"Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм.
Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн яам өчигдөр хүлээн билээ. Вакцин хийлгэснээс хойш дунджаар 14 хоногийн дараагаар дархлаа тогтдог аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.
-Томуугийн эсрэг вакциныг ирэх аравдугаар сарын 1-нээс эхэлж хийх гэж байна. Нэн түрүүнд эрсдэлт бүлгийн хүн амд хийнэ гэхээр яг ямар, ямар хүмүүс хамрагдах вэ?
-Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг аравдугаар сард хийх нь маш тохиромжтой гэж үздэг. Учир нь томуугийн вирус эргэлтэд ороогүй, иргэдийн дунд ханиад тархаагүй байдаг. Тиймээс яг энэ цаг үед хийх нь тохиромжтой. Нэн түрүүнд 6 сартайгаас 9 настай хүүхэд, жирэмсэн ээжүүд, ахмад настнууд, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүсийг хамруулна. Мөн олон нийттэй харьцдаг байгууллагын ажилтнууд, багш нар, хууль хяналтын байгууллагынхан хамрагдана.
-Сайн дураараа хамрагдах боломжтой юу?
-Боломжтой. Эмчид үзүүлээд, вакцин хийж болно гэвэл төлбөрөө төлөөд хамрагдана. Улирлын томуугийн эсрэг вакциныг жил бүр зохион байгуулагддаг.
-Томуугийн вакциныг сургууль, цэцэрлэгт бас хийдэг. Ингэхдээ эцэг, эхчүүдээс зөвшөөрөл авах уу?
-Авалгүй яахав. Эцэг, эх нь зөвшөөрсөний дагуу дархлаажуулалтад хамруулна. Мөн мэргэжлийн үзлэгийн эмчид заавал үзүүлж байж хамрагдана.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ЕБС, цэцэрлэгийн багш нарыг вакцинд үнэ төлбөргүй хамруулах талаас нь харж үзмээр юм. Тэд олон хүүхэдтэй хамгийн ойроос харьцдаг хүмүүс. Багш томуу тусвал тэр анги, сургуулийн хүүхдүүд нийтээр халдвар авах эрсдэлтэй. Тэгээд ч тэд чинь цалин хөлс, зав зай багатай хүмүүс. Хүүхдүүдтэй нь хамт ажлын байран дээр нь вакцинжуулчихаж баймаар юм.
төрийн болон хувийн хэвшлийн ЕБС ийн багш нар олон хүүхэдтэй маш ойрын зайнаас харилцдаг учир улсаас тэр вакцинаа үнэ төлбөргүй хийгээд өгч болдоггүй юмуу Жил бүр хувиараа өөрсдөө хөөцөлдөж байж үнэ төлбөртэй хийлгэх юм Тэр нь тэгээд олигтой ч үйлчлэхгүй дахин дахин ханиад хүрэх юм Үүнд анхаарна уу