2020 оны 9-р сарын 25
8 цаг 00 минут

Д.Хулан: Дэлгэцийн анхны дүр Тогосоо, тайзных Кити, надад бүх зүйл зүүд шиг л санагдаж байна   

УДЭТ Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа жүжиг болгон, тайзнаа тавих гэж байгаа билээ. Аравдугаар сарын 1-нд энэхүү жүжгийн нээлт болох учиртай. Тэгвэл энэхүү жүжгийн Кити Щербацкаягийн дүрд тоглож байгаа залуу жүжигчин Д.Хулантай ярилцлаа. Түүнийг бид “37-р точка” киноны Тогосоогийн дүрээр аль хэдийнэ таньдаг болсон билээ. 

-Алдарт “Анна Каренина” романыг Монголд анх удаа жүжиг хэлбэрээр тавих гэж гэж байна.  Энэ жүжгийн Кити Щербацкаягийн дүрд Д.Хулан тоглож байгаа. Зохиолын хамгийн чухал дүрүүдийн нэг. Энэ том дүрд тоглох боломжийг хэрхэн олж авав?

-Би энэ жил СУИС-ийг төгссөн. УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар манай ангийн багш. Бид төгсөхдөө жүжиг тавьдаг. Тэр жүжгийнхээ дүр дээр ажиллаж байтал багш маань ирээд, “Чи Китигийн дүрд сонгон шалгаруулалт өгөөрэй. Анги болгоноос олон охидууд энэ дүрд тоглохын төлөө шалгалт өгч байгаа” гэж хэлсэн. Тэр том боломжийг алдахыг хүсээгүй. Ямар ч байсан шалгалтаа өгье. Тэнцсэн ч бай тэнцээгүй ч бай хамаагүй өөрийгөө сориод үзье гэж бодсон. Шалгаруулалтад ч орсон, Китигийн дүрд тэнцсэн. Энэ дүрд тоглох болсондоо маш их баяртай байгаа.

-Мэдээж ийм том дүрийн шалгаруулалт болохоор маш их өрсөлдөөнтэй байсан байх. Шалгаруулалтыг ямар журмаар хийсэн бэ?

-Шалгаруулалтыг хийхдээ жүжгийн хэсгээс тоглуулж авсан. Би ангийнхаа найзтай хамтарч бэлтгэж байгаад Драмын театрын тайзан дээр тоглож, шалгалт өгсөн. Энэ дүрд тоглохоор шалгарснаас хойш судалгаагаа хийсэн. Зохиолоо маш сайн уншиж байна. Китиг гаднаасаа, дотроосоо ямар охин бэ гэдгийг төсөөлж, өөрийнхөөрөө хүргэхийг хичээж байна. Анна Каренина романаар хийсэн кинонуудыг ч маш их үзэж байгаа. 

-Энэ том дүрд тоглож байгаа болохоор зохиолоо маш сайн уншиж байгаа нь мэдээж. Китигийн дүр чамд юу бодогдуулсан бэ?

-Кити бол язгууртан, баян тансаг айлын охин. Дээрээ хоёр эгчтэй, нэг ахтай. Айлын хамгийн бага хүүхэд. Амьдралд нь хоёр сайхан залуу гарч ирдэг. Нэгийг нь сонгох хэрэгтэй болдог. Ингээд яриад байвал жүжгийнхээ талаар дэлгэрүүлж хэлчих гээд байна. Миний өнцгөөс харахад, Китигийн хайр бол энэ ертөнцийн хамгийн сайхан, гэнэн цайлган, хар бараан зүйлгүй тийм л хайр. 

-Вронскийд дурладаг. Эцэстээ Левин ямар сайн, өөрийнхөө сэтгэлд үнэнч хүн бэ гэдгийг ухаардаг, тэгээд гэрлэдэг. Магадгүй энэ бүхий л эмэгтэй хүмүүст тохиолддог нийтлэг үзэгдэл ч байж магадгүй гэж би боддог юм. Эмэгтэй хүний хувьд энэ өнцгөөс нь харж, бодож үзсэн байх?

