Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн даатгалын төвд Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн найруулгатай холбогдуулан хөдөө орон нутгийн эрүүл мэндийн даатгалын тасгийн ажилчдыг нэгдсэн сургалтад хамруулж байна. Тус сургалтын зорилго нь цаашид эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа хууль эрхзүйн хүрээнд хэрхэн ажиллах, тусгай газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн даатгалын талаар тусгагдсан зорилтуудын хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэл, шинээр батлагдсан журамтай танилцаж, арга зүйн зөвлөмжийг солилцох юм.
Мөн “Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн хүрээнд сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын талаар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн даатгалын газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Энхтуяа “Эрх оноос хэрэгжих Эрүүл мэндийн даатгалын хуулийн өөрчлөлттэй холбоотой анхаарах асуудлуудыг судалж, хөдөө орон нутгийн ажилчид юуг анхаарах, иргэд даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхийн тулд бид хэрхэн ажиллах болон иргэд эрүүл мэндийн даатгалаас авах тусламжийн чанарыг сайжруулахад хамтдаа ямар ажил хийх талаарх асуудлуудыг онцгойлон анхаарч байна. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 1-ээс хөнгөлөлттэй эмийг олгохдоо иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр боломжтой үедээ өөрийнхөө гэрт хамгийн ойр эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг авах боломжийг олгох зохицуулалтууд хийгдэж байна. Өмнө нь зөвхөн өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмийг бичдэг байсан. Харин арваннэгдүгээр сарын 1-ээс бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарт цахим жор олгох эрхийг олгоно. Түүнчлэн үйл ажиллагаа явуулдаг 2000 гаруй эмийн сан иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтээ гаргасан байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих