Төрийн аудитын байгууллагаас Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлан хийсэн аудитын дүнг танилцууллаа.
Улсын хэмжээнд нийт 2795 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргасан байна. Аудитаар нийт 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 764.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 12.9 тэрбум төгрөгийн 1,298 төлбөрийн акт тогтоож, 262.7 тэрбум төгрөгийн 2,533 зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж, 92.8 тэрбум төгрөгийн 4046 зөвлөмж хүргүүлээд байна. Одоогийн байдлаар Төсвийн төвлөрүүлэн захирагчид болон Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланд хийх аудит үргэлжилж байна.
Төрийн аудитын байгууллага Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд бодит цагийн аудитыг хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлээд байна.
“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 442.3 мянган иргэнийг хамруулж, нийт 18.4 тэрбум төгрөгийн зардал гаргаж, анхны шинжилгээгээр халдварын 56 тохиолдлыг илрүүлсэн байна.
Нийтлэг гарсан зөрчлөөс дурдвал:
- УОК, НОК болон холбогдох төрийн байгууллагуудын батлан гаргасан төлөвлөгөөнүүдэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах хариуцан, зохион байгуулах ажлын хэсэг, байгууллага нэгжийг томилохдоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын зохицуулалт, чиг үүрэгтэй уялдуулаагүй, хуулийн этгээд, иргэний оролцоог тусгаагүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд суурилаагүйгээс уг арга хэмжээний хэрэгжилт доод болон дунд шатанд хэрэгжүүлэх, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байдлыг үүсгэжээ.
- Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээс өмнө хязгаарлалт тогтоох, шинжилгээ авахтай холбоотой ерөнхий мэдээллийг иргэдэд өгсөн ч зохион байгуулалтын талаарх нарийвчилсан, системтэй мэдээллээр бүрэн хангаагүй байжээ.
- Шинжилгээ авах байнгын цэг, явуулын баг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулсан боловч цэгүүдийн ажлын ачааллыг жигд зохион байгуулаагүй байна.
Аудитын дүгнэлтэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хэрэгжилтэд МХЕГ, ЭМЯ, НЗДТГ-ын ХШҮХ-ээс хяналт тавьж, тодорхой зөрчлүүдийг арилгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцолж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 94.5%, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн хөдөлгөөнийг 96.5% хүртэл хязгаарлан дэглэмийг сахиулж ажилласан байна.
Сэтгэгдэл бичих