-Хэдий зохиол ч гэсэн бодит амьдралд байдаг зүйлийн талаар л өгүүлсэн. Гоё, сайханд нь татагдсан залуутай учраад, маш их хайртай болсон. Гэвч тэр залуу нь өөр хүүхэнтэй явчихдаг. Энэ амьдралд байдаг л зүйл.  Түүнээс гадна, өөрт хайртай хүн гэж бас байна. Хэрвээ эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй гэрлэвэл жаргадаг гэдэг үг ч байдаг. Эмэгтэй хүн болгонд Левин шиг өөрийг нь үнэнчээр хайрлах залуу гарч ирдэг. Түүнийгээ л алдаж болохгүйг жүжиг үзсэн хүн бүр ойлгоно байх.

-Кинонуудыг нь үзсэн гэсэн. Зарим жүжигчид өмнө нь тэр дүрийг гаргасан мэргэжил нэгтнүүдийнхээ тоглолтыг үзэхгүй байхыг илүүд үздэг юм билээ. Яг тэрэнтэй адилхан тоглох вий гэдгээ болгоомжилдог гэдэг. Чиний хувьд тийм болгоомжлол байгаагүй юу?

-Ямар ч байсан чиглэлийг нь авчихъя, иймэрхүү охины дүр юм байна гэдгийг нь харчихъя гэж бодсон. Кинон уран бүтээлчид Китиг хэрхэн дүрсэлж вэ гэдгийг нь харахыг хүссэн. Жүжигт бол найруулагч өөрийнхөө сэтгэл нэг өөр Китиг харчихсан байгаа шүү дээ. Миний хувьд найруулагчийнхаа зааврыг маш сайн дагаж, Китиг гаргах гэж оролдож байгаа. Гэхдээ маш хэцүү байна. Дөнгөж л СУИС-ийн танхимаас гараад, УДЭТ-ын тайзан дээр энэ том дүрд тоглож байгаа болохоор. Найруулагчаа маш сайн сонсож, зааврыг нь дагаж байна. Түүний хажуугаар “Хэрвээ ингэвэл тэр киноны хэсэгтэй адилхан болчих юм байна. Тийм учраас ингээд өөрчилчихье” гэх зэргээр дотроо бодож тоглож байгаа зүйл ч байгаа.

-Жүжигчин болгонд дүрээ илэрхийлэх өөр өөрийн онцлог гэж байгаа. Д.Хулангийн Китиг илэрхийлэх арга барил нь юу вэ?

-Би одоогоор нөхөргүй, хүүхэдгүй залуу эмэгтэй. Энэ талаараа Кититэй би адилхан гэсэн үг. Тэгээд ч дунд сургуульд байхдаа би тийм хайр, дурлалтай учирсан. Одоо найз залуутайгаа үерхээд явж байна. Тиймээс аль болох өөртэйгээ ойрхон гэж бодоод байгаа.  Одоохондоо мундаг жүжигчид шиг холыг харж, илэрхийлж арай сураагүй байна. Тиймээс өөрөөсөө л дүрийнхээ илэрхийлэмжийг хайж, гаргаж байгаа. Найруулагчийнхаа зөвлөгөөг маш сайн дагаж байна даа. Найруулагч байхгүй бол би тэр дүрийг зөв гаргаж чадахгүй. Баян тансаг айлын охин юм чинь гээд хэт ихэмсэг байдлаар тоглочихвол яах билээ. Эсвэл юу ч үзээгүй жаахан охин шиг дэгж дэрвэсэн байдлаар хүргэчихвэл яах юм. Тэр болгоны тунг тааруулахаар хичээж байгаа.

-Надад Кити сэтгэл санааны хувьд гэнэтийн гэнэтийн том өөрчлөлтүүдтэй тулдаг дүр шиг санагддаг. Дурлалаасаа болоод сэтгэлийн өвчин нь хүндэрч, гадаад явж эмчлүүлж ч байх шиг. Сэтгэлийн тэр их хувирал, өөрчлөлтийг илэрхийлж гаргана гэдэг жүжигчин хүнээс маш их ур чадвар шаардах байх?

