2020 оны 12-р сарын 30
12 цаг 13 минут

Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг бууруулсан нь зээлийн хүүг доошлуулах нөлөө үзүүлээд эхэллээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос уул уурхайн бус экспорт, жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгох репо санхүүжилт хийх шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байна. Энэ шийдвэрийг коронавирусийн халдварын хорио цээрийн дэглэмээс үүдсэн хямралын үед чухал шийдвэр боллоо гэж олон нийт дүгнэсэн. Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний санхүүжилт олгоод байна вэ?

-Репо санхүүжилт яагаад хийх болов гэдэг сууриас нь эхэлье. Коронавирусийн халдварт цар тахлын хорио цээрийн дэглэм хүмүүсийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, эдийн засагт хүчтэй нөлөөллөө. Зөвхөн Монгол ч биш, дэлхий дахин “Ковид-19”-ийн хүчтэй нөлөөлөл дор байна. Манай улс энэ оны нэгдүгээр сараас эхлээд хорио цээрийн дэглэм тогтоосон. Монголбанк хорио цээрийн дэглэмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авч байна. Бодлогын хүүгээ 11-ээс зургаан хувь хүртэл буурууллаа. Үүнээс гадна банкны заавал байлгах нөөцийг 10.5 хувиас зургаа болгож бууруулсан. Хэдийгээр санхүүгийн салбарт мөнгөний эх үүсвэр байгаа ч зээлдэгчдэд очихгүй байна. Үүний хамгийн ойлгомжтой шалтгаан нь эдийн засгийн хүндрэл юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд шинэ зээл авахаас илүүтэй авсан зээлийнхээ хүүг бууруулах, хугацааг нь сунгах сонирхолтой байна.

Санхүүжилт хүлээн авах тал нь ийм хандлагатай байгаа учраас банкууд болгоомжилно. Ийм үед эдийн засаг руу яаж зээл гаргах вэ, зээлдэгчдийг хэрхэн дэмжих вэ гэдэг гарцыг Монголбанкнаас нээхээр Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаараа урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, Төвбанкнаас банканд 6.5, цаашаа эцсийн зээлдэгчид 10.5 хувийн хүүтэй очих санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлсэн гэсэн үг. Бодлогын шийдвэрээ есдүгээр сард гаргасан ч арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж байна. Эхний ээлжид буюу энэ оны дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаад банкуудад санал болгоход 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт ирүүлсэн. Нийт есөн банканд санхүүжилтийн эх үүсвэр хуваариллаа. Зээлдэгчдийн дийлэнх нь өмнө нь авсан өндөр хүүтэй зээлээ шинэ аргачлалын хүрээнд бага хүүтэй зээлээр солих буюу дахин санхүүжилт хийж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 526 аж ахуйн нэгж 91 тэрбум төгрөгийн зээлээ дахин санхүүжүүлэх хүсэлт гаргасны дагуу судлаад, шийдвэрлээд эхэлсэн. Харин есөн аж ахуйн нэгж дөрвөн тэрбум төгрөгийн зээл шинээр авсан. Энэ ондоо багтаад 230 тэрбум төгрөгийн санхүүжилт гарчих болов уу гэж таамаглаж байна. Саяхан болсон Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар ирэх оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн репо санхүүжилт дахин нэмж олгохоор шийдвэрлэсэн. Банкуудын эрэлт, хүсэлтийг харгалзаж ийм шийдвэр гаргалаа.

-Төвбанк репо санхүүжилтээ хэдий хугацаанд хийх вэ. Коронавируст халдварт (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд ийм арга хэмжээ авсан уу?

-Ковидын хуультай холбоогүй шийдвэр. Банкууд Төвбанкны үнэт цаасыг худалдаж аваад, нэлээд хэмжээний мөнгө байршуулчихаад байна. Зээл олгож, илүү ашиг олж болох байтал зургаан хувийн хүүтэй үнэт цаас худалдаж авч буй нь эдийн засгийн эрсдэлээс болгоомжлоод байна гэсэн үг. Репо санхүүжилт бол энэ гацааг арилгах зорилгоор  Төв банкнаас бие дааж гаргасан шийдвэр. Тиймээс тогтвортой үргэлжлүүлнэ. Эдийн засаг сэргэхээр банкууд өөрийн эх үүсвэрээс зээл олгоод эхэлнэ. Монголбанкнаас репо санхүүжилт авах шаардлагагүй болно гэж төсөөлж байна. Хэрэв эрэлт байвал репо санхүүжилтээ олгосоор байх болно.       

