2020 оны 9-р сарын 24
8 цаг 10 минут

Д.Амгалан: Цар тахлын дараа бизнес, эдийн засгийн бодит өсөлтийг л хүлээдэг болно

МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав

“Цар тахлын дараах бизнесийн орчин: Боломж ба сорилт” сэдвээр “Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн”-гийн захирал, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа. 

-Коронавирусийн улмаас дэлхий нийтээр эдийн засаг тодорхой хэмжээнд хямарч эхэллээ.  Монголд ч гэсэн нөлөөлж байгаа. Гэхдээ цар тахал нэг өдөр намжиж таарна. Цар тахлын дараа бизнесийн орчин ямар байх бол. Эдийн засагчдад тодорхой төсөөлөл байгаа байх?

-Том тахлын дараа эдийн засаг болон бизнесийн орчинд нэлээд өөрчлөлт гардаг. Тахалтай холбоотой хямрал яаж нөлөөлснөөс болоод түүнтэй уялдуулж, бодит нөхцөл байдлыг дүгнэх, цаашдынхаа төлөвлөгөөг тодорхой болгох гэх мэт янз бүрийн асуудал үүсдэг. 20 дугаар зууны хямрал буюу дэлхийн хоёрдугаар дайны өмнө гарсан АНУ-аас үүдэлтэй эдийн засгийн хямрал 10 жил үргэлжилсэн. Ойрын хугацаанд гэвэл, 2008 оны эдийн засгийн хямрал байна. 2009 оны цар тахлын хямралыг бас дурдаж болно. N1H1 вирусээс үүдэлтэй болсон хямрал. Тэр үед дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 5 хувиар буурч байсан. Дэлхийн эдийн засагт 3 их наяд ам.долларын алдагдал үүссэн. Нийт хүн амын 11-21 хувь нь өвчилж, 00.2 хувь нь нас барсан. Цар тахал эдийн засагт ингэж л нөлөөлдөг.  Цар тахал, эдийн засгийн хямрал гэдэг нэг ёсондоо сорилт.

Коронавирус 2019 онд Хятадаас эхлэлтэй гэж дэлхий нийтээр тарлаа. Дэлхий нийтээр эхэндээ  иргэдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарч байлаа. Эрүүл мэндийн салбартаа хэтэрхий анхаараад эхлэхээр нөгөө талдаа эдийн засагт нь хүндрэл үүсдэг. Тэгэхээр улс орнуудад иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарахын зэрэгцээ эдийн засгаа авч үлдэх шаардлагатай болж байна. Энэ хоёрыг зөв хослуулна гэдэг улс орон болгоны өмнө тулгараад байгаа том сорилт. Бид ч гэсэн ялгаагүй энэ сорилттой тулгарч байна. Эрүүл мэндээ бодоод хорио цээр тогтоохоор эдийн засгийн болон бизнесийн үзүүлэлтүүд унаад ирдэг. Нөгөө гадаад худалдаанд доголдол үүснэ, импорт багасна, экспорт хүндэрнэ. Үүнийгээ дагаад эдийн засаг агшдаг. Эдийн засгаа бодъё гээд хөл хорио тогтоохгүй орхивол бас хэцүү. Хэрвээ дотооддоо вирусээ алдчихвал бүр ч илүү хүндрэл үүснэ. Энэ хоёрын хослолыг бий болгосон нөхцөл байдал бизнесийн орчинд зайлшгүй шаардлагатай болж байна. 

Бизнесийн орчин даяарчлагдах маягтай явж ирлээ шүү дээ. Одоо үүнд томоохон өөрчлөлт орно. Манай улс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр хичээж байгаа. Төр засгийн зүгээс ч бодлого гаргадаг, бизнес эрхлэгчид ч энэ чиглэлээр ажилладаг. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хүндрэл үүсэж байгаа. Яагаад гэвэл одоо дижитал орчинд суурилсан бизнесийн орчин зайлшгүй шаардлагатай болж байна. Үүнтэй холбоотойгоор даяарчлалын нөхцөл байдалд өөрчлөлт орон гэсэн үг. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлд сөрөг нөлөөлөл авчирна. Харин томоохон үйлдвэрлэлүүдэд харьцангуй тааламжтай нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа. Үндэсний том үйлдвэрүүдээ илүү дэмжих хэрэгтэй. Харин томоохон үйлдвэрүүд нь бэлтгэн нийлүүлэгч, бараа бүтээгдэхүүн дамжуулан худалдаалдаг салбаруудаа бий болгох нөхцлийг үүсгэнэ л гэж харж байгаа.

