Хичээл сургууль орж, их хотын завгүй өдрүүд аль хэдийнээ эхэлжээ. Гэвч оюутан сурагчдаас авахуулаад хувиараа бизнес эрхлэгчдэд ч гадуур явах үед гэнэт ажлаа хийх шаардлагатай үе таардаг. Тэр бүрт тухтай суух газар гэвэл кофе шопоос хэтрэхгүй. Харин энэ мэт асуудал тулгардаг хэн бүхэнд зориулсан "Solospace" нэг хүний оффисыг онцлон сурвалжиллаа.
Хаалга онгойх төдийд л нам гүм, минималист хэв шинжийг илтгэсэн цагаан өнгийн хана, шинэлэг интерьер бүхий орчин нүдэнд туслаа. Дэлхийн олон оронд нэг хүний болон дундын оффисууд их. Харин энэ оффис монголдоо анхдагч гэдэгтэй санал нийлэх биз ээ.
10 өрөөнөөс бүрдсэн гэх нэг хүний оффист очих үед өрөө бүр эзэнтэй болсон байлаа. Шинэхэн оффисийг зорин ирж эхний үйлчлүүлэгч болсон залуус сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Өрөөнүүдэд ном уншин суух нэгнээс эхлээд өмнөө байрлуулсан дэлгэц рүү бүхий л анхаарлаа төвлөрүүлэн суух хүмүүс ч харагдав.
"Эхлүүлэхийг хүссэн старт апаа бүтэх болов уу гэж хойш суухын оронд оролдоод үзэх хэрэгтэй гэж бодсон"
Өөрт гэлтгүй бусдад ч тулгардаг асуудлыг шийдэхийн тулд шинэхэн старт-апаа эхлүүлсэн “Solospace” оффисыг үүсгэн байгуулагч Энхтөрийн Буян-Ундрахтай цөөн хором ярилцлаа. “Solospace” оффис нь нэг хүний орон зай гэх агуулгыг илэрхийлж буй гэнэ.
-Оффисынхоо талаар мэдээллийг өгөхгүй юу?
-Манай оффис нь хэн бүхэнд зориулсан орон зай юм. Ингэхдээ ганцаараа нэг өрөөнд суух бөгөөд чимээгүй орчинд төвлөрөнгөө өөрийн старт-апын санаа, түүний хөгжүүлэлтээ гаргах боломжийг орчин, нөхцөлөөр нь дэмжиж байгаа хэрэг юм. Мөн хичээл сургууль орж эхлэхэд хүүхэд залууст маань анги танхим, суугаад хичээлээ хийх номын сан ч дутмаг шүү дээ. Харин манай оффист залуус маань ирж бие даалт, хичээлээ хийх бүрэн боломжтой юм.
-Нэг хүний оффис байгуулах санаа анх хэрхэн төрсөн юм бэ?
-Манай оронд дундын оффисууд нэлээд бий. Дундын оффисууд өөрийн хүрээлэл, орчноо олон хүнээр бүрдүүлж суух дуртай хүмүүст илүү тохиромжтой байдаг. Харин хувь хүн бүрийн амьдрал, зан харахтерийн хэв маяг өөр байдгаас интроверт буюу дотогшоо, ганцаараа байхыг илүүд үздэг, энэ үедээ илүү төвлөрч бүтээмж өндөртэй байдаг хүмүүс ч бий. Манай орны нөхцөлд дундын оффисууд хангалттай бий хэдий ч нэг хүний оффис нь дутмаг байгааг ажигласан. Хааяа би өөрөө ч ганцаараа төвлөрч суух оффис хайхад олддоггүй. Надтай адил хүмүүс ч их байгаа санагдсан учраас нэг хүний оффис байгуулах санаа төрсөн. Нийгэмд эрэлт нь ч, хэрэгцээ шаардлага нь ч байна гэж харсан. Иймд одоогийн нөхцөлд хамгийн тохиромжтой старт-апыг эхлүүлсэн гэж бодож байгаа.
-Өөрийн чинь хувьд залуу хүн гэхэд шинэлэг оффисийг байгуулж, өөрийн старт-апыг эхлүүлснийг хараад хүмүүс гайхаж байгаа байх. Сүүлийн үед залуус старт-ап эхлүүлэх хүсэлтэй ч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй магадгүй эрсдлээс айх айдастай ч тулгарч байж болох юм. Тэдгээр залууст хандаж өөрийн зүгээс юу гэж хэлэх вэ?
-Тийм шүү. Залуус өөрийн гэсэн старт-ап эхлүүлэхийг хүсэх болсныг хараад таатайгаар хүлээж авдаг. Өөрийн хийхийг хүссэн старт-апаа бүтэх, бүтэхгүй болов уу аль эсвэл алдагдал хүлээх вий гэж айж суусаар цаг хугацааг алдах хэрэггүй гэж хэлмээр байна. Би ч ялгаагүй оффисоо анх байгуулах үедээ цаашид юу болох, хэрхэн ажиллах бол гэдгээ мэдэхгүй ч оролдоод үзье гэж шийдсэн. Харин одоо улам их хичээн ажиллаж байгаа.