-Жижиг, дунд үйлдвэрийн газарт зээл олгох хөрөнгийн эх үүсвэр алга. Зээлийн шалгуур хангасан бичил бизнесийн 112 төслийн 64-д есөн тэрбум төгрөгийн зээл олгоод санхүүжилт нь дууссан. Үлдсэн 48-д нь 5.5 тэрбум төгрөгийн зээл олгохоор арга чарга хайж байгаа гэж сонслоо. Монголбанк Жижиг, дунд үйлдвэрийн газарт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тодорхой хэмжээний санхүүжилт хийх боломжтой юу?

-Жижиг, дунд үйлдвэрийн газар бол Засгийн газрын агентлаг. Монголбанкнаас тийш нь шууд санхүүжилт хийх боломжгүй. Харин санхүүгийн хэрэгслээр дамжуулж санхүүжилт хийх боломжтой. Засгийн газар өөрөө ч юм уу, Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэрээр бонд гаргаад, тэр нь арилжааны банкуудад борлогдвол Монголбанк худалдаж аваад санхүүжилтийн эх үүсвэр гаргахад бэлэн. Хуулийн хүрээнд ийм боломж бий. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр ийм боломж байгааг, Монголбанк худалдаж авахад бэлэн гэдгээ хэлсэн. Коронавирусийн халдварт цар тахлын үед дэлхийн хөгжиж буй болон өндөр хөгжсөн орнуудын Засгийн газар бонд гаргаж, Төвбанк нь худалдан авч санхүүжилт хийх аргыг түгээмэл хэрэглэж байгаа.  

-Мөнгөний бодлогын хүүг түүхэн доод түвшинд нь хүргэсэн. Бодлогын хүү эдийн засагт хэзээ бодитоор нөлөөлж эхлэх вэ?

-Бодлогын хүүг өөрчилснөөс хэсэг хугацааны дараа бодит нөлөөлөл нь гардаг. Бодит нөлөөлөл нь гарахад арай эрт байна. Гэхдээ бид түрүүчийн нөлөөллөө үзүүлээд эхэллээ гэж харж байна. Мөнгөний бодлогын хүү бусад хүүгээ чиглүүлж төрийн зохицуулалт хэлбэрээр зах зээлд оролцдог. Энэ утгаараа банкны хүүнд, ялангуяа эх үүсвэрийн хүүнд нөлөөлөөд эхэлсэн. Тухайлбал, Монгол Улсын хамгийн том, олон харилцагчтай ХААН банк хугацаатай хадгаламжийнхаа хүүг 9.8 хувь гэж нэг оронтой тоонд оруулан зарлалаа. Бодлогын хүүг бууруулсны эхний дохио ингэж илэрч байна. УИХ-аас зээлийн хүүг бууруулах стратегийг баталсан. Манай хийсэн судалгаагаар зээлийн хүүгийн 60 хувийг эх үүсвэрийн хүү эзэлж байгаа нь харагдсан. Эх үүсвэрийн хүү буураад эхэлж байгаа нь зээлийн хүүг доошлуулах нөлөөг үзүүлнэ. Тодорхой хугацааны дараа банкны зээлийн хүү одоогийн түвшнээсээ нэлээд доошлох магадлалтай.  

-Бодлогын хүүг урт хугацаанд өсгөхгүйгээр, нам түвшинд байлгах нөхцөл эдийн засагт бүрдэх болов уу. Монголчууд “Ковид-19”-өөс сэргийлэх вакцин хийлгээд, эдийн засаг сэргэсний дараа инфляц өсгөх гэх мэт бодлогын хүүг дээшлүүлэхээс өөр аргагүй нөхцөл үүсэх болов уу?

-Мөнгөний бодлогын хорооныхон бодлогын хүүг хамгийн сүүлд хоёр хувиар огцом бууруулсан нь зоримог шийдвэр болсон. Ийм шийдвэр гаргахын тулд тооцоо, судалгаа хийж, нэлээд ярилцсан. Бодлогын хүү макро эдийн засгийн тогтвортой байдал, таны дурдсан инфляц буюу төгрөгийн худалдан авах чадвараас ихээхэн хамаарч байгаа. Сүүлийн 3-4 жилийн судалгаанаас харахад, инфляц Монголбанкны онилсон хэмжээнд байсан. Өөрөөр хэлбэл, зохицуулалтын хүрээнд байсан гэсэн үг. Өмнө нь Монголбанк инфляцыг нэг оронтой тоонд оруулж, нам дор түвшинд барина гэх мэтээр ерөнхий зорилт тавьдаг байлаа.

