Өвөрмонголд хит болж чадсан гайхалтай уран бүтээл. Энэ дуугаараа маш их бахархдаг.

-25 жил гаруй багшлах хугацаанд юу эсийг анзаарахав. Хүүхдүүдэд, аав ээжүүдэд үүнийг л сануулаад хэлэхсэн гэсэн үг бий байх?

-Эцэг, эхчүүд минь хүүхдүүдээ дөрөв, таван настай байхаас нь л эхлэж ярилцан, сонирхлыг нь асууж, дуртай зүйл рүү нь чиглүүлж байгаарай. Энэ насан дээрээ л хүүхэд өөрийн бодол, хүсэл эрмэлзлээ тээж, тэмүүлдэг юм шүү. Хүн болгон математикч, дуучин болох албагүй ч дуу хуур гэдэг энэ зүйл хүнийг хаана ч явсан дагаж явдаг учир хүүхдээ ядаж гурван дуу дуулуулж сургаарай л гэж хэлэх байна даа.  

Э.Баглаацэцэг

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.145Зочин   • 2020, 8 сарын 28. 10 цаг 49 минут

Камертоны Мээдээ дуучин Наараа нар шиг болох уу? Хахаха

103.212.118.99!!!   • 2020, 8 сарын 28. 11 цаг 27 минут

Huuhed gej baina malaa ter tusmaa ardiin duu gej erguu mine ym unshaad oilgoj chaddaggui tarhinii turaal ve ?!

202.126.89.239Зочин   • 2020, 8 сарын 28. 14 цаг 39 минут

Хахаха чи өөрөө эргүү мал юм биш үү. Тархины хавдар болчихсон амьтан минь. Ядаж зөв бичиж сур !!!

202.9.40.81Kk   • 2020, 8 сарын 28. 19 цаг 53 минут

Tegsnu

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.