АТГ-аас зохион байгуулсан “Шинэ үе авлигыг тэвчихгүй” илтгэлийн уралдааны шилдэг есөн оролцогчийн төлөөллөөс шударга ёсны талаар тодрууллаа.
Дэд байрын шагналт, Хэнтий аймгийн Мөрөн сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагч З.Болортунгалаг
-Шударга ёс гэж чиний бодлоор юуг хэлэх вэ?
-Өөрөө өөртөө үнэнч байхыг шударга ёс гэж боддог. Учир нь хүн өөрийгөө хуурахгүй бол бусдыг хуурахгүй гэсэн үг шүү дээ.
-Манай улсад шударга ёс тогтсон гэж хардаг уу?
-Томчууд биднийг шударга бай гэдэг ч өөрсдөө тийм байж чаддаггүй. Өөрсдөө хэлсэн үгэндээ үнэнч байж, хийж байгаа үйлдэлдээ ч хянамгай байх хэрэгтэй. Гэтэл манай улсын нийт хүн амын хувьд шударга байдал төдийлөн ажиглагддаггүй.
-Тэгвэл томчуудын зүгээс шударга ёсны төлөө юу хийх хэрэгтэй вэ?
-Биднээс ахмад настай ямар ч хүн бай хэлсэн амандаа хүрдэг, зөв зүйл хийдэг байх нь чухал. Ирээдүй хойч үеэ өөрсдөөсөө суралцдаг гэдгийг ойлгодог байвал шударга байдал бий болох юм болов уу.
-Шударга ёсыг өөртөө бий болгохын тулд юун дээр анхаарвал зүгээр гэж бодож байна?
-Эргэн тойрныхоо хүрээлэлд хэт автахгүй байх. Хэдий чиний сайн найз, хайртай хүмүүс чинь байлаа ч тэдэнд таалагдах гээд, сайн хүн болж харагдах гээд, үнэнийг нуун дарагдуулж, шудрага бус зүйлийг хийж болохгүй гэж бодож байна.
Сэтгэгдэл бичих