Хууль зүй дотоод хэргийн яамнаас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригоос тодрууллаа.
-Энэ удаагийн Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн гол зорилго нь юу юм бэ?
-Энэ удаагийн боловсруулж байгаа хуулийн төслөөр зөрчлүүдийг тодорхой болгож, иргэд, аж ахуй нэгж багууллагууд хуулийг уншаад ойлгох, ямар нэг эргэлзээгүй байдлаар хуулийг дагаж биелүүлэх бололцоог олгох зорилготой. Нөгөө талаас анх удаа үйлдэж байгаа болон тодорхой төрлийн зөрчлүүдэд зөрчлийн үр дагавраа арилгах буюу засах бололцоо олгоё гэж байгаа юм. Тодруулбал, юу юугүй торгох шийтгэл гэхээс илүү сануулаад, тодорхой хугацаанд зөрчлөө арилгахгүй бол нөхөж торгоё гэдэг байдлаар хуулийн төсөлд тусгахыг зорьж байна. Мөн тодорхой зөрчил үйлдсэн этгээдийг хугацаандаа зөрчлийн торгуулиа төлж барагдуулвал торгох шийтгэлийн хэмжээг 50 хувь бууруулж төлөх заалт яригдаж байгаа гэх мэт зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байна.
-Торгуулиа төлсөний дараа буцаагаад 50 хувийг нь олгоно гэсэн үг юм уу?
-Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд 10000 төгрөгөөр торгуулсан хүн 14 хоногийн дотор торгуулиа төлөх юм бол банкинд очиж торгууль төлөхдөө 5000 төгрөг төлчихнө гэсэн үг. Түүнээс биш 10000 төгрөгөө төлчихөөд буцаагаад 5000-ийг нь авна гэсэн ойлголт байхгүй. Харин 14 хоногийн хугацаандаа төлөөгүй байж дараа нь 5000 төгрөг төлөх юм бол системд таньд 5000 төгрөгийн торгуулийн үлдэгдэл үүснэ гэсэн үг.
-Анх удаа үйлдсэн хэргүүдэд зөрчлөө засах боломж олгодог болно гэлээ. Жишээлбэл, ямар зөрчлүүд вэ?
-Тухайлбал, нэг ресторан руу ороход жижиг цахилгааны зөрчил гаргасан байлаа гэхэд торгохгүйгээр 14 хоногийн дотор үүнийгээ засчих гэж албан даалгавар өгнө. Галын аюулгүй байдал алдагдаж, таньтай хөрш зэргэлдээ бизнес эрхэлж байгаа улсуудад эрсдэл учруулж байна гэдгийг нь хэлнэ. Ингээд зөрчлөө 14 хоногийн дотор арилгах боломжтой. Хэрвээ арилгаагүй байвал торгоно. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал маш хурцаар тавигдаж байна. Гэхдээ зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийг анх удаа үйлдэж байгаа зөрчлийн хувьд тухайн этгээдүүдийг юу юугүй баривчлах нь зохимжгүй байна гэж үзэж байгаа юм. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл анх удаа үйлдэж байгаа этгээдийг сануулаад албадан сургалтад суулгах байдлаар харилцаагаа засах боломжийг олгоё гэдэг асуудлыг ярьж байна.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг сануулах арга хэмжээ авна гэхээр олон нийтээс сөрөг хандлага гарах байх?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа бүх үйлдлийг мэдээж тусгаагүй. Тодорхой тооны гэр бүлийн хүчирхийллийн үйлдлүүд Зөрчлийн тухай хуульд байгаа юм. Тухайлбал, 30 хоногийн баривчлах шийтгэлтэй, албадан сургалтад хамруулах шийтгэл байгаа. Эхнэр, нөхөр, аав ээж, үр хүүхдүүдийн хооронд хувийн жижиг маргаан үүсч, анх удаа гэр бүлд асуудал гарсан үед юу юугүй аваачаад 30 хоног барьчихдаг. Гэтэл тухайн хүн ар гэрээ авч явдаг, орлого олдог ганц хүн байх жишээтэй. Ар гэртэй нь хамт шийтгэх болчихоод байгаа юм. Зарим тохиолдолд тэрхэн үедээ уурлаж уцаарлаж цагдаад гомдол гаргачихаад маргааш нь ханийгаа, хүүгээ, аавыгаа, ээжийгээ уучилж байна гэдэг тохиолдол амьдралд маш олон гарч ирдэг.
-Анх удаа гэдгийг нь яаж нотлох юм бэ?
-Бид Зөрчлийн мэдээллийн сангаасаа харчихна. Энэ хүн өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдэж, бүртгэгдэж байсан уу гэдгийг шалгачихна. Үнэхээр тэр хүн өмнө нь удаа дараа гар хүрч, цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан бол ямар ч сануулах арга хэмжээ байхгүй, шууд хорих арга хэмжээ авна гэсэн үг. Хэрвээ байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг бол энэ нь гэмт хэрэг болж Эрүүгийн хуулиараа шийдэгдэнэ. Нийгмийн харилцааг ан цав үүсгэхгүйгээр бэхжүүлж байх ёстой юм. Хэдийгээр буруу эрхзүйн үйлдэлд хариуцлага байх боловч цаана нь ялгамжтайгаар ял шийтгэлийн бодлогоо тодорхойлохгүй бол болдоггүй.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд цахим гав хэрэглэнэ гэсэн нь нийгэмд бас л шүүмжлэл дагууллаа. Хүчирхийлэгчийг гэрт нь цахим гавтай байлгаснаар дахин хүчирхийлэл үйлдэхгүй юм уу гэж байна. Үүнд тайлбар өгөөч?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид цахим гав хэрэглэж болно. Заавал хохирогчтой нь хамт гэрт нь байлгах гээд байгаа юм биш. Өөр орчинд, эсвэл тусдаа амьдарч байж болно шүү дээ. Тухайн байгаа орчинд нь цахим гав хэрэглэнэ. Хэрвээ тэр газраасаа гарах л юм бол сигнал өгөөд манай хууль хяналтын байгууллагууд тухайн зөрчлийн газар нь очоод буцаагаад хорих ялыг нь оноодог байдлаар шийдэх бололцоотой. Заавал хохирогчтой нэг гэрт нь хамт байлгана гэж битгий ойлгоорой. Асуудалд нюанстай хандах хэрэгтэй.
-Зөрчлүүдийг тодорхой болгож, нэгтгэнэ гэсэн. Хуулинд яг хэчнээн зөрчлийн үйлдэл байдаг юм бэ?
-Зөрчлийн хуулийн 2300 үйлдлийг зөрчилд тооцож хариуцлага оноодог байсан бол одоо 2000 болгож бууруулчихаад байна. Цаашдаа тодорхойгүй байсан үйлдлүүдийг хуулиас хасах, хуулийг тодорхой болгох алхмуудыг Хуульзүй дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлнэ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Гэр бүлийн хүчирхийлэл гэж маш буруу хууль байна. Монголд огт тохирохгүй хууль. Энд тэндээс болсон болоогүй хууль хуулж тавихаа больмоор юм
Бас нэг тоодгор поодгор цүнх баригч уу