Тэгвэл сүүлийн хоёр жил найман хувьд байлгана гэж шууд онилсон. Ирэх жил зургаан хувьд байлгахаар ониллоо. Инфляц эрэлтийн болон нийлүүлэлтийн шинжтэй байдаг. Эрэлтийн шинжтэй инфляц сүүлийн 2-3 жилд 4-5 хувьд тогтвортой байгаа. Мах, хатуу түлш буюу нүүрс, шатахуун гэх мэт цөөн бараа, бүтээгдэхүүний улирлын шинжтэй нийлүүлэлтийн хомсдолоос үүдэж инфляц савлах тохиолдол бий. Ийм савлагаа үүсгэхгүй бол инфляц зургаан хувиас доош байна гэсэн тооцоололд үндэслэн бодлогын хүүгээ бууруулсан. Тиймээс ирэх онд ч, дунд хугацаандаа ч бодлогын хүүг зургаан хувьд барих боломж бий.

-Эдийн засгийн хямрал юун түрүүнд санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлдөг. Хямрал банкны салбарт хэрхэн нөлөөлж байна вэ. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байна уу?

-Төвбанкны тухай хуулиар Монголбанканд хүлээлгэсэн хоёр том үүргийн нэг нь төгрөгийн тогтвортой байдал буюу инфляцыг тогтвортой байлгахад байдаг. Дараагийн үүрэг бол санхүүгийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засагт дэмжлэг үзүүлэх юм. Санхүүгийн тогтвортой байдлын тухай ярихад бүх оролцогчийг нь хамруулах шаардлагатай. Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгө, санхүүгийн хэрэгслийн 90 хувь нь банкаар дамжиж байна. Тиймээс банкны салбарын тогтвортой байдал нийт санхүүгийн салбарын тогтвортой байдлыг илэрхийлж чадахаар байгаа юм. Монголд 12 банк үйл ажиллагаа явуулж байгаагийн таван том нь системийн хэмжээнийх. Бусад нь жижгэвтэр банкууд. Банкны салбар ковидын нөлөөнд тодорхой хэмжээнд өртөж байгааг статистик мэдээллээс харж болно.

Монголбанк цахим хуудсаараа дамжуулан банкуудын статистик мэдээллийг байнга мэдээлдэг. Мөнгөний ерөнхий тоймоос банкуудын нийт актив, зээлийн хэмжээ, түүнд дотроо чанаргүй нь хэд байна гэдгийг харж болно. Банкны систем нийт 17 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Үүний 1.7 их наяд нь буюу 10 хувь нь чанаргүй ангилалд оржээ. Өмнөх түүх харвал, эдийн засгийн хүндрэлтэй үед буюу 2016 онд чанаргүй зээл 12 хувьд хүрсэн. Тэгвэл эдийн засаг нэлээд сэргэсэн үе буюу 2018 онд найман хувь болж буурсан. Харин энэ жилээс чанаргүй зээл 10 хувьд хүрлээ. Эдийн засаг хүндрэхээр зээлд сөргөөр нөлөөлж байна. Монголбанк энэ оны дөрөвдүгээр сард зээл нь эрсдэлд орсон ч чанаргүй гэсэн ангилалд оруулахгүй байх хугацааны чөлөөлөлт олгосон. Аж ахуйн нэгжүүд ирэх олны долдугаар сар хүртэл зээлээ хойшлуулах боломжтой. Ирэх оны долдугаар сар хүртэл чанарын ангилал хийхгүй учраас энэ тоо тогтвортой байна. Харин долдугаар сараас хойш ямар нөхцөл үүсэх вэ гэдгийг өнөөдөр хэн ч таамаглаж чадахгүй. Долдугаар сар хүртэл эдийн засаг сэргээсэй гэсэн хүсэл бий. Бид 2021 онд эдийн засаг зургаан хувиар өснө гэсэн тооцоолол хийсэн.

