Аваргуудын лигт Английг төлөөлж байгаа "Манчестер Сити", "Ливерпүүл" клубүүд өнгөрсөн шөнө тоглолтоо хийж, хожлоо. "Сити"-гийн хувьд С хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Португалын "Порто" клубтэй хийж, 3:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 14 дэх минутад Луис Диас гоолдож, "Порто" тэргүүлж эхэлсэн. Тэгвэл 20 дахь минутад Агуэро торгуулын цохилтоос тэнцүүлж, Гюндоган 65 дахь минутад нэгийг нэмсэн. Улмаар Ферран Торрес 73 дахь минутад хожлыг баталгаажуулжээ.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Грекийн "Олимпиакос" болон Францын "Марсель" клубын хооронд болж, талбайн эзэн баг 1:0-ээр хожлоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90 дэх минутад Кока оруулжээ.
Тэгвэл D хэсэгт багтсан Английн аварга "Ливерпүүл" клуб Голландын "Аякс" багийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 35 дахь минутад "Аякс"-ын хамгаалагч Тальяфико өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан юм.
Энэ хэсэгт багтсан Данийн "Мидтьюлланд" клуб талбайдаа Италийн "Аталанта" багийг хүлээж авсан ч 0:4-өөр хожигдлоо. "Аталанта" ийнхүү гараагаа сайн эхлүүлж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын 26 дахь минутад Сапата гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Гомес 36, Муриэль 42, Миранчук 88 дахь минутад нэг нэгийг нэмжээ.
Сэтгэгдэл бичих