“Голомт Капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Засгийн газраас “Номад” бонд гаргаснаа зарлалаа. Нийтээ 600 сая долларыг 5 орчим хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс татаж байна. Энэ үйл ажиллагаа, энэ мэдээлэл санхүүгийн зах зээлд ямар дохио өгч байна вэ?
-Миний хувьд Засгийн газар их мэдрэмжтэй шийдвэр гаргасан гэж харж байгаа. Учир нь ковидтой тэмцэх зорилгоор АНУ-ын Холбооны нөөцийн сан 2009 оны хямралын үед хэрэгжүүлснээс илүү зөөлөн мөнгөний бодлого барьж, сангийн яам нь тэлэх бодлого хүчтэй хэрэгжүүлснээр олон улсад ам.долларын үнэ маш хямд үед уг бондыг босголоо. Үүний үр дүнд бид 10.875 хувийн хүүтэй бондыг 5.375 хувийн хүүтэй бондоор солилоо. Тэгэхээр энд бүтэн 5.5 нэгж хувийн зөрүү гарч байна. Жилийн 30 сая ам.доллар хэмнэж байна шүү дээ. Нөгөө талаас бид дэлхийн эдийн засаг гэхээсээ илүүтэйгээр Хятадаас илүү хүчтэй хамаардаг, дотроо цар тахлыг алдаагүй байгаа нь бонд худалдан авах хөрөнгө оруулагчдын апетитыг хөдөлгөсөн болов уу. Энэ өдрийн хамгийн сайхан мэдээ энэ байлаа.
-Ханш дээр энэ нь хэрхэн нөлөөлөх бол?
-Бид 1996 оноос хойших УИХ-ын сонгуулиудад анализ хийж үзсэн. Нийт 6 удаагийн сонгууль болоход 3-т нь сонгуулийн дараа төгрөг суларсан. Үлдсэн 3-т нь төгрөгийн ханшид ямар нэгэн өөрчлөлт ажиглагдаагүй, зарим тохиолдолд бүр төгрөг чангарсан үр дүн ажиглагдсан. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн дараа ханш өснө гэдэг хүлээлт 50 хувийн биелэх магадлалтай болж байна. Тэгвэл энэ жил сонгуулийн дараа ханш хүмүүсийн бодож байсан шиг өсөв үү? Үгүй. Яагаад? Ямар үед ханш өссөн бэ гэдгийг судлаад үзэхээр түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан, гадаад худалдааны алдагдал өссөн, валютын нөөц буурсан үед төгрөг суларсан байгаа юм.
Тэр жилд нь сонгууль болж тааржээ. Түүнээс бус сонгууль төгрөг сулрах шалтгаан биш юм. Тэгвэл одоо төгрөг цаашид хүчтэй сулрах эдийн засгийн шалтгаан байна уу? Энэ жил эхэн үедээ ковидоос болоод хорио, цээрийн дэглэм тогтоосноор яах аргагүй валютын урсгал татарсан. Тэр үед нь Монголбанк интервенцээрээ дамжуулж, ханшийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Ингээд сонгуулийн дараа юу болов гээд хартал нүүрс хэвийн хэмжээгээр экспортод гараад эхэлсэн байна. Зэс, төмрийн хүдэр, алт гээд гол нэрийн түүхий эдүүдийн үнэ унаагүй, эсрэгээрээ өссөн.
Мөн экспортын хэмжээ ч бас хэвийн үеийнхтэйгээ ижил түвшинд байна. Харин нөгөө талд газрын тосны үнэ буурсан, биет хэмжээ ч багассан, нэмээд гадагшаа явж аялж зугаалдаг, эмчлүүлдэг, гадаадад сурахад үүсдэг байсан ам.долларын эрэлтүүд алга боллоо. Ингээд харахаар ковид эхэн үедээ төгрөг сулрахад нөлөөлж байсан бол одоо тогтвортой байх боломжийг бүрдүүлж эхэллээ. Мөн ирэх жил төлөх ёстой 500 саяын бондыг төлөхөд асуудалгүй боллоо. FATF-ийн газар дээрх шалгалт 10-р сард болно. Хар жагсаалтаас гарах боломжтой. Цаашлаад ирэх 2-3 жилээ харвал нүүрсний төмөр замын төслүүд дуусах нь, Оюу толгойн далд уурхайн олборлолт эхэлнэ. Ингээд харахаар төгрөг тогтвортой байх боломж бүрэн байна.
-Ер нь ханшийг тогтвортой байлгах гол арга хэрэгсэл, бодлогын шийдэл нь юу байх вэ?
-Миний хувьд урт хугацааны стратегийн шийдэл нь юу? богино хугацааны тактикийн шийдэл нь юу вэ гэсэн хоёр өнцгөөс хардаг. Урт хугацаанд мэдээж экспорт солонгорох ёстой. Хамгийн түрүүнд ноолуур, арьс шир, махаа экспортод гаргадаг болох нэн чухал байна. Богино хугацаанд мэдээж Монголбанкны интервенц чухал үүрэгтэй. Мөн холбогдох дүрэм, журмуудыг өөрчлөх замаар тодорхой хязгаарлалтуудыг тавьж ам.долларын спекуляци эрэлтийг дарж байгаа нь эерэг нөлөөтэй. Нэг санаа зовж буй асуудал байна.
Ханш тогтвортой байх боломж макро сууриараа бүрдэж байгаа үед дотоодын зохицуулалтууд үр дүнгээ өгнө. Харин макро суурь хангалттай бүрдэж амжаагүй байхад зээлийн хүүг 12 хувьд гээд захиргаадалтын аргаар шийдвэр эргээд ханшаа алдах маш том эрсдэлийг дагуулна. Аливаа төрийн зохицуулалт эдийн засгийн суурь нөхцөл байдалдаа үндэслэн гарч байх ёстой. Цөм нь эдийн засаг, дагуул нь зохицуулалт гэсэн санаа. Төгрөгийн ханш тогтвортой байх боломж дөнгөж бүрдэж эхэлж байна. Ийм үед аливаа зохицуулалтыг маш болгоомжтой хийх хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих