Аваргуудын лигийн D хэсэгт багтсан Английн алдарт "Манчестер Юнайтед" клуб Германы "Лайпциг" багийг талбайдаа хүлээж авч, 5:0-ээр "бут ниргэлээ". Ингэснээр "Улаан чөтгөрүүд" хамгийн хэцүү гэж хэлж болохоор хэсэгт хүчтэй хоёр багийг дараалан хожиж, 6 оноотой боллоо.
Тоглолтын 21 дэх минутад Гринвуд гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл хоёрдугаар үед сэлгээгээр орж ирсэн Маркус Рэшфорд 74, 78, 90 дэх минутад гоолдож, хет-трик толилууллаа. Ийнхүү тэрбээр 2 тоглолтод 4 гоол оруулж, Аваргуудын лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. "Улаан чөтгөрүүд"-ийн үлдсэн нэг гоолыг Марсьяль торгуулийн цохилтоос 87 дахь минутад оруулсан.
Нөгөө талд Туркийн "Истанбул" клуб хэсгийг толгойлж байгаа Францын аварга "ПСЖ" хүлээж авсан ч 0:2-оор хожигдлоо. Эхний тойрогт талбайдаа "Манчестер Юнайтед" клубт хожигдсон Францын баг ийнхүү эхний хожлоо авлаа. Тоглолтын 64, 79 дэх минутад Мойзе Кин гоолдож, дубль толилуулжээ.
Сэтгэгдэл бичих