Эдийн засаг сэргэвэл банкны салбарт тулгарах хүндрэл багасна. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед банкны салбарт хүндрэл бага тулгарч  байгаа шалтгаан нь 2017 онд хэрэгжүүлсэн Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй холбоотой. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ хийх хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Ийм чадавх бүрдүүлсэн учраас “Ковид-19”-ийн үед банкуудад хүчтэй нөлөөлөл үүсэхгүй болов уу гэж бодож байна.

-Монголбанк “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, банкуудыг хувьцаат компани болгох, нэг нэгдмэл сонирхолтой этгээд тухайн банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох хуулийн төсөл боловсруулсан. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг хангаж буй нэг арга уу?

-Олон нийтийн зүгээс, улс төрийн талаас ч тэр банк нэг эзэнтэй, монополь шинжтэй байна гэж шүүмжилдэг. Банкны эзэд санхүүгээс гадна олон салбарт үйл ажиллагаа явуулж, эдийн засагт буруу, зохисгүй нөлөө үзүүлж байна гэдэг.  Олон улсын туршлагаас харахад банк нэг эзэнтэй гэхээс илүү хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон хувьцаа эзэмшигчтэй, өөрөөр хэлбэл, олон нийтийн оролцоотой байдаг. Олон улсын жишигт нийцүүлж, банкны хөрөнгө оруулагчийн хувь эзэмшлийг бууруулъя гэсэн бодлого нь салбарыг чадавхжуулах хөтөлбөрийн гол хэсэг юм. Бид Азийн орнуудын жишгийг судалсан. Индонез, Малайз, Филиппин, Япон, Солонгост банкны хөрөнгө оруулагчийн хувьцааны эзэмшилд хязгаар тогтоосон байдаг. Эдгээр орны бодлоготой харьцуулан судлаад Монголд банкны хөрөнгө оруулагчийн хувьцааны эзэмшлийн дээд хэмжээ 20 хувь байхад тохиромжтой гэж тооцоолсон. Хуулийг баталснаар банкны хувьцааны төвлөрлийг задлах шахалт болно.

Энэ бол богино хугацаанд шийдэх ажил биш. Гадаадаас хөрөнгө оруулагч орж ирлээ гэхэд ФАТФ-ын зөвлөмжийн дагуу хууль ёсных мөн эсэхийг нь шалгах гэх мэтээр цаг авна. Хуульд тодорхой хугацаа тавиад, 3-5 жилд үе шаттайгаар хэрэгжүүлэх ажил гэж төлөвлөсөн. Нөгөөтэйгүүр, Монголын хөрөнгийн зах зээл бэлэн байх хэрэгтэй. Том хэмжээний мөнгө хөрөнгийн зах зээлд гаргах учраас Монголын хөрөнгийн бирж, бусад дэд бүтцийн байгууллагууд нь чадавхаа бэхжүүлсэн байх шаардлагатай. Банкуудын активын чанарын үнэлгээг хийсэн туршлагаас харахад түвэгтэй зүйл их байдаг юм билээ. Нэг хувьцаа эзэмшигчидтэй банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүслээ гэхэд нөгөөх хүн мөнгө гаргаж чаддаггүй. Гэсэн ч өөр хөрөнгө оруулагчид банкныхаа хувьцааг эзэмшүүлэх сонирхолгүй байх жишээтэй. Банкны хөрөнгө оруулагчийн тоо нэмэгдэх тусам өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломж өргөн болно. Тиймээс цаг үеэ олсон чухал шийдвэр гэж Монголбанк үзэж байна.

-ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарсан эдийн засгийн хямралтай үед нэг ч гэсэн ачаагаа хөнгөлсөн явдал боллоо. Санхүүгийн салбарт үүсэх дарамтыг хэрхэн хөнгөвчлөх бол?

-Олон улсын мөнгө угаах, терроризмтай тэмцэх байгууллагын “саарал жагсаалт”, Европын Холбооны “хар жагсаалт”-аас гарсан нь манай улсын 2020 оны гол амжилтын нэг байлаа. Богино хугацаанд гаргасныг олон улсын байгууллагууд сайшааж байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад орсон улс хоёр жил гаруйн хугацаанд даалгавраа хийдэг. Тэгвэл манайхан зургаан сарын хугацаанд хийж, тайлангаа ном журмын дагуу нь хамгаалсан. “Ковид-19”-тэй холбоотойгоор газар дээр нь хийх шалгалт түвэгтэй болсон. Гэвч манай талын удаа дараагийн хүсэлтийг ФАТФ хүлээн авч, АНУ, Англи, ОХУ, БНХАУ-ын экспертүүд ирж газар дээр нь шалгаж, дүгнэлтээ хийгээд “саарал жагсаалт”-аас гаргалаа. Энэ жагсаалтаас гарснаар хөрөнгө оруулагчдад таатай орчин бий болно. Үүнээс гадна олон улсын төлбөр тооцоотой холбоотой нэмэлт зардал гаргах нь багасаж, мөн нэмэлт бичиг баримт бүрдүүлж хугацаа алдаж байсан явдал засагдах сайн нөлөө авчирсан.     

