2020 оны 10-р сарын 16
10 цаг 45 минут

Фаустыг заавал үзэх таван шалтгаан

     ШАЛТГААН №1. "СЭХЭЭТЭН” ЭСВЭЛ "ЭЛИТ” ГЭДГЭЭ МЭДЭРМЭЭР БАЙВАЛ...

"Фауст” жүжгийн тухай дуулаагүй хүн ховор. Өөрийгөө боловсролтой гэж боддог, үгүй ядахнаа боловсролтой хүмүүсийн хүрээнд хамаатуулахыг дотроо хичээж явдаг хэн болов ч "Фауст” тавигдах нь гэсэн зарыг тогтож уншилгүй өнгөрнө гэж байхгүй. Манайд энэ хүрээллийг хуучин цагт "сэхээтэн” гэдэг байв. Одоо цагт бол "элит” гэх болжээ.  Энэ хүрээнийхний оюун санааны хэрэгцээ, хэрэглээ нь жирийн дундаж ард олноос дээгүүр байх нь ойлгомжтой. Үгүй ядахнаа тэгж харагдах хэрэгтэй болно. Олонх хүний хувьд цочирдмоор шинэлэг тавилттай, хүний түүхэнд бичигдсэн хамгийн агуу зохиол гэгдсэн "Фауст” жүжиг бол чухам л сэхээтэн гэдгээ хэн нэгэнд, эсвэл өөртөө ч юм уу нотлох сайхан боломж. Мэдээж хүн бүхэн Гётегийн "Фауст”-ыг унших боломжгүй. Уншаад ч ухаж ойлгох нь юу л бол. Гэхдээ л дэлхийн сэхээтнүүд, элитүүд энэ жүжгийг үзсээр ирсэн, үзсээр ч байх бололтой. Тэгэхээр монголчууд юугаар дутахав.

Монголд дээд зэрэглэлийн, сонгодог гэсэн тодотголтой бүхэн хүлээлтэндээ хүрч чаддаггүйг хэн хэнгүй мэднэ. Өндөр хүлээлттэй, байдгаараа гоёж очоод, өвлийн шөнө сэтгэл дундуур даарсхийн харих ямар олиг байх билээ. Анхны тавилтыг нь өндөр хүлээлттэй үзсэн хүний хувьд найруулагч М.Батболдын "Фауст” жүжиг үзэгчээ сэтгэл дундуур гаргахгүй л болов уу гэж найдаж байна. Үзэгчээс ямар нэг зүйл, санаашрал ч юм уу, баяр баясал ч юм уу эсвэл бүр үзэн ядалт ч юм уу танхимдаа авч үлдэх нь уран бүтээлчдийн зорилго байдаг. Манайд сүүлийн үед тавигдсан жүжгүүдээс тэр зорилгодоо хамгийн дөхөж очсон бүтээл бол "Фауст” байж магадгүй. Гэхдээ "магадгүй” шүү!

ШАЛТГААН №2. ХҮН ЧАНАРАА "ЛОМБАРД”-НД ТАВЬСАН ЭСЭХЭЭ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ...

"Фаустын домог” уг нь Ариун библийн Иовын номноос эхлээд хар домч, алхимичдийг хамарсан алдартай домог. Гэхдээ үнэн бодит юм шиг санагддаг цөөхөн домгийн нэг шүү! Хамгийн энгийнээр ойлговол чөтгөрт сүнсээ худалдаж, зүйрлэшгүй шид чадварыг олсон хүний түүх юм. Өөрөөр хэлбэл хүний оршихуйгаас хэтийдэхийн тулд, хүний чадвараас давсан үйл бүтээхийн тулд өөрийн амин сүнсээ чөтгөрт барьцаалсан хүн. Орчин үед буулгаж ойлговол хүн чанараа ямар нэг "ломбард”-нд тавьчихаад хүүнд нь барьцаалагдаад есөн жорын жаргал зовлон туулж яваа хүний түүх.