-Маш их ур чадвар шаардана. Китигийн дүр маш огцом эргэлттэй. Эмэгтэй хүн хамгийн сайнаараа хандаж, хайрлаж байхад хаяад явчихаар тартагтаа тулж, өвчин зовлонг өөрийн биеэр мэдэрдэг. Энэ бүхэн чинь эргэлт. Хамгийн сүүлд Левин өөрийг нь ойлгоод, түүнтэй гэрлээд, сайхан амьдардаг. Китигийн дүр маш их эргэлттэй. Ерөөс тэгэхгүй л бол дүр ямар ч хэрэгцээгүй болно.  Эргэлт ихтэй учраас л тэр дүр энэ зохиолд байх ёстой юм.

-Хүн өөрийнхөө үзсэн, туулсаныг илүү сайн илэрхийлж чаддаг байх гэж би боддог. Чиний хувьд хүчтэй дурлаад бүтээгүй болохоор шаналсан тохиолдол байв уу. Кититэй адилхан үйл явдал гэсэн үг л дээ?

-Дунд сургуульд байхдаа нэг хүүтэй үерхэж байсан. Гэнэн цайлган үерхэл байсан л даа. Гэхдээ л тэр үедээ шаналал гэдгийг үзсэн. Тэр мэдрэмжийг мэдэрсэн. Харин Анна Каренина зохиолын Кити бол маш гүн гүнзгий шаналлыг мэдэрдэг. Өөрийнх нь үдэшлэгт ирсэн хүмүүсийн нүдэн дээр Китиг тоохгүй Аннатай бүжиглэчихдэг. Хэрвээ миний амьдралд тийм зүйл тохиолдсон бол бараг л амиа хорлох шахах байсан байх. Эсвэл хаана ч юм очиж нуугдаад, хүмүүсийн өмнө гарч ирэхгүй амьдрахаар байдалд орох байсан болов уу. 

Драмын театрын тайз хамгийн чадвартай жүжигчдийн гарах талбар юм байна гэдэг бодол байнга төрдөг

 -Анна Каренинаг зарим судлаачид хайр дурлалын роман биш гэх мэтээр гүн ухаанлаг тайлбар хийдэг. Бид өөрсдийнхөө түвшинд хайр дурлалын роман л гэж ойлгодог. Эмэгтэй хүний хайр дурлал, зориг, магадгүй тэнэглэл нь ямар хүчтэй юм бэ гэж романыг нь уншчихаад бодсон. Чиний хувьд эмэгтэй хүний мөн чанар талаас нь юу гэж боддог вэ?

-Дунд сургуульд байхдаа би зохиолыг уншиж байсан. Тэр үед Аннаг энэ ертөнцийн хамгийн муу эмэгтэй юм байна. Нөхөртэй байж өөр хүнд сайн болоод, хүүхдээ хүртэл орхиод Вронскийтэй яваад өгдөг ямар муухай эмэгтэй вэ гэж бодож байлаа. Харин жүжигт тоглохоор болсны дараа уншсан чинь эсрэгээрээ байгаа юм. Тэр эмэгтэй худлаа ярьж чаддаггүй, өөрөөсөө илүү хүний боддог зан цаана байгаад байдаг. Хэдийгээр өөр хүнд хайртай болж, өөрийгөө бодсон юм шиг харагдаж байгаа ч хамгийн шударга эмэгтэй бол Анна. Хамгийн сүүлд романыг уншихдаа би Аннаг өмөөрсөн. Тэр бол маш хүчирхэг, бас шударга эмэгтэй юм байна гэж бодсон.

-Драмын театрт орох замаа засаад явж байна гэж ойлгож болох уу. Студийн ангийн жүжигчин болсон юм байна?

-Одоогоор студийн ангийн жүжигчнээр ажиллаж байна. Театрт ороод сар ч болоогүй байгаа. Дөрөвдүгээр дамжаандаа Анна Каренинагийн сургуулилтын үеэр ирээд, бэлтгэлээ хийгээд явж байсан. Төгссөний дараа Китигийн дүрээрээ шалгалт өгч, орж ирсэн. Студи ангийн жүжигчнээр ажиллаж, гайхалтай уран бүтээлчидтэй нэг тайзан дээр гарч байна. Монголын хамгийн том театрт ажиллаж байгаадаа баяртай байгаа. Хоёр жилийн дараа жинхэлнэ, үндсэн жүжигчин болно.

