Английн премьер лигийн 6 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч "Эвертон" клуб энэ тойрогт "Саутгэмптон"-ы талбайд зочилж, 2:0-ээр хожигдлоо. Ингэснээр улирлын эхний ялагдлаа амсаж, 13 оноотой хэвээр үлдлээ. Гэхдээ тэргүүн байрнаасаа буугаагүй. Тэгвэл "Саутгэмптон" 10 оноотой болж, 6 дугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 27 дахь минутад Уорд-Проуз гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 35 дахь минутад Адамс нэгийг нэмсэн юм. Хоёр гоолын дамжуулалтыг хоёуланг нь Ингз өгч, ямар нөлөөтэй тоглогч вэ гэдгээ дахин дахин баталсаар байна.
Энэ улиралд тун ч ширүүн өрсөлдөөн үзүүлж магадгүй гэгдэж байгаа "Арсенал" энэ тойрогт талбайдаа "Лестер"-ийг хүлээж авсан ч 0:1-ээр хожигдлоо. "Их буучид" хожигдсоноор 9 оноотой 10 дугаар байрт бичигдэж үлдэв. Харин "Лестер" 12 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Варди 80 дахь минутад оруулсан юм.
Сэтгэгдэл бичих