Сурвалжилга: Цэцэрлэгийнхээ хашаанд ургасан ногооноос ургац хураасан цэцэрлэгийн багачуудын нэг өдөр 

"Хүүхэд аливааг бодит практик дээр мэдэрч, өөрийн гараар хийж суралцах нь насан туршийн мэдлэг болж үлддэг"

Намрын улирал танд юуг бодогдуулдаг вэ. Бүгд л хичээл сургууль, ажил руугаа хөл алдан гүйцгээнэ. Харин налгар намрын энэ л өдрүүдээр цэцэрлэгийн хашаанд ургасан шинэхэн ургацаа өөрийн гараар хураах хүсэлд автсан бяцхан жаалуудын нэг өдөртэй танилцлаа. Тэд өнөөдөр хүнсний болон нарийн ногоо хураахаар туршилтын талбайдаа цуглаад буй нь энэ юм.

Тэд хоёр эгнээнд жагсан алхсаар багаж хэрэгслийн байшингийн урд ирж зогсов. Байшин дотор хүүхэд бүрийн насанд тохирсон ногоо хураалтын багаж хэрэгслүүдийг байрлуулсан байх аж. Багаж хэрэгслээ авсны дараа хүүхдүүдийн харц өөрийн эрхгүй ногооны талбай дээр тусахыг ажиглав.

Төмс, ногоон сонгино, лууван, хүрэн манжин, байцай зэргийг ногооны талбайд тарьсан байна. Хүүхдүүд төмсний талбай дээр эхлээд ажиллав. Ногоо хураалт эхлэхийн өмнө багш хэрхэн ногоо хураах талаар хүүхдүүддээ зааж, мэдээлэл өгснөөр өнөөдрийн ургац хураалтын өрнүүн ажил эхэллээ.

Багш хөрсийг суллан дээш гаргахад хүүхдүүд суларсан хөрснөөс төмс авч, хоёр гартаа атгасаар нааш цааш гүйлдэнэ. Хураасан ногоогоо тэд зориулалтын сагс руу хийж байлаа. Нэг хүү “Багш аа, би аймаар том төмс хураасан” гэсээр ирж харуулав. Эхний ээлжийн ангийн хүүхдүүд төмсний талбайгаас хоёр сагс дүүрэн төмс хураан авлаа. Догдлон хүлээсэн ургац хураалтын ажилдаа тэд сэтгэл хангалуун байгаа нь илт. Бэлтгэл бүлгийн жаалууд сагс дүүрэн хураасан төмсөө “одоо би, одоо чи” хэмээсээр ээлжлэн өргөцгөөнө.

Төмс, улаан манжингаа хураан авсан жаалууд дараагийн ээлжинд хүлэмжийг сонирхож, зохих ургацыг авсаар гарч ирэв. Ногооны талбай сагс хооронд цуцалтгүй гүйсэн хүүхдүүд сая нэг амьсгаа авав бололтой. Багшийг хүлээх хэсэгхэн зуурт ч дэггүйтээд авахаа мартсангүй.

Аливаа хөдөлмөрт хэрхэн суралцахыг хий хоосон номлох биш харин өөрийн биеэр үзүүлж, дуурайлган сургаж байгааг харахад таатай байлаа. Ногооны талбай, хүлэмжийг сургалтын бааз болгон ашиглаж, тэмдэг тэмдэглэгээг ч бүрэн байрлуулсан байв. Урьд нь ээж, аавынхаа авч ирсэн худалдааны ногоог зургаар л илэрхийлдэг байсан хүүхдүүд өнөөдөр хүнс, нарийн ногоог өөрийн гараар хураан авахын сацуу ямар ажиллагаа шаарддаг талаар мэдлэгтэй боллоо. “Ирэх долоо хоногийн хураалтаа энэ хэд маань хүлээж тэсэхгүй байх даа” хэмээн ангийн багш нь хэлж байв. Учир нь долоон хоногийн эхний өдрөөс л хэзээ ногооны талбай дээр очих юм бэ хэмээн ангийн хүүхдүүд нь тасралтгүй асуусан гэнэ.