-Зарим жүжигчид Драмын театраас гарч байна. Зарим нь энэ театрт ажиллахыг мөрөөдөж орж ирдэг. Чиний хувьд УДЭТ-т ажиллах зорилготой байсан уу. Эсвэл гэнэтийн тохиолдлоор том театрын босго алхчихав уу?

-Оюутан байхдаа манай ангийнхан жүжгийн массанд явдаг байсан. Тэр үед л Драмын театрын тайзан дээр ганц удаа гарчих юмсан. Энэ том театрт ажиллаад үзчих юмсан гэсэн битүүхэн хүсэл байсан. Жүжигчний мэргэжлээр суралцаж бүхий л оюутнуудад тийм хүсэл, мөрөөдөл байдаг байх. Би өөрийгөө маш их азтай гэж боддог. Маш гоё кинонд тоглосон. Одоо Драмын театрын жүжигчин болох гараагаа эхлээд, том жүжигт тоглож байна. Тэр утгаараа би маш азтай хүн.

-Анх театрын тайзан дээр гарахад төсөөлж байсан мэдрэмжтэй нийлж байна уу?

-Анх битгий хэл одоо хүртэл би тайз руу гарахаасаа өмнө сандраад, алга хөлөрдөг. Гараад яах билээ гэж их бодно. Өөрийнхөө хийх ёстой зүйлийг л хийнэ шүү гэж өөртөө хэлдэг мөртлөө л яг тайзан дээр гарахаар огт өөр болчихдог. Цаанаасаа сандраад байдаг. Драмын театрын алтан тайз гэдэг хамгийн мундаг хүмүүсийн гарах тайз юм байна гэдэг бодол байнга төрдөг.  Алхам тутамдаа Драмын театрын жүжигчдийнхээ ямар чадвартай вэ гэдгийг нь мэдэрдэг. 

“37-р точка” кинонд тоглоогүй бол би маш том боломжийг алдах байсан

-Жүжигчин болгоны замнал янз бүрээр л эхэлдэг. Харин чиний замнал маш гайхал, өндөр цэгээс эхэлж байна. “37-р точка” киноны Тогосоод тоглосон. Драмын жүжигт анх тоглохдоо л Китиг амьдруулахаар болчихлоо.  Энэ гайхалтай эхлэл шүү?

-Би гуравдугаар дамжааны оюутан байхдаа л “37-р точка” кинонд тоглосон. Маш хэцүү байсан. Дөнгөж л 20 нас хүрч байлаа. Бараг хүүхдээрээ шахуу тэр том продакшнтай, тийм мундаг уран бүтээлчидтэй хамтарч, маш хэцүү дүрд тоглосон учраас хичээх ёстой гэж үргэлж бодож байсан. Хичээсэн, ямар ч байсан ард нь гарсан. Эргээд харахад, маш том ажлын ард гарсан байна. Монголын олон ангит киног нэг шат ахиулсан. Маш том төсөл байсан. Тэгвэл миний тайзны анхны уран бүтээл Кити байна. Надад бүх зүйл зүүд шиг санагдаад байгаа. Би зүүдлээд байна уу ч гэж боддог. Ангийнхаа найз охидтой уулзаад л “Би Драмын театрын тайзан дээр гарч, Китигийн дүрд тоглохоор боллоо” гэж хэлээд л баярлалдсан. Оюутны дөрвөн жил минь үнэхээр зүүд шиг л өнгөрлөө. Хэн болгонд олдохгүй боломж надад гарч ирсэн.

-“37-р точка” киноны Тогосоогийн дүр зүүд шиг санагдах замналын чинь эхлэлийг тавьж өгсөн. Өмнө нь уран бүтээлд оролцож байгаагүй, оюутан хүүхэд тоглоход маш хүнд дүр. Зарим хүмүүс Монголын Малена гэж зүйрлэдэг. Маленатай дүйцүүлж тодотгох нь хаашаа юм. Гэхдээ өгүүлэмжийн хувьд ойролцоо байж болохоор дүр. Тэр хэцүү дүрд тоглох зоригийг хаанаас олж авав?