-Зарим эдийн засагчид, Сангийн сайд цар тахлын дараа эдийн засаг маш хурдтайгаар буюу V хэлбэрээр өснө. Өмнө нь ингэж өсөж байсан гэж яриад байгаа. Хурдтай өсөх боломжтой юу?

-Тийм боломж байхгүй. Цар тахлын эдийн засаг V хэлбэртэйгээр огцом өсөх нөхцөл байдал үүсэхгүй. Зарим эдийн засагчид, хүмүүс тэгж тайлбарлаад л байгаа. Миний харж байгаагаар эдийн засаг маш удаан, алгуурхан өснө. Би сая нөхцөл байдлыг хэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөд хүндрэлтэй болно. Яагаад гэвэл глобаль нөхцөл байдалд томоохон өөрчлөлт орж байгаа байхгүй юу. Өмнө нь Хятадын Ли Монголын бат хоёр хорших маягтайгаар наймаа арилжаа хийгээд, бизнесээ өргөжүүлэх боломжтой байсан. Одоо тийм боломж байхгүй. Яагаад гэвэл, глобаль нөхцөл байдал хумигдаад, улс орон болгон дотогшоо чиглэлтэй бизнесийн орчныг бий болгож эхэллээ. Тэгэхээр Бат, Доржтой л нэгдэх ёстой болно. Доржтой нэгдэж байгаа учраас томоохон үйлдвэрүүдээ дэмжих ёстой юм.

Цар тахал томоохон сорилтыг бий болгож байгаа. Дагаад сөрөг нөлөөлөл ч их байна. Хүмүүс олноороо ажлын байргүй болсон. Санхүүгийн болон материаллаг эх үүсвэрүүд хомсдож байна. Бараа, бүтээгдэхүүн авдаг зах зээл ч хомсдож байгаа.

Хэрэглэгчийн худалдан авах философид хүртэл өөрчлөлт орно. Өнөөдөр иргэд ямар ч төлөвлөлтгүй, юу хамаагүй авдаг байсан. Тэгвэл цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор төлөвлөдөг болно. Зөв зүйлд хөрөнгө оруулна. Ингэхээр эдийн засаг хэвийн байх үеийнх шиг хаа хамаагүй мөнгөний урсгал явахаа болино гэсэн үг шүү дээ. Ерөөс төлөвлөлттэй, зохион байгуулалттай л мөнгөний урсгал явна. Шинээр хэрэглэгч үүсэхгүй. Үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид хуучин хэрэглэгчидтэйгээ л илүү нягт харилцдаг харилцаа л хямралын дараа үүсэж эхэлнэ. 

 

Эдийн засгийн хямрал, тахлаас үүдэлтэй хямрал хоёр чинь өөр. Эдийн засгийн хямралын дараа хүлээлт үүссэнтэй холбоотойгоор огцом өсөлт гардаг. Үүнтэй л адилтгаж яриад байна. Тэгвэл тахлаас үүдэлтэй хямралын дараа эрүүл мэнд, эдийн засагтай холбоотой маш олон эрсдэлийг давж гарч байж хамгийн ухаалаг худалдан авалт, үйлдвэрлэл, худалдаа арилжаа бий болно гэсэн үг. Тэгээд ч цар тахлын дараа шууд нүүр тулсан харилцаа гэхээсээ илүү цахим руу шилжинэ. Цахим харилцаа руу шилжээд ирэхээр цахим худалдаа, мэдээллийн солилцоо илүү эрчимжинэ. Бүх зүйл цахимжаад ирэхээр дата бааз нүдэн дээр ил харагддаг болно. Энэ бол бизнест үлдэх нэг сайн тал. Тэгэхээр худалдаалж байгаа нь ч, худалдан авч байгаа нь ч гэсэн хянах самбартай болно. Хуучин шиг гэнэтийн хөрөнгө оруулалт, худалдан авалт үндсэндээ байхгүй болох учраас зарим эдийн засагчдын, Төр засгийнхны яриад байгаа шиг огцом өсөлт гарахгүй. Алгуур өснө гэдгийг дахиад хэлье. Худалдан авалт, үйлдвэрлэл ч ухаалаг болно. Өөрөөр хэлбэл, бизнесийн хүлээлт зөв болно гэсэн үг. Өсөлтийг эрхэмлэх биш аль болох тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Үндсэн бизнестээ илүү анхаардаг болно.  Илүү зүйлд хөрөнгө оруулалт хийхээ болино.

-Тэгэхээр чинь бизнесийн орчин хумигдах юм биш үү?

