Коронавирусийн улмаас удтал завсарлаад жүдо бөхийн тэмцээн, уралдаанууд эргэн ирлээ. Өнөөдөр Унгарын Будапешт хотоо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн эхэлнэ. Энэхүү тэмцээнд дэлхийн 61 орны эрэгтэй 257, эмэгтэй 152, нийт 409 жүдоч оролцож байна. Харин манайхаас эрэгтэй, эмэгтэй 13 буюу 26 жүдоч оролцож байгаа юм. Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болно. Манайхаас 9 жүдоч гарч барилдах юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогтбаяр, Л.Өнөболд гэсэн залуу жүдочид зодоглож байна. Б.Цогтбаярын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Унгарын бөх Фечко Чанадтай учраа таарлаа. Ялж чадвал хоёрдугаар тойрогт Узбекстаны алдарт жүдоч Шарафуддин Лутфиллаев хүлээж байгаа. Л.Өнөболдын хувьд D хэсэгт багтаж, Грекийн бөх Савва Каракизидитэй учраа таарлаа.
Харин 66 кг-ын жинд Б.Нармандах, Б.Эрхэмбаяр нар барилдана. Б.Нармандах В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Албаны бөх Индрит Кулажтай учраа таарав. Харин Б.Эрхэмбаяр С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Америк болон Унгарын бөхчүүдийн ялсантай нь барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд А.Нямхишиг, Г.Наранцэцэг нар барилдана. А.Нямхишиг В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Бельгийн бөх Элен Салленстай учраа таарав. Г.Наранцэцэг С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Чилийн бөх Мэри Ди Варгас Лэйтэй оноолт таарлаа.
52 кг-д Б.Хорлоодой. Ц.Гал-Од нар барилдана. Б.Хорлоодой хэдий залуу тамирчин ч олон тэмцээний "утаа үнэрлэсэн" туршлагатай жүдоч. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Орос болон Бельгийн бөхчүүдийн ялсантай нь тулах учиртай. Харин Ц.Гал-Од D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Азербайжаны бөх Гултай Маммадалиеватай барилдахаар учраа таарлаа.
57 кг-д Б.Алтанцэцэг ганцаараа зодоглож байгаа. Манай бөх эхний тойрогтоо АНУ-ын жүдоч Мэрайя Хольгуинтай учраа таарав. Будапештын "Их дуулга" тэмцээн Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ. Тэмцээний http://judolive01.lb.judobase.org/live/ гэсэн цахим хаягаар үзэх боломжтой. Мөн SPS телевиз шууд дамжуулан үзүүлэх юм байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ковидтой үед дэмий бгаа, сагсны хэд яваад ямар амжилт гаргасан бэ, ийм онцгой үед эрсдэлтэй шүү