-Хэрвээ би тэр кинонд тоглоогүй бол маш том боломж алдах байсан гэж бодож байна. Эхэндээ надад маш хэцүү байсан. Тийм сцен байгаа, хүмүүс юу гэж хэлэх бол, ойр дотныхон минь муугаар харчих вий дээ гэж айгаад л. Ээждээ хэлээд, “Би яах вэ, ийм боломж гарч ирж байна. Хүн болгонд олдохгүй боломж шүү дээ” гээд, ярилцсан. Ээж минь “Чи өөрөө чадна гэж бодож байвал хамаагүй. Энэ чиний сонгосон мэргэжил. Огт өөр мэргэжилтэй хүн байж чи энэ дүрд тоглох гээгүй. Өөрөөсөө өөр хүнийг гаргаж харуулах гэж байна. Чи өөрөө л мэд. Ээж нь чамайг чадна гэдэгт итгэлтэй байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөртөө чадна гэж хэлээд л хичээсэн. Уйлж байсан хэцүү үе байсан. Зарим хэсгийн зураг авалтад орохдоо чадахгүй болоод, уйлаад сууж байсан үе байсан шүү.

-Дүрийнхээ ерөнхий өгүүлэмж, илэрхийлэмжээс нь эмээж байв уу. Эсвэл эротик хэсгийн зураг авалтад орохоосоо айсан уу?

-Тогосоо их гоё дүр. Амьдрал үзсэн, дээд албан тушаалтнууд гэж ямар муухай хүмүүс байдгийг мэддэг. Багадаа ээж нь хүртэл тийм хүнтэй учраад, зовлон үзсэн тийм л бүсгүй. Дүр нь гоё боловч дунд олон янзын сценүүд байсан. Тэр сценүүд тухайн дүрд байх ёстой болоод л орсон. Тухайн үедээ маш хэцүү байсан. Одоо бодоход тийм хэцүү биш байж гэж боддог. Харин ч өөрийнхөө илэрхийлэмжийг 100 хувь хийхгүй яав даа гэж бодож байгаа. 

-Найруулагч Б.Тамир чамд дүрээ сайн гаргахын тулд “Дайны цэцэг”, “Малена”-г үзэж гэж зөвлөж байсан талаар нэг ярилцлагадаа хэлсэн байсан. “Малена”-г үзээд их олон зүйлийг олж авсан байх. Тогосоогийн дүрийг илэрхийлж гаргахад яаж нөлөөлсөн бэ?

-Хамгийн наад зах нь яаж биеэ авч явж байна. Хэрхэн алхаж, олны дунд яаж явж байна вэ гэдгийг ч анзаарч, суралцсан. Тогосоогийн дүр Маленатай адилхан биш. “Дайны цэцэг” киноны дүрүүдтэй адил биш шүү дээ. Тэр кинонуудаас би алхаа гишгээ, зан араншин ямар байх вэ. Би иймэрхүү байвал сайхан харагдах юм байна гэх зэргээр өөр дээрээ ажиллах зүйлсийг олж авсан.

  Өөрийгөө магтаж байгаа юм биш, би мэдрэмжтэй охин

 -Тогосоо, Кити хоёр тэнгэр, газар шиг ялгаатай дүр. Тогосоо шулуун, шийдэмгий зантай, хэнээс ч хараат биш, бүх хүмүүсийг өөрийнхөө байлгахыг хүсдэг бүсгүй. Гэтэл Кити даруухан, дэгж дэрвэсэн, бусдаас хараат маягтай охин. Тогосоогийн дүрд тоглож байсан хүн Китид тоглоход хэцүү байна уу?

-Тогосоо бол 29, 30-тай эмэгтэй. Харин Кити болохоор надтай насны хувьд ойролцоо. Би 17, 18-тай байхдаа дэгж, дэрвэсэн охин байлаа. Китид тоглохоор болчихоод “Ашгүй нэг өөртэйгээ ойролцоо, нас ч ижилхэн охины дүрд ажиллах нь” гээд баярлаж байсан. Энэ миний хүсэж байсан зүйлийн л нэг. Тогосоо гээд 30 настай эмэгтэйн дүрд тоглоод, чадах чинээгээрээ л үзэгчдэд хүргэлээ. Эсрэгээрээ жаахан охины дүрд тогловол би яаж ажиллах бол. Тоглож үзэх юмсан гэж маш их бодсон. Гэтэл гэнэт л Китигийн дүрд тоглохоор шалгарсан. Би өөрийнхөө чадах чинээгээр Тогосоо, Кити хоёрын дүрийг ялгаж, салгаж харуулна гэж бодож байгаа.

