2022 оны 1-р сарын 12
15 цаг 32 минут

Г.Гүнжидмаа: Эрх зүйн болон өөрийн зохицуулалт хамт хөгжсөнөөр хэвлэлийн эрх чөлөө төлөвшинө

   “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмааг урилаа.

 АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИАР ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ТУНХАГЛАСАН

 Үндсэн хуулийн 16.16-д "Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Хүний эрх, эрх чөлөөг ийнхүү баталгаажуулж өгснөөр 1992 оны Үндсэн хууль түүхэн үүрэгтэй.

 Мөн Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсноор олон улсын тавцанд өөрийн байр суурь, нэр хүндтэй болсон. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэхдээ энэ нь туйлын, хязгааргүй эрх чөлөө биш. Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгоор зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой.  

 Үндсэн хуулийн 16, 19.1-д заасан иргэний эрхүүдийг баталгаажуулах зорилгоор Хэвлэлийн эрх чөлөөний тухай бие даасан хуулийн II, III, IV зүйлд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргах болон төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихыг хориглосон. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль цомхон заалттай боловч хэвлэлийн эрх чөлөөг хангах, баталгаажуулахад зайлшгүй шаардлагатай чухал зохицуулалтуудыг агуулдаг. Гагцхүү бид хэрэгжилт дээр хяналт тавьж, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн зөрчлүүдийг засах зайлшгүй шаардлагатай.

 Сүүлийн жилүүдэд мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг хязгаарласан, зохицуулалтууд олширч байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд мэдээлэл хайх, хүлээн авах, түгээхтэй холбоотой үндэслэл муутай хязгаарлалтууд олширч, эдгээр нь зохистой хэмжээнээсээ хэтэрсэн. Үүнд сэтгүүлчид, иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж ирсэн ч хууль боловсруулах, хэлэлцэх шатандаа тэдний оролцоог хангадаггүй, үндэслэлтэй саналыг нь хүлээж авдаггүй байдал илт ажиглагддаг. Үндсэн хуулийн 16.16, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хязгаарласан арга хэмжээнүүдийн хэрэгцээ шаардлага, үндэслэл, оновчтой байдлыг тодорхойлох зайлшгүй шаардлага гарч байна. Иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хязгаарлалтаа үндэслэлтэй үгүй гэдгийг мэдэх эрхтэй.

 Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр олон иргэн, байгууллага хууль хяналтын байгууллагуудаар шалгагдсан. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13.1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул, нийгэмд үүссэн бусад эрсдэлийн үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол хүнийг 500000 төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгоно гэсэн заалттай.

 Тухайн хуулийн заалтаар 2020 онд 1480 хувь хүн, хуулийн этгээдийг худал мэдээлэл тараасан хэмээн үзэж шийтгэл оногдуулсан тухай прокурорын байгууллагын мэдээлэлд бий. Үүнээс харахад, иргэд цар тахлын үед төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл илэрхийлсэн, таамаг дэвшүүлсэн, санамсаргүйгээр мэдээлэл хуваалцсаныхаа улмаас  худал ташаа батлагдаагүй мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдүүлсэн хэмээн хуулийн байгууллагаар буруутгагдаж, дор хаяж 750 сая төгрөгийн торгуулийг төрд тушаасан байх тооцоолол хийж болно. Улмаар Эрүүгийн хуулийн 13.14 “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт 2020 онд 251 хүн, хуулийн этгээд холбогдож шалгагдсан бол 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ тоо 119 байв. Эрүүгийн хуулийн холбогдогчдын дийлэнх олонх нь энгийн иргэд байна. Үүнээс харахад, хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэрийн дор нийгмийн сүлжээ болоод хэвлэл мэдээллээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд хуулийн хариуцлага тооцох явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаад сэтгэл түгшиж байна.

