2020 оны 11-р сарын 15
14 цаг 55 минут

ХААН Банк Экспресс банк АТМ-ууддаа ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

 

Хатуу хөл хорио тогтоогоод байгаа энэ үед иргэд зайлшгүй шаардлагаар хүнсээ цуглуулахаар нэг гэрээсээ гарч байна. Мөн банкны үйлчилгээг гар утас интернэт ашиглан авч байгаагаас гадна АТМ киоск машинаас очиж авах шаардлага гарч байгаа учир гэрийнхээ ойролцоох АТМ, Экспресс банкаар үйлчлүүлэх нь их байна. Улсын онцгой комиссоос үйлчилгээний байгууллагуудын ариутгал цэвэрлэгээг тогтмол хийхийг онцгойлон үүрэг болгоод буй энэ үед ХААН Банк бэлэн мөнгөний орлого зарлагын Экспресс банк, АТМ, киоск машинууддаа хэрхэн ариутгал цэвэрлэгээ хийж байгааг бид сурвалжиллаа.

Өнөөдөр  Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа интернэт банкны нийт гүйлгээний 44 хувь, ATM-ын гүйлгээний 88 хувийг ХААН Банк дангаар гүйцэтгэж, бэлэн бус төлбөр тооцоо, цахим банкны хамгийн том дэд бүтэц сүлжээг бий болгоод байгаа билээ.  Тус банкны хувьд Монгол орон даяар нийт 1400 орчим АТМ, 100 гаруй киоск машин, 180 орчим экспресс банкаар иргэдэд үйлчилж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 197 байршилд 920 гаруй АТМ, орлого зарлагын экспресс банкууд, 68 киоск машин иргэдэд үйлчилж байна. Зайнаас үйлчилгээ авах боломжтой эдгээр төхөөрөмжүүдийн ариутгал цэвэрлэгээг “Ньюком проперти” компани хариуцан ажилладаг юм байна.

 Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд тус компани дүүрэг бүрт нэг баг гарган, байршил бүрт байгаа Экспресс банк, АТМ, киоск машинуудын ариутгал цэвэрлэгээг өдөр бүр тогтмол цагуудад тойрч цэвэрлэж байгаа юм. Тэгэхдээ таны харж байгаачлан хамгаалалтын хувцастай хүмүүс стандартын дагуу цэвэрлэгээ ариутгалыг хийж, хүний гар хүрэлцдэг бүхий л хэсгүүдийг жавелиний уусмалаар ариутгаж, төхөөрөмжийн эргэн тойрны хэсгүүд, гадна дотны орчны цэвэрлэгээг хийж байна.  

ХААН Банкны зүгээс сүүлийн жилүүдэд цахим шилжилтэд хөрөнгө оруулж, олон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахимжуулсны үр дүнд өнөөдөр тус банкаар дамжиж буй нийт гүйлгээний 95 хувь нь цахимаар хийгдэж байгаа тул  харилцагчдад банкны үйлчилгээг салбар нэгжид ирэлгүй зайнаас авах нөхцөлийг бүрэн хангаж чаджээ.

 Мөн банкны цахим сувгуудын хэвийн ажиллагааг хангахад банкны зүгээс тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа тул иргэд та бүхэн өөрт ойр АТМ, киоск, экспресс банкаар хоорондын зай баримтлан үйлчлүүлэх мөн бэлэн мөнгө төхөөрөмжтэй харьцсан тохиолдолд халдваргүйжүүлэлт  байнга хийж хариуцлагатай хандахыг  зөвлөж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.