-Кититэй нас ойролцоо, байгаа байдал нь ч төстэй маягтай. Тийм болохоор энэ дүрийг илэрхийлж гаргахад илүү амар байгаа болов уу?

-Би 30 настай байж үзээгүй. 8 жилийн дараа 30 хүрнэ. Тэр утгаараа Тогосоогийн дүр хэцүү байсан. Харин 18 настай байж үзсэн. Тэр үед би одоо байгаагаасаа арай илүү дэгэж дэрвэсэн, аливаа зүйлийг хөнгөн хардаг байж. Тэр үед миний байсан Китигийнхтэй ойролцоо гэж боддог. Харин би баян айлын охин байж үзээгүй. Тэрийг ч өөртөө суулгах гэж хичээж байна. Наад зах нь би тайзан дээр гарахдаа бөгтийгөөд байдаг. Түүнийгээ засаж, жаахан ихэмсэг байдлыг гаргах гэж хичээж л байна. Ер нь тайзан дээр гарахад надад хэцүү байгаа.

-Амьдрал дээр Д.Хулан гэдэг охин ямар зан ааштай, илэрхийлэмжтэй вэ?

-Би өөрийгөө орчноо мэдэрдэг гэж боддог. Ямар нөхцөлд яаж байх вэ гэдгээ ч мэддэг. Найз нөхөдтэйгээ хамт байхдаа яг л багийнх шигээ дэрвүүн болдог. Өөр хүмүүсийн дунд биеэ цэгнээд, зөв авч явахыг хичээдэг. Би өөрийгөө магтаж байгаа ч юм биш, бага ч болов мэдрэмжтэй гэж хэлнэ. Хэрвээ мэдрэмжгүй байсан бол кинонд тоглох хэцүү шүү дээ. Мэдрэмж байгаа болохоор л юм юманд өөрийгөө сорьж, мэдэрч үзэж байгаа гэж боддог. Би их зантай, хямсгар охин биш. Бага зэргийн бардам зан бол бий. Баярласан үедээ түүнийгээ ил гаргаад илэрхийлдэг. Тийм л хүн дээ.

-“37-р точка” кинонд тоглосны дараа олон уран бүтээлчдээс санал ирсэн байх гэж бодож байна. Магадгүй Тогосоогийн дүртэй ойролцоо дүрийг санал болгосон уу?

-Санал бол ирсэн. Гэхдээ Тогосоогийн дүртэй ойролцоо дүрд тоглооч гэсэн санал ирээгүй. Чөлөөтэй, илэн далангүй, бидний хэлдгээр галзуу эмэгтэйн дүр тоглох санал ирсэн. Драмын театрт энэ том дүрд ажиллаж байгаа болохоор кинонд тоглох боломжгүй байна, ойрдоо. Түүнээс гадна, “Фантастик”-тай гэрээтэй байгаа болохоор янз бүрийн кинонд хамаагүй тоглож болохгүй. Ах нарынхаа хийсэн кинонд тоглож болно.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.246Зочин   • 2020, 9 сарын 25. 21 цаг 00 минут

Ахын дүү монгол бүсгүйн ёс зүй чамайг их чимнэ шүү Бүү жолоогоо алдаарай

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 25. 13 цаг 03 минут

амжилт хүсье

66.181.161.108Хүү   • 2020, 9 сарын 25. 12 цаг 51 минут

Эрч хүчтэй залуу хөөрхөн жүжигчин охинд амжилт сайн сайхныг л хүсье пэн

202.21.113.238Зочин   • 2020, 9 сарын 25. 9 цаг 58 минут

гоё миний хайр

202.126.89.123Зочин   • 2020, 9 сарын 25. 9 цаг 38 минут

Hoophon ohin shu

202.179.27.218Зочин   • 2020, 9 сарын 25. 8 цаг 19 минут

Гайхалтай

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.