 ХУУЛИЙН ЗОХИСГҮЙ ХЯЗГААРЛАЛТЫН УЛМААС СЭТГҮҮЛЧИД ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

 Цар тахлын үед эх сурвалжийн дутагдалд орж, нийтийн эрх ашигт хамаарах мэдээлэл олж авахад хамгийн их саад учирсан хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн судалгаанд оролцсон 300 сэтгүүлчийн 90 орчим хувь нь хариулжээ. Тэд Монголд хэвлэлийн эрх чөлөө хумигдсан хэмээн дүгнэсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн 16.16 дугаар заалтын хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг дээрх судалгаа харуулж байна. Төрийн албан хаагчид албан ёсны батлагдаагүй мэдээллийг түгээвэл хуулийн хариуцлагатай гэсний улмаас өдөр тутмын үйл явдлын талаарх энгийн мэдээлэл өгөхөөс ч татгалзаж эхэлсэн. Ингэснээр олон талын байр суурийг багтаасан мэдээллийг түгээж, түүнд тулгуурлан иргэд, олон нийт үзэл бодол, байр сууриа чөлөөтэй солилцож, мэтгэлцэх, шүүмжлэл өрнүүлэх орон зай цар тахлын үед илт хумигдсан. Харин эсрэгээрээ “нэг урсгалт мэдээлэл”, “нэг цонхны мэдээлэл” зэргээр дэлхийн ардчилсан орнуудад байхгүй жишгийг гаргаж, түүнийгээ дагахыг тулгасан нь манай орны хувьд оновчтой бус шийдэл байсан. Мэдээллийн хоёр талын урсгал чөлөөтэй байх нь хямралын мэдээллийн харилцааны хамгийн чухал тулгуур багана. Түүнчлэн цахим сайтуудад сэтгэгдэл хэсгээ хаахыг даалгасан нь  иргэдийн чөлөөтэй мэдээллээ солилцох, хуваалцах, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрхийн зөрчил гэж харж байгаа.

 ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ НЬ ИРГЭН БҮРИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБООТОЙ

Үндсэн хуулиар олгогдсон иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулдаг учраас хэвлэлийн эрх чөлөө нь иргэн бүрийн эрх чөлөө юм. Сэтгүүлчдэд мэдээлэл хайх, олж авах, түгээхэд тулгарч буй бэрхшээлүүд нь иргэдэд шууд хамааралтай. Мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааны орчин нөхцөл хүндрэхэд иргэний мэдэх эрх, мэдээлэлтэй байх эрх, үзэл бодлоо илэрхийлэх, түгээх эрх нь шууд зөрчигдөнө. Тийм учраас хэвлэлийн эрх чөлөө гэдэг хэдэн сэтгүүлчид эсвэл иргэний нийгмийн цөөн хэдэн байгууллагын асуудал огтоос биш. Иргэн бүр хайрлаж, хамгаалж, тордож, өнгөлж зүлгэж байж энэ эрх чөлөөг эдлэх эрхтэй болдог. Би хэлэх эрхтэй гэж “цээжээ дэлдэж” буй бол бусдад хор хохирол учруулахгүйгээр эрхээ зөв ашиглах үүрэг хариуцлага мөн дагалдана. Харин төрөөс иргэнийхээ үзэл бодолтой байх, үг хэлэх эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдах, хязгаарлахгүй байх улмаар энэ эрхээ хэрэгжүүлэх аюулгүй, айдасгүй орчинг бүрдүүлэх ёстой. Ямар ч хүн хэлэхээс айгаад эсвэл болгоомжлоод эхлэхээр таг дуугүй болдог. Иргэд чөлөөт шүүмжлэл өрнүүлэх, үзэл бодлын мэтгэлцээн өрнүүлэх, сэтгүүл зүйн хараат бус анхааралтай ажиглалтаар нийгмийн бүхий л түвшинд хяналт тавих “хоточ банхар”-ын үүргээ гүйцэтгэх орчин нөхцөл нэн чухал юм.

 ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ ХУУЛЬЧЛАХ НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛД ЦЕНЗУР ТОГТООЖ БАЙГАА НЭГ ХЭЛБЭР

Блиц

Боловсрол:

-Социологич, сэтгүүлч,

-Бизнесийн удирдлагын мастер,

-Нийгмийн ухааны докторант

Судалгааны чиглэл:

-Хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, нийтлэл нэвтрүүлгийн агуулга болон рейтингийн судалгаа, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөр, сэтгүүлчийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлийн судалгаа

Ажлын туршлага:

2001-2017 онд:

-Хэвлэлийн хүрээлэнгийн судлаач

-Судалгааны албаны дарга

-Гүйцэтгэх захирлын орлогч

2018 оноос:

-МХМЗ-ийн гүйцэтгэх захирал

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх  сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.3, 14.2-т иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага найдвартай, баталгаатай эх сурвалжийг ашиглан үнэн бодит мэдээллийг түгээнэ гэсэн агуулга бий. Үүнд хэд хэдэн тодорхойгүй зүйл бий. Нэгдүгээрт, “үнэн бодит” болон “худал төөрөгдүүлсэн” мэдээлэл гэж юу вэ, үнэнийг хэн, хэрхэн, яаж тогтоох аргачлал болон мэргэжлийн чадвар тодорхойгүй. Учир нь туйлын үнэн гэж үгүй. Хоёрдугаарт, баталгаатай, найдвартай эх сурвалж гэж хэнийг үзэх вэ. Үүнээс Эрүүл мэндийн яам, УОК-оос өгч байгаа мэдээлэл найдвартай бусад нь найдваргүй юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь хуульд энэ заалтыг оруулсан нь том алдаа. Үндсэн хуулийн 16.16-гийн ноцтой зөрчил. Учир нь үнэнийг хэн нэгэн эсвэл төрийн байгууллага тогтоохгүй. Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийх эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж тодорхой дурдахыг эрмэлзэнэ гэсэн агуулга сэтгүүлчийн ёс зүйн зарчимд бий. Гэтэл хараат бусаар ажилладаг мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйн заалтуудыг хуульчилсан. Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл төвөөс хамтран сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг хуулинд оруулах нь төрөөс хэвлэл мэдээллийн агуулгад  хяналт тавьж цензур тогтоож буй хэлбэр тул эдгээр заалтыг авч хаяхыг сануулсан боловч УИХ баталчихсан. Тэгэхээр мэдээллийн үнэн бодит мэдээлэл, найдвартай эх сурвалжтай эсэхийг эцсийн дүнд цагдаагийн байгууллагын албан хаагчид тогтоохоор болгосон нь олон зөрчил маргааныг дагуулсаар байна. Ганцхан сонирхлын бүлгийн буюу албаны эх сурвалжийн мэдээллийг найдвартай гэж үзэх нь Үндсэн хуулийн 16.16-г амьдрал дээр хэрэгжүүлдэг сэтгүүл зүйн үйл ажиллагаанд том хориг саад болсон. Өнөөдөр үнэн мэт байсан ч маргааш худал болох эрсдэл амьдралд бишгүй. Тэгэхээр үнэнд нийцсэн мэдээллийг олон талын эх сурвалжийн байр сууриар дамжуулж нийгэмд үзэл бодол бий болгох, үндэслэл бүхий чөлөөт шүүмж мэтгэлцээн өрнүүлэх замаар ил тод, эрх тэгш, шударга байдлыг хариуцлагаар нэхэх нийгмийн үүрэг сэтгүүл зүйд оногддог. Иймд төрөөс сэтгүүл зүйн агуулгад нөлөөлж, оролцож болохгүйн бодит жишээ энэ юм.

 Сэтгүүл зүйн агуулгад төр хэрхэвч оролцож болохгүй гэдэг нь сэтгүүл зүй хязгааргүй эрх чөлөөтэй гэсэн үг биш.  Үүнийг хязгаарладаг зохицуулалт нь олон нийтийн хяналтаар хэрэгждэг мэргэжлийнх нь ёс зүйн зарчим. Ёс зүйн зарчмыг нь сэтгүүлчдийн дагаж мөрдөх “хууль” гэдэг. Өөрсдөө хэлэлцэж тогтоочхоод өнөөдөр мөрдөөд ажиллаж байгаа ёс зүйн зарчмын заалтуудыг хуульчлах нь шударга сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийг ажиллах орчингүй болгож байгаатай агаар нэг. Давтан хэлэхэд, сэтгүүл зүйн агуулгад төр биш иргэд хяналт тавьдаг. Тухайлбал, иргэдийн мэдэх эрхийг зөрчиж, хүний нэр хүндэд халдаж ёс зүйн зарчмаа зөрчиж байна гэсэн хяналтыг иргэд мэргэжлийнх нь байгууллагад гомдол гаргах замаар тавьдаг. Харин иргэний гаргасан гомдлын дагуу тухайн редакц ёс зүйн зарчмаа зөрчсөн эсэхийг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага буюу Хэвлэл мэдээллийн зөвлөл тогтоодог.

 ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОРЧИН САЙЖРАХАД АВЛИГЫН ИНДЕКС БУУРНА

 Монгол улс 2020 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ “улбар шар” буюу мэдэгдэхүйц асуудалтай орнуудын тоонд багтаж дэлхийн 180 орноос 28.97 оноотойгоор 68 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин Авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт жагсаж байна. Ардчилал, хүний эрх, чөлөөт шударга байдлыг илтгэдэг эдгээр индексүүд нь хоорондоо харилцан уялдаатай. Учир нь хэвлэлийн эрх чөлөөний орчин сайжирч индексийн оноог 25-т хүргэхэд манай улс сэтгэл хангалуун буюу “шар” түвшин рүү орно. Монгол Улс авлигатай бүх шатанд тэмцэхээ илэрхийлж буй энэ цаг үед хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, дэмжих замаар шударга, чөлөөт эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлж улмаар авлигын төсөөллийн индексийг бууруулах боломжтой юм. Гэвч хэвлэлийн эрх чөлөөний индекст сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсэд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хуулийн зохисгүй хязгаарлалтууд олноор гарч байгаа. Нууцын хуулийн малгайн дор мэдээллийн ил тод нээлттэй байдал хангалтгүй хэвээр, нийтийн мэдээллийн тухай хуулиар байдлыг дордуулсан, улмаар шүүмжлэлт сэтгүүл зүйг цагдан хяналтаар боомилох оролдлогууд нийтлэг зэргийг дурдаж болно. Эдгээр нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаанд саад учруулж, улмаар сэтгүүлчид нийтийн эрх ашгийн төлөө шүүмжлэл өрнүүлэхээс татгалзах эс үйлдэл рүү хөтлөх бодит эрсдэл үүссэн. Сэтгүүлчид “тархиндаа хайч үүсгэх” буюу өөрт нь айдас, дарамт дагуулах мэдээллээс татгалзаж, нийтийн эрх ашгийн төлөө дуугарахдаа өөртөө цензур тавих буюу буруугийн хажуугаар чимээгүй өнгөрч эхлэх цагт бид авлига, хээл хахуультай тэмцэж, ардчилал хүний эрхийг хамгаалах талаар яриад ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс нэн тэргүүнд шударга, чөлөөт сэтгүүлчид аюулгүй, айдасгүй орчинд зоригтойгоор, мэргэжлийн бөгөөд ёс зүйн өндөр түвшинд ажиллаж байж ардчилал амь бөх оршино гэдэгт итгэдэг.

 ЭХ СУРВАЛЖИЙН ХАМГААЛЛЫГ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

 Цагдаа, тагнуулд дуудагдсан сэтгүүлчдээс нэн тэргүүнд эх сурвалжаа хэлэхийг шаарддаг нийтлэг жишиг тогтжээ. Сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа хамгаалж чадахгүй юм бол сэтгүүлчийн ажлаа хийж чадахгүй гэсэн үг. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд хууль бус асуудлыг эрэн сурвалжлах, мөрдөн мөшгих, нийтэлж нэвтрүүлэхэд эрх зүйн таатай орчин дутагдсаар байгаа. Тиймээс сэтгүүлчийн аюулгүй байдал, нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг хангах эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, сайн туршлагад нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн нууцлалын хүрээ өргөн байгаа нь сэтгүүлч мэдээлэл авахад хүндрэл учруулдаг. Тухайлбал, Монгол Улсын Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2-т “Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ зүйлийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу Төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо 565 болж 2017 онтой харьцуулахад ес дахин өссөн. Мөн хуулийн 14.1-д “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж заасан байдаг. Ингэснээр байгууллагууд өөрсдийн үзэмжээр мэдээллийг нууцлах боломжийг өгч байгаа юм. Тиймээс байгууллагын нууцын тухай хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай.