-Бизнесийн орчин хумигдана гэхээсээ илүү худалдан авалтын үйл явц илүү ухаалаг, хяналттай болно. Тийм учраас зорилтот бус эдийн засаг, бизнесээс гадуур явж байдаг хөөс алга болох юм. Зөвхөн төлөвлөгөөт зүйлээ л үйлдвэрлэнэ. Энд нэг гутлын үйлдвэр байлаа гэхэд гутлаа л үйлдвэрлэх юм. Гутлын үйлдвэр хажуугаар нь цүнх үйлдвэрлэх гээд гүйгээд байхаа болих л байхгүй юу. Талхны үйлдвэр талхаа л үйлдвэрлэнэ, хажуугаар нь чихэр худалдаалдгаа болино гэсэн үг. Үндсэн бус бизнесийн үйл явц аяндаа хумигдана. Тиймээс огцом өсөлт гарахгүй. Төлөвлөлттэй, зохион байгуулалттай зугуухан өсөлт л гарна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өсөж, борлуулалт тааламжтай болоод ирэхээр төлөвлөлтгүй худалдан авалт ихэсдэг. Ипотекийн хөтөлбөрийг дэмжсэн бодлого яваад л. Хүмүүс хоёр, гурван байр худалдаж аваад байдаг. Хүнд нэг байр хэрэгтэй биз дээ. Эдийн засгийн агшилт гэдэг санхүүгийн зөв зохион байгуулалт, тооцоолол, судалгаа руу аваачдаг. Цар тахлын дараа бизнес, эдийн засгийн бодит өсөлтийг л хүн хүлээдэг болно.  Үсрэнгүй өсөлт, хөөсрөлт рүү орохгүй гэсэн үг. Ийм л зүйл болно.

-Эдийн засаг хумигдахаар дагаад ажлын байр цөөрөх гэх мэт сорилтууд гарах уу?

-Цар тахлын үед ажлын байр цөөрч, сорилт гарч ирж байна. Ажлын байр, санхүүгийн эх үүсвэр хумигдаж байгаа. Таван хүн ажиллуулдаг байгууллага орон тоогоо цөөлөөд, гурав болгох жишээтэй. Зардлаа хэмнэх гээд байна шүү дээ. Борлуулалт багасаад ирэхээр зардлаа хэмнэхээс өөр арга байхгүй. Харин цар тахлын дараа аажмаар сэргэнэ, ажлын байр нэмэгдэнэ. Хамгийн гол нь цар тахлын нөлөөлөл сахилга батыг, бизнесээ судалдаг байдал руу оруулж байна. Энэ нөхцөл байдал цар тахлын дараа ч үргэлжилнэ гэдгийг л би хэлээд байгаа хэрэг.

-Манай улс тэртээ тэргүй гадагшаа бараа, бүтээгдэхүүн бараг экспортолдоггүй орон. Дотоодын бизнесийн харилцаа л голлодог. Та түрүүнд цар тахлын дараа улс орон болгон дотоодынхоо бизнесийн харилцаанд илүү анхаарч эхэлнэ гэсэн. Манайд тэр нөлөөлөл нь хүндээр тусахгүй юм биш үү. Тэртээ тэргүй манайд  дотоодын л бизнесийн харилцаа түлхүү байгаа болохоор?

-Төр засаг дунд, урт хугацааны тогтвортой бодлого гаргаж, бизнесийг дэмжиж чадвал энэ хувилбарыг ашигтай болгох боломж бий. Хамгийн аюултай нь манай улс үйлдвэрлэгч орон биш. Импортын бараагаар л амьдардаг. Импортоор оруулж ирсэн бараагаа дамлан зарахыг бизнес гэж яриад байдаг. Хэрвээ импортод хязгаарлалтад тогтоогоод өгчихвөл бид дотооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх замыг сонгоно. Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод ирвэл гадагшаа алддаг байсан валютын урсгал зогсоно. Баялгаа дотооддоо авч үлдэх боломж ч бүрдэнэ. Цар тахлын хөл хориотой энэ үеийг л бид боломж болгож харах ёстой. 

Техник технологи, үйлдвэрлэлийн салбарт оюуны чадавхийг ашиглах ашиглалт ч сайжрах боломжтой. Өнөөдөр Монголд их, дээд сургууль төгсөж байгаа хэдэн мянган оюутан байна. Тэдний оюуны, хөдөлмөрийн чадварыг хэрэглэдэг зах зээл гэж алга. Үйлдвэрлэл явуулахгүй болохоор яаж ашиглах юм. Гадаадаас авчирсан барааг л зардгаа бизнес гэж ярьдаг. Тэгвэл цар тахлаас үүдэлтэйгээр үйлдвэрлэгч орон болох боломж бүрдэх хандлага бий. Дээрээс нь манай улс ганцхан уул уурхайгаасаа л орлого олж байгаа.  Уул уурхайн түүхий эдийг Хятадын зах зээлд гаргаж л валютын орох урсгалаа хангадаг. Өөр зүйл үйлдвэрлэдэггүй. Ганцхан хөлтэй эдийн засгаар урагшлах боломжгүй гэдэг нь хангалттай батлагдсан.

