Баянзүрх дүүргийн удирдлагууд 9 настай хүүхэд хүчирхийллийн улмаас амиа алдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тус дүүргийн Засаг дарга Т.Баясах "Манай дүүрэг хамгийн том, 361 мянган хүн амтай. Үүнээс 120 мянга нь хүүхэд. Сүүлийн үед гэр бүлийн, хүүхдийн хүчирхийллийн тухай сэтгэл сэртхийлгэсэн хэргүүд гарах боллоо. Үүний цаана төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн хүчний нөөц боломж гээд олон асуудал байна.
Өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн Засаг даргын харьяа хэлтэс албадын оролцсон шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр нэг чухал шийдвэр гаргалаа.
Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн чиглэлийн төрийн байгууллагууд, хороонд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд бүх төрийн байгууллагуудыг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл рүү татан оролцуулах болсноо зарлаж байна.
Манай дүүрэгт 31 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдгаас үл хамааран бүгд хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахаар боллоо. Эхний ээлжинд нэг сарын хугацаанд бүх эрсдэлтэй айлын судалгааг гаргахад төрийн байгууллагуудыг бүгдийг нь дайчлахаар болсон. Гэхдээ ингээд зогсохгүй дараагийн арга хэмжээнүүдийг авахаар захирамжид тусгасан.
Төрийн бус байгууллагуудыг бас хамтарч ажиллахыг урьж байна. Бид хамтарч ажиллах нь эрсдэлтэй бүлэгт амьдарч байгаа хүүхдүүдийн судалгааг гаргаж, урьдчилан сэргийлж чадах юм. Хөршийн холбоо өнөөдөр маш ихээр дутагдаж байна. Гэртээ ороод хаалгаа хаахгүйгээр, хажуу айлдаа, орцондоо юу болж байгааг анзаарч, тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж баймаар байна гэдгийг иргэддээ уриалж байна." гэв.
Засаг даргын орлогч Т.Батцогт "Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт, Нийгмийн хөгжлийн хэлтэст эрсдэлтэй айл өрхийн судалгаа байдаг. Гэхдээ хүний нөөцийн хувьд хангалтгүй байгаа учраас хүрч ажиллаж чадахгүй байгаа юм. Тиймээс хороо дүүргийн зүгээс өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, хүчирхийлэл үүсч магадгүй айл өрхүүдийнхээ судалгааг гаргана. Бусад төрийн байгууллагууд хамтран ажиллаж байнгын эргүүл, жижүүр, эрсдэл үүсэх нөхцөлтэй айл өрхүүдэд мэдээлэл хүргэж ажиллана.
Мөн ЕБС-иудад нийгмийн ажилтан байдаг. Тэдэнтэй хамтарч эрсдэлтэй хүүхдүүдээ хамгаалах ажлыг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 28 хороонд нэг нэг хөгжлийн нийгмийн ажилтан байдаг. Нэг нийгмийн ажилтан дунджаар нэг хорооны 15000 иргэнд хүрч ажиллаж байгаа юм. Тэгэхээр хүний нөөцийн хангалттай тоо алга. Тиймээс энэ орон тоог тодорхой түвшинд нэмэгдүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ" гэв.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ta buhend bayarlalaa. Amjilt husie. Yagaad ch yum setgel basch gj taivshirj bna. Odoo ch gsen zovj bga ohin huu haa neg bjil bga. Tedend tuslaasai. Hursh ailuud medsen bol heleesei.
төрийн албаныхны байнга хэлдэг үг нь "хүн хүч хүрэхгүй байна, орон тоогоо нэмэгдүүлнэ"
Za, ингэж кампанит ажил хийгээд дараа нь замхардаг. Гол нь хүчирхийлэгч, агсам тавигчийг үйлдэл дээр нь барьж хариуцлага тооцох ёстой юм даа.