-Манай улсын төлбөрийн тэнцэл байнга алдагдалтай гарч, ам.долларын ханш өсөх шалтгаан болдог. Ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд бодлогын хүүг өсгөх шаардлага үүснэ. Төлбөрийн тэнцлийн хямрал бодит эдийн засагт сөргөөр нөлөөлдгийг хэрхэн засах вэ?

-Төлбөрийн тэнцэл бол манай улсаас гарч байгаа болон орж буй гадаад валютын бүртгэл. Олон улсад төлбөрийн тэнцлийг тооцож, хандлагаас нь хамаарч бодлого боловсруулах үүргийг Засгийн газар нь хүлээдэг. Манайд төлбөрийн тэнцлийг тооцооллыг гаргадаг  байгууллага байхгүй учраас Монголбанк статистик судалгааны хүрээнд тооцож гаргадаг. Учир нь гадаад валютын ханшийг савлуулахгүй байх зорилгоор хийж байна гэсэн үг.  Сүүлийн хэдэн жилд манай улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай явж ирлээ. Ялангуяа урсгал данс нь өндөр алдагдалтай явж ирсэн. Урсгал данс алдагдалтай гаргахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс бий. Жишээ нь манай улс нүүрс экспортлохдоо дотоодынхоос гадна гадаадын компаниудыг хөлсөлдөг. Тэдэнд төлдөг мөнгө гадагш л урсана. Гадаадын жуулчдын оруулж буй орлогоос монголчуудын гадагш аялж буй зардал байнга өндөр байсаар ирсэн.  Ойролцоогоор 500 сая ам.доллароор илүү. Мөн Монгол Улс гадаадаас олон төрлийн зээл авдаг. Зээлийн хүү төлөхөөр хөрөнгийн данс алдагдалтай гарна.

Ийм зардлууд нь төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлдөг. Тэгэхээр нүүрсний тээвэрт үндэсний компаниудаа явуулах, дотоодын аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, зээлийн хүүгээ бууруулах бодлогыг боловсруулах хэрэгтэй. Манай улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн жил ашигтай байсан. Үүний ачаар улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар хүрч өссөн. Харин төлбөрийн тэнцэл саяхныг хүртэл 400 орчим сая ам.долларын алдагдалтай явж ирлээ. Оны төгсгөл рүү алдагдал нь буурч байна. Бидний төсөөллөөр төлбөрийн тэнцэл энэ онд ашигтай гарна. Алтны үнэ өссөн, худалдан авалт нэмэгдсэн нь төлбөрийн тэнцэл сайжрахад том нөлөө үзүүллээ. Ирэх онд төлбөрийн тэнцэл 400-500 сая ам.долларын ашигтай гарна гэсэн төсөөллийг бид хийсэн. Эдийн засаг ирэх жил сэргэхээс гадна илүү хэмжээний экспорт хийх боломжтой учраас ингэж төсөөллөө. 

-Гадаад валютын ханш өсөхөөр олон нийт Монголбанкийг буруутгах хандлагатай байдаг. Уг нь Засгийн газар илүү төлбөрийн тэнцлийг сайжруулах тал дээр илүү үүрэгтэй ажиллавал ам.долларын ханшийн өсөлт саарах нь ээ.