Тэгвэл уул уурхайн орлогоос орж ирсэн жаахан мөнгөөрөө хөдөө аж ахуйг үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлэхэд анхаарах ёстой. Одоо бол хөдөө аж ахуйн түүхий эдийг бэлтгэх бааз маягтай л ажиллаж байгаа. Тэгвэл бэлтгэлийн баазыг үйлдвэрлэл рүү шилжүүлэх боломж бүрдэнэ. Хэрвээ зөв л бодлого гаргаж чадвал. Махыг эцсийн бүтээгдэхүүн болгох. Малынхаа түүхий эд, арьс, ширийг боловсруулах. Ноос, ноолуураараа эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Үүнийг дагаад ажлын байрууд бий болох ёстой.  Сүү, сүүн бүтээгдэхүүнээр манайх дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Гэтэл гадаадаас авдаг. Тэгвэл дотоодынхоо үйлдвэрлэгчдийг дэмжээд, гаднаас өөрсдөө үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн авахгүй байя л даа.

Энд нэг зүйлийг нэмээд хэлэхэд, цар тахлын дараа банкны салбар, мөнгөний зах зээл уналтын байдалд орно. Яагаад гэвэл манай улс хэтэрхий өндөр зээлийн хүүтэй байдаг. Энэ орон зай хөрөнгийн зах зээл рүү ирэх болов уу гэж би харж байгаа. Хөрөнгө оруулагчид банкинд мөнгөө хадгалуулаад, тэрийг зээл хэлбэртэй гаргах биш, хөрөнгийн бирж дээр зөв хөрөнгө оруулалт хийх байх. Манайд хөрөнгө оруулалтын дотоод нөөц боломж бий. Банкны хадгаламжинд эргэлдэж байгаа мөнгийг дайчлан, хөрөнгө оруулалт руу л оруулах хэрэгтэй. Төрөөс дэмжээд, хууль, эрх зүйгээрээ хамгаалаад, баталгаажуулаад өгвөл хүмүүс мөнгөө банкинд хадгалахаасаа илүү хөрөнгө оруулалт хийнэ. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлдвэрүүд ч нэмэгдэнэ. Цар тахлын дараа үүн рүү шилжих боломж байгаа.  Гэхдээ үүнд Төрийн бодлого маш чухал.

-Төрөөс тодорхой хэмжээнд дэмжээд, бодлого гаргаад байна л гэдэг шүү дээ?

-Өнөөдрийн хэрэгжиж байгаа бодлого хэрэглээ рүү хэтэрхий их чиглээд байна.  Дэлхийн ихэнх улс хэрэглээг дэмжиж байгаа. Цалингүй боллоо гээд мөнгө өгөх жишээтэй. Бүр ямаанд хүртэл мөнгө өгдөг. Улс төртэйгээ хутгаад, хэтэрхий хэрэглээ рүү чиглээд байна. Одоо ингэж байх цаг биш. Иргэнээ, аж ахуйн нэгж, байгууллагаа яаж орлоготой авч үлдэх вэ гэдэгтээ л анхаарах ёстой. Бэлэн өгөөд байгаа мөнгөө авч үлдээд, улсынхаа хэрэглээнд зарцуулаач дээ. Харин аж ахуйн нэгжүүддээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь хангалттай эдлүүлчих. Мөнгө өгөх нь гол биш. Авах гэж байгаагаа түр хойшлуулаад, царцааж яагаад болохгүй гэж. Тэгвэл том үйлдвэрүүд чинь оршин тогтноод үлдэнэ. Монголын томоохон үндэсний үйлдвэрүүд байна. Олон нэр дурдаж болно. Тэдэндээ татварын хөнгөлөлтийг хангалттай эдлүүлэх ёстой байхгүй юу.

-Та үндэсний үйлдвэрүүдийг илүү томруулах, бойжуулах боломж бүрдэж байна гэлээ. Хэдийгээр цар тахал гарсан, гадаад худалдаа багасаж байгаа ч үндэсний үйлдвэрийн хөгжилд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй юм биш үү. Наймаа хийдэг хүмүүс гаднаас бараагаа захиж аваад, урьд өмнөх шигээ зарсаар л байна. Цар тахал намжвал гаднаас бараа зөөх байдал улам л нэмэгдэнэ. Тэгэхээр үндэсний үйлдвэрүүд өсөж дэвжихээс хойш чангаасан хэвээр л байх дүр зураг харагдаж байна?

