2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх Өмнөд Америкийн бүсийн эхний хоёр тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Өнөөдөр өглөө Бразилын шигшээ баг Перугийн талбайд зочилж, 2:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр хоёр тоглолтод хоёр хожиж, гоолын зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байна.
Тоглолтын 28, 83, 90 дэх минутад Неймар гурвыг оруулж, хет-трик толилуулсан. Дунд нь Ришарлисон 64 дэх минутад нэгийг нэмсэн юм. Талбайн эздээс Каррильо 6, Тапия 59 дэх минутад нэг нэгийг оруулжээ.
Хоёрдугаар тойрогт Аргентины шигшээ баг Боливыг талбайд нь 1:2-оор хожиж, ээлжит ялалтаа авлаа. Ингэснээр хоёр хожиж, 6 оноотой хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Боливоос Морено 24 дэх минутад гоолдсон. Тэгвэл Аргентинаас Мартинес 45 дахь минутад тэнцүүлж, Корреа 79 дэх минутад хожлын гоол оруулсан юм.
Сэтгэгдэл бичих