-Төлбөрийн тэнцлийг сайжруулах үүргийг Засгийн газар хүлээх ёстой. Төлбөрийн тэнцлээ дагуулаад валютын ханшийг чангаруулах уу, сулруулах уу гэдэг нь ч Засгийн газарт хамаатай. Манай улсын Валютын зохицуулалтын тухай хуулийг 20 гаруй жилийн өмнө баталсан. Тиймээс нарийн зохицуулалт байдаггүй. Одоо УИХ-ын хэлэлцэж буй Валютын зохицуулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд энэ асуудлыг тусгасан. Хуулийн төслийг баталбал бодлогоо хэн нь гаргах юм, ямар бодлого гаргавал зөв байх вэ гэдгээ зөвлөлдөөд явах эрх зүйн орчин бүрдэнэ. Монголбанкны хувьд ханшаа тогтвортой байлгах, аль болох огцом савлуулахгүй байх үүдээс валютын нөөцөөсөө интервенц хийж, нөлөөлж ирсэн. Гэтэл ингэх нь улсын валютын нөөцийг нэмэхэд саад болох сөрөг талтай байдаг. 

-Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шулуухад хэлэхэд “Оюутолгой” компанийн борлуулалтын орлогыг хүлээж авах дансыг Төвбанканд байршуулах хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга боловсруулж, өргөн мэдүүлсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төвбанкны тухай хуульд Монголбанкны хийж болохгүй зүйлийг тусгасан байдаг. Монголбанк бол Засгийн газарт үйлчилдэг банк. Монголбанканд төрийн сангийн дансууд байршдаг. Мөн бүх банкны харилцах дансыг байршуулдаг. Ингэж төлбөр, тооцооны дансаараа дамжуулж банк хоорондын гүйлгээ хийдэг. Аж ахуйн нэгжийн дансыг Монголбанк өөр дээрээ байршуулбал Төвбанкны тухай хуулийг зөрчинө. Олон улсын жишиг, стандартад аж ахуйн нэгжийн дансыг Төвбанканд байршуулдаггүй. Иймээс дэмжихэд асуудалтай. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцаас харахад “Дубайн гэрээ”-г байгуулснаар “Оюутолгой”-н дансыг Монголд байх албагүй гэж үзсэн юм байна лээ. Тэгэхээр “Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудал. “Оюутолгой”-н экспортын орлого, мөнгөн урсгалыг үнэн зөв бүртгэж байна уу гэдэгт аль аль талдаа эргэлзээ байдаг. Эргэлзээг тайлах үүднээс “Оюутолгой”-н данс Монголд байх нь зөв. Төвбанканд гэхээсээ арилжааны банканд байна гэж хуульд зааж өгвөл олон улсын жишигт нийцнэ. Заавал Төвбанканд байна гээд хууль баталчихвал бид хэрэгжүүлэх үүрэгтэй. “Оюутолгой”-н гүйлгээнээс Монголын арилжааны банкууд хийж чадахааргүй өндөр дүн харагддаггүй. “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулж, жилд нэг тэрбум ам.доллар Монгол руу орж ирдэг. Сард 60-120 сая ам.долларын урсгал явдаг. Монголын таван том банкны аль нь ч ийм хэмжээний төлбөр тооцоог хийх боломжтой.            

-Алтны үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь төлбөрийн тэнцлийг сайжруулах хүлээлт үүсгэсэн. “Степпе гоулд” компани алтаа тушаагаад эхэлсэн. “Эрдэнэ ресурс девелопмент” компани алтаа тушаагаад эхлэхээр төлбөрийн тэнцэлд ямар өөрчлөлт гарах бол?

-Монголбанк хуулиар олгосон эрхтэй худалдаж авч болдог бараа бол алт. Засгийн газрын “Алт-2” хөтөлбөрийг дэмжих зорилгоор хуулийн хүрээнд гадаадаас хөрөнгө татаад, тушаах алтных нь урьдчилгааг хүүгүй олгож байна. Мөн алт олборлох үйлдвэр барих гэх мэт хөрөнгө оруулалт хийхэд нь банкаар дамжуулан зээл олголоо. Энэ оны тавдугаар сараас нийт 120 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Энэ санхүүжилт алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монголбанканд худалдах үйл ажиллагааг илүү дөхөмтэй болгосон болов уу. Төлбөрийн тэнцэл сайжрахад алт чухал нөлөө үзүүлснийг дээр дурдсан. Монголбанкны худалдаж авсан алтны хэмжээ одоогоор 22 тоннд хүрлээ. Санхүүжилт олгосноор компаниудын геологийн судалгаагаа илүү сайжирсан байна. Судалгаа сайжирснаар нөөцөө бодитоор тогтоогдож байна. Алтны салбарыг дэмжих санхүүжилтээ ирэх жил ч хэвээр үргэлжлүүлнэ.    

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.