Европт чөтгөртэй гэрээлсэн санваартны тухай, бүр чөтгөртэй хийсэн гэрээ нь олдсон тухай цуу яриа,  инквизаторууд зэтгэртэй гэрээлэгсдийг илрүүлэн устгасан түүх тоо томшгүй олон бий. Тэдний дундаас хамгийн алдартай нь Европыг хэрэн хэсэж амьдарсаар 1540-өөд онд Германы Виттенбергт дуулиантайгаар нас эцэслэсэн Иоханн Фауст хэмээх санваартны түүх юм.  Хар домч, алхимичээрээ алдаршсан энэ эрийн чөтгөртэй байгуулсан гэрээ ч олдсон гэлцдэг.

Төд удалгүй энэ түүхээс сэдэвлэж, Шекспирийн үед Шекспирээс ч алдартай байсан Кристофер Марлоу жүжиг бичжээ. Марлоугийн жүжгээс 300 гаруй жилийн дараа Германы их бичгийн хүн Иохан Вольфанг Фон Гёте "Фауст” хэмээх жүжиг бичсэн нь эдүгээ ертөнцийн хамгийн агуу жүжиг гэгдэх болжээ. Гэхдээ сэдэл болсон домгоос нь болж "Фауст” жүжгийг христийн шашинтай хольж ойлговол үнэхээр утгагүй төөрөгдөл болно. Шашинжуулахдаа тулвал, "Чи буддист бол Фаустыг нэн даруй үз, чи итгэгч бол Фаустыг үзэхгүй өнгөрч болно гэж үү?” гэж хэлэх байна.

ШАЛТГААН №3. "АГУУ”, "СОНГОДОГ” ГЭХ МЭТ СҮРЖИН ТОДОРХОЙЛОЛТЫН УЧРЫГ ОЙЛГОХЫГ ХҮСВЭЛ...

сүнсээ чөтгөрт худалдсан хүний түүх юу нь тэгтлээ сонирхолтой байна гэх асуух хүн гарах байх. И.В.Ф Гётегийн насан туршдаа бодож байж бичсэн гэлцдэг энэ жүжигт зөвхөн дээрх домгийн тухай өгүүлэхгүй.

Зохиолч энэ жүжгээр ёс суртахуун, хүний оршихуйн мөн чанар, хайр дурлал, мөнхийн хайр бий эсэх, цаг хугацаа, үйлийн үр гэж бий юу, хойд насны амьдрал, насны бөгсөнд эд баялаг, эрдэм мэдлэг хоёрын аль нь үнэндээ чухал вэ, аль эсвэл аль нь ч хэрэггүй хог юм уу зэрэг тоо томшгүй асуулт тавьж, түүндээ хариулт эрсэн байдаг. Хүн насан туршдаа өөрөөсөө асууж, өөртэйгээ зөрчилдөж явдаг үр бодлуудыг Фауст хэмээх ухаантны амьдралд сүлжиж орхисон хэрэг. Энэ сүлжээсийг хэрхэн тайлах нь хүн төрөлхтний хувьд гоо зүйн эрэл хайгуул болж үлдсэн. Сонгодог жүжгүүд мөнхөд тоглогдсоор байдгийн гол шалтгаан нь энэ. Сонгодог зохиол гэдэг хариулт, сургаалиудаар дүүрэн биш асуулт, хариулахад хэцүү асуултуудаар л дүүрэн байдаг юм.

Агуу зохиол гэдэг асар олон талтай, сэтгэхүй, үйлдлийн систем бөгөөд түүнийг тайлна гэдэг найруулагчийн хувьд ч, жүжигчний хувьд ч, үзэгчийн хувьд ч сэтгэхүйн том дасгал, оюун санааны аялал байдаг. Чухам тэрхүү тайллаараа найруулагч, уран бүтээлчид үнэлэгддэг. М.Батболд шиг залуухан, туршлага багатай найруулагчийн хувьд "Фауст”-ыг тавихаар зориглох нь амиа хорлосноос ялгаагүй хэрэг. Чухам энэ зоригтой сонголт нь урлагийн хүрээний олон хүний сониучирхал, зэвүүрхлийг төрүүлсэн. Үүнийг бичиг ч бас сониу, зэвүү тээсээр анх үзсэнээ нуух юун...                   

ШАЛТГААН №4. УЛАМЖЛАЛТ ТЕАТРААС УЙДАЖ ЗАЛХСАН БОЛ...