Төлөвлөгөө ёсоор дараагийн ээлжийн хүүхдүүд ирж, ногоогоо хураав. Энэ зуур бид хүүхэд бүрт олон талын мэдлэг хүмүүжил олгох зорилгыг дэвшүүлэн ажиллаж буй нийслэлийн Баянзүрх дүүргийн 147-р цэцэрлэгийн арга зүйч Н.Алагцэцэгтэй ярилцлаа.

-Өнөөдрийн ургац хураалтад хэдэн бүлгийн нийт хэчнээн хүүхэд оролцож байна вэ, өмнөх долоон хоногт ч хүүхдүүд ногооны талбай дээр ажилласан гэсэн?

-Өнөөдрийн ногоо хураалтын ажилд гурван бүлгийн 92 хүүхэд оролцож байна. Намрын улирал болж, ургац хураах цаг болсонтой холбоотойгоор өнөөдөр манай цэцэрлэг ногоо хураалтын ажлыг зохион байгуулж байна. Ногоо хураалтын ажилд бага насны хүүхдийг оролцуулж, хөдөлмөрийн үр шимийг нь мэдрүүлэхэд зориулж өнөөдрийн үйл ажиллагааг явуулж буй юм. Манайх бэлтгэлийн долоон бүлэгтэй. Үүний эхний гурван бүлэг өмнөх долоон хоногт ногоо хураалтад оролцсон. Үлдсэн дөрвөн бүлгийн хүүхдүүд маань өнөөдөр ногоогоо хурааж байна. Ирэх долоон хоногт ахлах бүлгийн хуваариуд гарч, ногоо хураалтад оролцох юм.

-Цэцэрлэг, сургууль бол хүүхдийн хөгжих хүмүүжих чухал орчин. Тоглож наадан өдрийн турш цэцэрлэгт өнжиж буй хүүхдүүдэд ногоо хэрхэн хураахыг заахын тулд хүлэмж, ногооны талбайг сургалтын бааз болгосныг харлаа. Танай цэцэрлэг хэзээнээс ногооны талбай, хүлэмжийг сургалтын бааз болгохоор шийдэж, ажлаа эхлүүлсэн бэ?

-Манай цэцэрлэг энэ хавраас туршилтын ногооны талбай ажиллуулж эхэлсэн. Хүүхдүүдээр үр ногоог нь суулгуулж, тариулах байсан боловч дэлхий нийтээр гарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас манай цэцэрлэгийн багш ажилчид өөрсдөө ногоо тарьж, талбайн тохижуулалтыг хийж ажилласан. 220 метр квадрат талбайг цементэлж, туршилтын талбайд зам гаргасан. Манай цэцэрлэг 900 гаруй хүүхэдтэй. Хүүхэд бүр нэг дор гарах боломжгүй учраас анги, бүлэг бүр тодорхой хуваарийн дагуу ногооны талбайн үйл ажиллагаанд оролцдог. Урд хэсгийн замаар хүүхдүүд тойрч зогсоод ногооны талбайг харах боломжтой. Харин ард хэсгийн зам дагуу сандлыг байршуулж өгсөн байгаа. Сандал дээр хүүхдүүд суусан байх үед багш тариалсан ногоо, түүний ач холбогдол зэргийг тайлбарлаж өгдөг.

-Цахим орчинд ургац хураалтад оролцсон хүүхдүүдийн эцэг, эхчүүд зөв санаачилга хэмээн дэмжиж байгаа харагдсан. Эцэг эх, багш хоорондын хамтын ажиллагаа энэ ажилд бий юу?  

