Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, Төсвийн хороо хуралдлаа. Хурлаар Монгол Улсын Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор төсвийн шинэ харилцааны талаар болон нийслэлийн халамжийн салбарын зохион байгуулалт, санхүүгийн нөхцөл байдлын мэдээлэл сонссон юм. Мөн нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлахаар батлагдсан эд хөрөнгийн өнөөгийн ажлын явц болон нийслэлийн өмчөөс хасагдсан, шилжүүлсэн, нийслэлийн өмчид бүртгэсэн эд хөрөнгө, барилга байгууламжийн тайлантай танилцаж, хэлэлцлээ.
Нийслэл хот энэ оны 11 дүгээр сарын байдлаар 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авчээ. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 60 нэр төрлийн барилга байгууламж, 140 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэн авчээ. Харин 22.5 тэрбум төгрөгийн барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, бусад эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчөөс хассан байна. Мөн 8.29 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлжээ.
Сэтгэгдэл бичих