УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөлөлтэй уулзжээ. Тэд цар тахлын дараах эдийн засгаа сэргээх чиглэлээр УИХ-тай хэрхэн хамтран ажиллах талаарх санал хүсэлтээ илэрхийлсэн байна.
Тухайлбал, ирэх онд экспортыг нэмэгдүүлэх бүх талын арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулах, мах бэлтгэлд онцгой анхаарал хандуулах, үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг бууруулах, Монгол Улсад үйлдвэрлэдэггүй тоног төхөөрөмж, түүхий эд материал, сэлбэгийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, байгууллага хооронд үүссэн өр авлагыг шилжүүлэн тооцох зэрэг асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар болон захиалгатай барилга байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгуулах зэрэг 16 санал тусгасан жагсаалт ирүүлжээ.
Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд буй мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай давхардсан төрийн эрх, үүргийг шилжүүлэх, хасах, бизнесийн орчин нөхцөлийн эрх зүйн орчныг сайжруулах, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцэхэд Мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах санал тавилаа.
Сэтгэгдэл бичих