Найруулагч М.Батболд бол Орос ах нарын бүтээгдэхүүн. С.Гэндэн, Л.Ванганаас эхлээд монголын театрын уран сайхны бодлогыг сүүлийн 30 гаруй жилийн турш зангидсан Н.Сувд гуай гээд театрын гол уран бүтээлчид бүгд орос школоор хүмүүжиж, эх орондоо хэрэгжүүлсэн улс. Монголын урлагийнхан 10 гаруй жилийн өмнөөс оросууд өөр болчихож, оросын театр өөрчлөгдөж байна гэх мэтээр жиг жуг гэх болсон. Гэхдээ яаж өөрчлөгдөөд, өөр болоод байгааг нь очиж үзээд, монголдоо авч ирж хэрэгжүүлсэн нь харамсмаар цөөхөн. Хэдийгээр найруулагчдын нэгэн шинэ үе гарч ирж, эрэл хайгуул хийсээр байгаа ч монголын театр үзэгчдийнхээ оюуны хэрэгцээ, таашаалыг хангаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж чадаж байгаа юу гэвэл үгүй.

Яг ийм нэг сонирхолтой ч юм шиг, уйтгартай ч юм шиг зурвас үед М.Батболд хэмээх шинэ найруулагч театрын ертөнцөд орж ирж байна. Манай үеийнхний гадаадын мэргэжлийн сэтгүүл, цахим орон зайнаас л олж үзэж ирсэн динамиктай, орон зай шаардсан чөлөөт тавилтыг М.Батболдын "Фауст” жүжгээс үзсэн нь таашаал төрүүлснийг нуугаад яахав. Гэхдээ анхны тавилтаа Соёлын төв өргөөнд хийсэн нь учир дутагдалтай байв. Соёлын төв өргөө бол хошин шогийн гараа, концерт хийхэд тохиромжтой болохоос драмын жүжиг тавихад тохиромжгүй тайз юм. Тийм ч учраас М.Батболд найруулагчийн зарим орон зайн шийдэл, тоглолтууд үзэгчдэд хүрэхгүй сарниад байгаа нь мэдрэгдсэн. Харин энэ удаа "The Corporate Hotel and Convention Centre”хэмээх монголдоо л сайнд тооцогдох танхимд тавигдах гэж байгаа нь сонирхол татаж байна.

"Найруулагчийн тавилт” гэдэг энэ үг өөрөө их марзан үг л дээ. Гэхдээ үйл явдал, шийдлийг нь урьдчилан задлахгүйгээр тавилтыг нь базаж дүгнэвэл, үзэгч энэ жүжгээс монголд урьд өмнө нь үзээгүй театрын олон боломж байдгийг олж харах болно.

ШАЛТГААН №5. ХИЙМЭЛ БУС БОДИТ ЖҮЖИГЛЭЛТ ҮЗМЭЭР БАЙВАЛ...

"Фауст” жүжиг гол хоёр дүртэй. Нэг нь ертөнцийн явдалыг бясалгаж, бараг л гэгээрлийн гарман дээр ирсэн Фауст гуай. Манай нийгэмд Фаустархуу дүр байна уу гэж миний бие бодож үзээд, яруу найрагч Д.Урианхайгаас өөр хүн олоогүй. Өөрөөр хэлбэл Фауст бол Д.Урианхай гуайрхуу л ховор хувь хүн, бодьгал гэсэн үг. Энэ дүрд жүжигчин Г.Мягмарнаран, С.Болд-Эрдэнэ нар тоглоно. Хөгшин залуу хоёр жүжигчин нэр дурьдагдахыг үзээд гярхай үзэгч нэгийг тааварлах нь лавтай. Хоёулаа драмын театрын сонгодог, арилжааны, хүүхдийн гээд бүх л жүжгийг нуруун дээрээ үүрч гарч сурсан туршлагатай "тайзны хүмүүс”. Тэдний хослол найруулагч М.Батболдын "орон зайн тавилт” дээр хэрхэн буух нь үзэгчдэд сонирхолтой байх.

