Дундговь аймгийн Өлзийт суманд шинэ Соёлын төвийн байр ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ “Өлзийт сум бол соёлын зүрх, тархи болсон нутаг. Дэл хөнжлийн уулнаас эхлээд эртний өв соёл, хадны сүг зураг, бичээсээр түүх агуулсан нутаг юм. Мөн удам угсаагаа залгамжилсан, олон алдартнуудтай авьяасын ундарга болсон сум. Ардын жүжигчин дөрөв, 14 гавьяат жүжигчин, СТА 100 гаруй төрөн гарсан гайхалтай нутаг юм. Төрийн соёрхолт, зохиолч Долгорын Нямаа гуай энэ нутгийн эрхэм хүмүүн гэдгийг онцлон хэлмээр санагдаж байна” гэлээ.
Тус соёлын төв нь орчин үеийн стандартад нийцсэн номын сан, үзэсгэлэнгийн танхим, дуу, бүжгийн хичээлийн танхимтай чуулгын хэмжээний томоохон бүтээн байгуулалт болсныг нээлтэд оролцсон урлаг, соёлын алдартнууд бахархаж байв.
Өлзийт сум бол соёл урлагийн олон алдартан төрсөн нутаг юм. Тодруулбал, Ардын жүжигчин Н.Дагийранз, Төрийн соёрхолт Д.Нямаа, МУГЖ дуучин А.Нэргүй, А.Дашпэлжээ Б.Сарантуяа, Б.Сумъяа, СГЗ Ж.Дүнжмаа, Ц.Чулуунцэцэг нарын үе удам дамжсан уртын дуучин, соёлын салбарын олон авьяастан энэ нутгаар овоглодог. Энэ ч үүднээсээ дээрх алдартан, гавьяат, урлаг соёлынхан Өлзийт сумынхаа “Улаан булан”-гийн алтан тайзанд хүндэтгэл үзүүлж, шинэ Соёлын төвийн нээлтэд оролцон, ая дуугаа эгшиглүүлсэн нь түүх бүтээсэн, томоохон хүндэтгэл боллоо.
Мөн Өлзийт сум нь эртний өв соёлыг харуулсан олон хадны зураг бичээс бий. Дуут, Сайн Билүүн зэрэг газруудад хүн, гэр, морь тэрэг, буга, янгир зэрэг амьтдын дүрс бүхий эртний сүг зургийн галерей, Дэлийн баруун билүүний орчмын 32 хүн чулуу буюу эртний түргийн үеийн буган хөшөө, хирэгсүүрүүд бий. Дэлийн зүүн билүүний хаданд, манай эриний 630-аад оны үед бичигдсэн эртний түрэг бичээс, 660-аад оны үед бичигдсэн хятад ханз бичээс зэрэг сонирхолтой үзмэрүүдийг үзэж сонирхох боломжтой учраас аймгийн удирдлага төдийгүй УИХ-д сонгогдсон Г.Мөнхцэцэг гишүүн Өлзийт сумыг Соёлын аялал жуулчлалын шанг татаж хөгжүүлэхэд дэмжих ажиллахаа илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Соёлын төвийн нээлтийн үеэр хүүхдийн зохиолчдын ном, зохиолын дээжийг хүргүүлж, тойрогтоо хийж хэрэгжүүлж байгаа болон цаашид хийх ажлуудаа танилцууж, мэдээлэл хийсэн. Тодруулбал, Дундговь аймагт хуваарилсан 27 тэрбум төгрөгийн 20 гаруй нь боловсрол, соёл, нийгмийн салбарын бүтээн байгуулалт, шинэчлэлтэд зориулагдаж байгааг онцолсон юм. Мөн Өлзийт сумын Буянт багийн малчид үүрэн телефоны сүлжээгүй гэх асуудлыг тойргийн гишүүндээ уламжилсан учраас “Их соёл-Эх үндэс”, “Шинэ хөдөө” төслийн хүрээнд сүлжээ оруулах ажлыг эхлүүлсэн байна. “Их соёл-Эх үндэс” төслийн хүрээнд Дундговь аймгийн ЕБС-уудыг компьютержуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлсэн байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
үр ашиг юу бна дуучид монголоор битүү