-Эцэг, эхийн оролцоо, үр дүнд суурилсан хяналт үнэлгээг хавар хийсэн. Ингэхдээ анги, бүлэг бүрээс эцэг, эхийн төлөөлөл оролцсон. Бид үр дүнд суурилсан шинжилгээний ажлын хүрээнд ногооны талбай байгуулах ажлыг хийх гэж байгаагаа танилцуулсан. Эцэг, эхчүүд маань таатайгаар хүлээн авч, хүрз, элс, цемент гэх мэт хэрэглэгдэх материал дээр туслалцаа үзүүлсэн. Хүүхдийнхээ ногоо хураалтын ажилд оролцсоныг харсан эцэг, эхчүүд баярлаж, талархаж буйгаа цахим орчинд бичсэн байсан. Өөрөөр хэлбэл,  хүүхэд бүр цэцэрлэг дээрээ зүгээр тоглоод өнждөггүй. Цэцэрлэг хүүхдийг хөдөлмөрт сургаж, түүний үр шимийг мэдрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм байна гэсэн ойлголттой болсон байх гэж бодож байгаа.  

Хүүхдэд бичиг үсэг заахаас гадна амьдрах ухаанд сургах нь хамгаас чухал хэмээн эцэг, эх, багш нар ярьдаг. Жишээлбэл, ногооны талбай дээр ажиллаж, хэрхэн хураан авдаг талаар бодит практик дээр суралцахын ач холбогдлыг дурдаач?

-Хүүхэд өөрийн гараар, бодит практик дээр мэдэрч, суралцах нь насан туршийн мэдлэг болж үлддэг. Тийм ч учраас сургуулийн өмнөх боловсролын үед хүүхэд бүрийг барьж, мэдрүүлж, хүртүүлсний дүнд ой тоонд илүү сууна гэх зарчмыг баримталдаг. Иймд хүүхдүүдийг энэ төрлийн үйл ажиллагаанд оролцуулах сонирхол их байдаг. Бид ажилчдаараа хураалгавал хураалгачихна шүү дээ. Хамгийн гол нь хүүхэд өөрийн харсан, хийсэн зүйлээ хамгийн сайн тогтоож, сургалтын үйл ажиллагаанд ч энэ байдал нь нөлөөлдөг юм.

Мөн ногооны талбай дээр хаа сайгүй гишгэхгүй, зориулалтын талбай, замаар явахад суралцдаг. Өөрөөр хэлбэл, тарьсан ногоон дээр гишгэхгүй явж сурах нь ногоо тарихаас илүү хүмүүжлийн ач холбогдолтой. 

-Цаашид ногооны талбайгаа өргөжүүлэх талаар гаргасан хэтийн төлөвлөгөө бий юу?

-Ирэх хичээлийн жилд ногооны талбайг тойрсон хана дээр ногоо бүрийн ургалтыг үзүүлсэн зургийг зурах төлөвлөгөө бий. Орчин бүрдүүлэх нь маш чухал.

-Сургалтын тал дээр ач холбогдолтой өөр ямар нэмэлт ажлуудыг танай цэцэрлэг хийж байна вэ?

-Хүүхдийг багаас нь хүрээлэн орчноо бохирдуулахгүй, хогийг зөв ангилж чаддаг байхад сургах хэрэгтэй. Иймд манай цэцэрлэгийн зүгээс ахлах болон бэлтгэл бүлгийн ангид хогоо ангилан ялгах савыг байршуулж өгсөн.

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Цэцэрлэгийн жаалуудын өнөөдрийн ногоо хураалтын ажил өөрсдийн хураасан шинэхэн ногоогоо хоол үйлдвэрлэлийн тогооч нартаа оруулж өгснөөр дууслаа.  Ийнхүү тэд тус тусын ангид орцгоов.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.245Зочин   • 2020, 9 сарын 14. 10 цаг 29 минут

Хүүхдүүдэд танин мэдэхүйн ач холбогдолтой сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа багш, ажилчидад баярлалаа. Амжилт хүсье.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.