Хүн бүр харилцан адилгүй. Бодох бодол, төрөх санаа нь ч давтагдашгүй. Иймээс өөрийнхөө яг юу хийхийг хүсэж байгаагаа тодорхойлсны дараа зоригтойгоор оролдоод үзээрэй. Миний санаа давтагдчих болов уу гэж айж суух ч шаардлага байхгүй. Бид чинь залуу хүмүүс шүү дээ. Нэг алдвал дараагийн удаад өмнө гаргаснаа давтахгүйн төлөө хичээнэ. Бүгд л сургамж, туршлага болдог байх гэж боддог.
-Олон улсад энэ чиглэлийн оффисууд ямар стандарт мөрддөг, үйл ажиллагааны чиглэл нь ямар байдаг талаар судалж үзсэн үү?
-Энэ чиглэлийн оффисууд Япон, Солонгос гэх мэтчилэн хөгжсөн орнуудад байдаг. Харин манай оффис нээгдсэнээр улсдаа анхдагч болж байна гэж харж байгаа. Зарим нэг албан байгууллагын оффисууд ажилтан, төслийн багтаа зориулж тусгай өрөөг бий болгосон байдаг. Гэвч тэр нь тийм ч их биш. Мэр сэр л байдаг гэсэн үг. Харин олон нийт рүү чиглэсэн, хэн ч ирээд суух боломжтой оффис байдаггүй. Үйл ажиллагааны гол зорилго нь хувь хүн рүү чиглэсэн байдаг. Манай оффис ч ялгаагүй.
-Өөрийн чинь хувьд цаашид оффис болон үйл ажиллагааны чиглэлээ хэрхэн өргөжүүлэх талаар бодсон бодол бий юу?
-Цаашид нэлээн хэдэн зүйл рүү салбарлах боломжтой гэж харж байгаа. Жишээлбэл, нэг хүнд зориулсан VIP сургалт, цаашилбал зохиолч, вэб хөгжүүлэгч зэрэг хүмүүст зориулсан оффис болгож өргөжүүлэх ч боломжтой.
-Мэдээж танай оффисийг сонирхож, зорин ирж байгаа хүмүүс их байгаа байх. Тэгвэл оффист суух хүмүүстээ ямар шаардлагыг тавих вэ?
-Манайд цагаар ирээд суух нь хүн бүрт нээлттэй. Гэхдээ урт хугацаанд буюу сараар нь түрээслэх хүмүүст тодорхой хэд хэдэн шаардлагыг тавьж сонгоно гэсэн бодолтой байгаа. Тухайн хүн сар түрээсэлж суух хэмжээний соёлтой байж чадаж байна уу гэдгийг нэг цаг суухад ч харагдана. Бусдадаа саад болдоггүй, зорьсон зорилгоо тууштай зүтгэж буй залуусыг сонгож сараар түрээслэх боломжийг олгох байх. Жишээлбэл, сарын дараа өгөх шалгалтдаа бэлтгэж байгаа залуугийн өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд манай оффис таатай орчноор хангаж өгөхөөс эхлүүлээд дөхөм байж чадна шүү дээ.
-Түрээсээ хэрхэн тогтоосон байгаа вэ, оффисийнхоо давуу талыг онцолвол?
-Нэг цагийн 2000 төг, өдрийн 10.000 төг, сарын 200 мянган төгрөгийн түрээстэй байхаар тогтоосон. Хотын төвд байрлалтай учраас олоход амархан, басхүү интернет тог цахилгаан бүх хэрэглээ багтсан, чимээгүй тухтай орчинд өөрийн боломжиндоо тохируулан цагаар, өдрөөр, сараар түрээслэх боломжтой.
Бидэнтэй ярилцан зогсох зуур түүний утас хэдхэн хормын зайтай дуугарч байлаа. Бүх өрөө үйлчлүүлэгчтэй байгаа учраас залгасан хүн бүрт “Одоогоор манай өрөөнүүд бүгд хүнтэй болсон байна” хэмээгээд хэдий хугацааны дараа ирж оффист суух боломжтойг хэлж байв. Оффис өглөө 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай гэнэ.
Ийнхүү бидний яриа өндөрлөх үед залууст бусдыг хүндлэх, нэгтгэх, бүтээмжээ өндөрсгөхөд таатайгаас гадна хүмүүст нэг ч гэсэн ажлаа амжуулаад гарах боломжийг хангаж өгч байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлсэн юм.
Тэрбээр “Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй эхний өдөр. Өчигдрийн цахим хуудсандаа оруулсан пост маань хамгийн эхний пост мөртлөө маш олон хүнд хүрсэн байна лээ” хэмээв. Түүний хэлсэнчлэн мэдээлэл өгөх байдлаар оруулсан нэг л пост олон хүнд хүрснээс харахад манай улсад энэ төрлийн нэг хүний оффис, өрөө дутагдаж байсныг ч харуулав бололтой.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Таатай юм бэ? хаяг нь хаана юм бэ??
UBH center 14 давхарт
сайхан шинэ санаачлага байна амжилт
гоё мэдээ байна
маш зөв юм хийжээ, ялангуяа хөдөө орон нутгаас түр ажил хөөцөлдөхөөр ирсэн иргэдэд их таатай юм байна.