Жүжгийн нөгөө нэг гол дүр нь бурхадтай дэнчин тавьж, Фаустын сүнсийг авахаар ертөнцөд бууж ирэх Мефистофел. Хамгийн сонирхолтой энэ дүрд монголын хошин урлагийн оддын нэг "Аглуу” буюу Л.Баттулга тоглоно. Л.Баттулгын тоглолт, жүжигчний ажиллагаан дээр ярих юм их байгаа ч жүжгээ хүлээж буй үзэгчдийг хүндлээд одоохондоо хэлээ хазъя. Ямартай ч энэ жүжигт дүр бүтээж буй жүжигчид өөрийн тогтсон хэв маягаасаа аль болох зайлсхийхийг хичээж байсныг нь дуулгах нь зүйтэй байх. Басхүү жүжигчдийн тоглолтонд сонгодог бүтээлд дүр бүтээж байгаа гэсэн дотоод хиймэл хичээнгүйлэл бага байсныг урьдчилан дуулгамаар байна.

Монгол шинээр тавигдаж буй нэгэн шинэ жүжгийн тухай үзэгчдэд хэрэг болох болов уу гэсэн санаануудаа нуршихад ийм байна. Үүнээс цаашихыг мөнх хөх тэнгэр ч биш, урлагийн бурхан Янжинлхам, Гэгээн Муза ч биш гагцхүү үзэгч таны мэргэн оюун мэдмой!

СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн багш Я.Баяраа

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ10 сар 31. 14:0017 настай охиныг хүчиндсэн лектор П.Эрдэнэтулгад зургаан жилийн хорих ял оноожээ10 сар 31. 13:51Өвлийн дугуйг сонгох зайлшгүй шалтгаан10 сар 31. 13:47ЭМЯ: Коронавирусийн халдвар зургаагаар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 346 боллоо10 сар 31. 13:17З.Төмөртөөмөө: Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд илүү ойртуулах шаардлагатай10 сар 31. 13:08Маргаашаас цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлнө10 сар 31. 13:04"Бид хэрэглэгч" тэргэнцэртэй иргэдийн хэлэлцүүлэг болов10 сар 30. 9:15Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан М.Бадарч түрүүлж, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэлээ10 сар 30. 9:00"Петровис" компанийн үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэл таалал төгслөө10 сар 30. 8:05ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо10 сар 29. 16:38Ш.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргалд машинаа өгсөн байхад байрнаас гадна угаалгын машин, хивс, тоос сорогч хүртэл авна гэсэн10 сар 29. 15:58УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт оноосон ялыг хэвээр үлдээлээ10 сар 29. 15:30Н.Алтанхуяг: Н.Багабанди "Оюутолгой"-н ТУЗ-д байхгүй бол үхчих гээд байгаа юм байхдаа10 сар 29. 13:44ЭМЯ: Коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй10 сар 29. 13:04ЦЕГ: Булганд хүүхэд хулгайлахыг завдсан мэдээлэл бүртгэгдээгүй10 сар 29. 12:53Н.Алтанхуяг: Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар эх орондоо ирэх хэрэгтэй10 сар 29. 12:30“Mongol Identity” Макс Ферстаппеныг уучлал гуйхыг шаардсаар байна10 сар 29. 12:20Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн даатгалын ажилчид арга зүйн зөвлөмж, сургалтад хамрагдаж байна10 сар 29. 12:07Хууль зөрчиж төрийн албан хаагчийг чөлөөлбөл огцруулах үндэслэл болохыг анхаарууллаа10 сар 29. 12:04Неймар 3 жилд 13 дахь удаагаа гэмтлээ10 сар 29. 12:00Иогийн 30 сая төгрөгийн төлбөрөө улсын мөнгөөр төлсөн Х.Бум-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдлөө10 сар 29. 11:58Рэшфорд хет-трик хийж, "Манчестер Юнайтед" талбайдаа "Лайпциг" клубыг хожлоо10 сар 29. 11:50Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө хүчингүй болгохыг уриалжээ10 сар 29. 11:50ЕХ-ны орнуудын удирдагчид “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ10 сар 29. 11:40Филадельфид хөл хорих цаг тогтоожээ10 сар 29. 11:30Франц, Германд дахин хөл хорио тогтооно10 сар 29. 11:20"Барселона" Италийн аварга "Ювентус"-ыг талбайд нь хожлоо10 сар 29. 11:15Беларусийн эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг 650 эрүүгийн хэрэг үүсгэжээ10 сар 29. 11:10Зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алдлаа10 сар 29. 11:02COVID-19: Европт байдал хүндэрч, Франц дахин хөл хорио тогтоов10 сар 29. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.