-Гадаад худалдаа харьцангуй багассан. Одоо буцаад бага багаар нэмэгдэж байна. Гэхдээ бид энэ хугацаанд зүгээр л гадаад нөхцөл байдлыг ажиглаад, аясаар нь байгаад байлаа. Энд л бодлого хэрэгтэй байгаа юм. Гадаад худалдаа багаслаа, импорт буурч байна. Энэ орон зайг яаж нөхөх гэдэг бодлого хэрэгтэй. Мэдээж томоохон хүчин чадалтай үйлдвэрүүд тэр орон зайг нөхнө. Улсад хөрөнгө оруулалт хийх мөнгө байхгүй л гэх байх. Тэгвэл банкинд мөнгөө хадгалчихсан хүмүүсийн хөрөнгийг томоохон үйлдвэрүүд рүү гаргах боломжийг л эрх зүйгээр нь нээгээд өгөх ёстой. Чөлөөт зах зээлийг төр засгийн зүгээс хууль, эрх зүйгээрээ нээж өгөх хэрэгтэй юм.

Төрийн оролцоо гэж юуг хэлэх вэ гэвэл хууль, эрх зүйгээрээ л оролцох. Дэмжиж байгаа талдаа хуулийн дэмжлэг үзүүл. Хөрөнгө оруулалт хийлгэхээр шахаж байгаа талаа ч хууль, эрхзүйгээр шахаад өгөх л хэрэгтэй. Ингэвэл суваг нь зөв нээгдэнэ. Түүнээс биш А компанийн үйл ажиллагаанд төр оролцох нь зөв биш. Өнөөдөр бид яг л өмнөх шигээ л ажиллаж байна. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр эдийн засаг сэргэдэг. Бусад үед нь хямардаг. Дэлхийн эдийн засаг хямраагүй байхад л манайх дотооддоо хямардаг. Одоо ч бид “хэзээ алуулах бол” гэж хүлээж байгаатай адилхан л хүлээгээд сууж байна. Засгийн бодлого тийм л байгаа. Бизнесийнхэн чадах чинээгээрээ арга хэмжээ авдаг. Энэ салбар хэцүүдлээ гэдгээ мэдэрдэг. Барилгын салбараа болиод хүнс, хөдөө аж ахуй  руу оръё гэх зэргээр хөрвөөд байгаа. Бизнесийн ямар үед, юу хийхээ мэддэг болчихсон. Гагцхүү Төр засгаас л бодлогоор хангаад өгчих хэрэгтэй юм. Түүнээс биш тахлын үед ч, дараа нь ч шинэ харилцагч, худалдан авагч олно гэдэг байхгүй асуудал. Тийм учраас айхтар өсөлт гарахгүй.

-Та түрүүнд цахим худалдааны талаар дурдсан. Цар тахал цахим худалдааны хөгжлийн түргэтгэж байх шиг байна. Цахим худалдаа илүүтэй хөгжсөнөөр ямар боломж бий болох бол?

-Дэлхий дахинд цахим худалдаа руу шилжих хандлага үүсэж байсан. Заавал дэлгүүрт очих биш хүргэлтээр авдаг дижитал хэлбэр рүү шилжиж байлаа. Харин коронавирус энэ шилжилтийг илүү хурдасгаж өгч байна. Бүхий л салбар цахим хэлбэр рүү орох ёстой. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбар гэлтгүй. Энэ чинь бид хянах самбартай болж байгаа хэрэг. Энэ талаар би түрүүнд бас дурдсан даа. Бизнесийн байгууллага худалдан авагчаа хүртэл мэддэг болно гэсэн үг. Өмнө нь хэн худалдаж авдаг талаар мэддэггүй л байсан. Бараа нь шавхагдаж дуусвал сайн ажиллаж байна гэж боддог. Зарагдахгүй бол муу байна даа гэж тооцдог. Харин цахимд шилжсэнээр ямар хүмүүс худалдаж авч байна, аль өдөр борлуулалт нэмэгдэв гэдгээс авахуулаад бүгдийг нь хянах самбартай болно. Үндсэндээ бизнес өөрөө төлөвлөгөөтэй  болох систем рүү орно. Энэ талаас нь харвал хөгжил. Одооноос аж ахуйн нэгж, байгууллагууд энэ мэт өөрчлөлтөд бэлтгэх ёстой. Тэгж байж цаг үетэйгээ хөл нийлүүлж чадна. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.