 ТОРГОХ БИШ ЗӨӨЛӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭМ ХЭМЖЭЭГЭЭР ЗОХИЦУУЛАХ НЬ ӨГӨӨЖТЭЙ

 Зөөлөн зохицуулалтын хэм хэмжээ болох хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг улс төрийн соёлын болоод бодлогын түвшинд хүлээн зөвшөөрч дэмжих шаардлагатай байна. Сэтгүүлч бусад мэргэжлийн хүмүүстэй харьцуулбал ёс зүйн өндөр хариуцлага хүлээдэг мэргэжил. Тэгэхээр хуулийн зохицуулалт, сэтгүүл зүйн өөрийн зохицуулалт хоёр хамт хөгжиж хэвлэлийн эрх чөлөөний асуудал цэгцэрнэ. Хэвлэлийн эрх чөлөөний индекс өндөр улс орнуудын гол баримталсан зарчим бол ерөөсөө л эдгээр хоёр зохицуулалтын хоорондын ялгаа заагийг тодорхой зааж тэдгээрийг зэрэгцүүлэн хөгжүүлсэн явдал юм. Хуулиараа зохицуулдаг зүйл нь тодорхой, ёс зүйгээр зохицуулдаг нь тодорхой. Бие бие рүүгээ холилдон оролцдоггүй. Гэхдээ хоёулангийнх нь зорилго чанартай, хариуцлагатай мэдээллийг олон нийтэд түгээх, иргэдийг худал мэдээлэлд автаж, хор хохирол учрахаас хамгаалах. Тэгэхээр хаана юуг нь яаж зохицуулах вэ гэдэг хилийн дээсийг тодорхойлох шаардлагатай. Улмаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн баталгаа болдог.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 6 (6738)

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Мэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадам зохион байгуулна8 цаг 56 минутын өмнөЭэлжит бус чуулган маргааш хуралдаж, тэтгэвэр нэмнэ8 цаг 58 минутын өмнөГарын урыг гайхуулам "Хос уянга"1 сар 27. 13:55Цаглашгүй их өв "Цаасан хайчилбар"1 сар 27. 13:39Ж.Гантулга: Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг эмгэг үүсдэг1 сар 27. 13:30Хятадын уламжлалт соёл "Шинийн бэлтгэл"1 сар 27. 13:21Чөлөөт цаг бол хөгжих боломж1 сар 27. 13:20Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын “ургийн мод“1 сар 27. 12:45Б.Мөнхбат "Монголросцветмет"-ыг самарсаар байна1 сар 27. 12:30Мексикийн хар тамхины наймаа, авлигын асуудлыг сурвалжилсан хоёр сэтгүүлчийг долоо хоногийн дотор хөнөөсөн байна1 сар 27. 12:16Лифтний хонгилд унасан хүү эмнэлэгт очоод амьсгал хураажээ1 сар 27. 11:09ЭМЯ: 2273 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн энджээ1 сар 27. 11:06Коби Брайнт болон түүний охин Жианна нарын дурсгалыг хүндэтгэн тэдний осолдсон газар тэдний хөшөө байрлуулжээ1 сар 27. 11:06Д.Амарбаясгалан: Ёс зүй, хариуцлага алдсан Ё.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн1 сар 27. 11:03Лифтэнд хүүхэд эндсэн байр ЭКО КОНСТРАКШНЫХ байжээ1 сар 27. 10:59АТГ: Эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэг хийлээ1 сар 27. 10:58Ковид19-ийн вакцин тойрсон асуултуудад ТЭД ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ1 сар 27. 10:56ДЭМБ-аас КОВИД-19-ийн эсрэг 2 шинэ эмийг зөвлөж байна1 сар 27. 10:55СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, явган шуурна1 сар 27. 10:5366,934 хүний нэг удаагийн хэрэглээний мансууруулах бодисыг хураан авчээ1 сар 27. 9:53Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг ЗГ-т өглөө1 сар 26. 16:30УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаж байгаагүй1 сар 26. 16:25АТГ: Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа1 сар 26. 15:30Замын-Үүд боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна1 сар 26. 15:22“Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна1 сар 26. 15:21“Халдварын давлагаа үүсвэл цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хойшлох эрсдэл байна“1 сар 26. 15:17Л.Энх-Амгалан: МСҮТ, их, дээд сургуулиуд II сарын 7-ноос цахимаар хичээллэнэ1 сар 26. 15:15“3-5 настнуудыг II сарын 14-нөөс цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна“1 сар 26. 15:13“Хилийн боомтоор нэвтрүүлж буй чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна“1 сар 26. 15:11Х.Нямбаатар: ТББ нэрээр ашгийн төлөө хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж байна1 сар 26. 13:05
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.