2022 оны 3-р сарын 14
12 цаг 44 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Архи эрчүүд биднийг ууж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд оролцогсод эрэгтэйчүүдийн амьдралын чанар, оролцоо, манлайллыг дэмжихэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг хамтдаа тодорхойлно.

Энэ хүрээнд “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудал”, Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлэн, зөвлөмж гаргах юм.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Улс орны түшиг тулгуур, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо монгол эрчүүдийнхээ талаар хэлэлцэн ярилцаж, эх орныхоо хөгжил дэвшилд эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо, манлайллын талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлохоор улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Та бүхэнд Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч гүн талархал илэрхийлж байна.

Улс орны хөгжил дэвшил, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн үүрэг, хариуцлага, манлайлал маш чухал үүрэгтэй.

Монголчууд бид эрт дээр үеэс эрчүүдээ “өрхийн тэргүүн, гэрийн эзэн” хэмээн хүндэтгэн ирсэн сайхан уламжлалтай. Айл өрх бол улсын үндэс, төрийн тулгуур юм.

Хатан зоригт монгол эрчүүд Хүннү гүрнээс эхлэн дэлхийн талыг төвшитгөн төр улсаа байгуулж, даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтоон, туурга тусгаар улсаа цогцлоон мандуулж, монгол хүн, монгол үндэстнийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн бахдам түүх, баатарлаг гавьяатай билээ.

Бидний өвөг дээдэс монгол эр хүнийг эр зоригтой, эрдэм билигтэй, холч ухаантай, уужуу сэтгэлтэй, тэсвэр хаттай, ёс жудагтай, шударга журамтай, андгай тангарагтаа үнэнч, эх хүнд элбэрэлтэй байхыг сургаж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “Эр хүн” хэмээн өргөмжилж ирсэн түүхтэй.

Монголчууд бид эрт үеэс хуурч мэхлэх, зусардаж зальдах, урваж шарвах, ихэрхэж баярхах, хүчирхийлэн дээрэлхэх, сархдад самуурах, хулгай дээрэм хийх, хов жив хөөцөлдөх зэргийг адгийн араншин, хүний мөс чанарт харш хэмээн цээрлэж ирсэн заншилтай.

“Нэр хугарахаар яс хугар” хэмээн манай ард түмэн ярьдаг билээ.

Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэхүү ёс жудаг, зан заншил, үнэт зүйлсээ бид хэзээ ч мартах ёсгүй бөгөөд үеийн үед үр хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулж байх учиртай.

Харин бид өнөөдөр энэ зан заншил, захиа даалгавар, ёс жудгаа хэрхэн хадгалж, хэрхэн хамгаалж, хэрхэн авч яваа талаараа хэлэлцэн ярилцаж, тунгаан бодох цаг болжээ.

Монгол эр хүн бол хань ижил, гэр бүл, үр хүүхдээ хайрлан халамжилж, улс орон, гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлан нэр төртэйгөөр амьдрах ёстой.

 

Эрх чөлөөт Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүн ижил тэгш эрхтэй байдаг хэдий ч эрчүүд бид эх орон, ард түмэн, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө илүү их үүрэг, хариуцлага хүлээж, илүү их ачааны хүндийг үүрэх учиртай.

Иймээс монгол эр хүн эрүүл биетэй, саруул ухаантай, зөв сэтгэлтэй, зөв хандлагатай, үүх түүх, өв соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсролтой, ажил амьдралтай, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг байх ёстой.

Ингэхийн тулд эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудалд нь төрийн бодлогыг чиглүүлэхийн зэрэгцээ эрчүүдийн өөрсдийн ухамсар, идэвх санаачилга, хариуцлагыг шинэ түвшинд гаргах шаардлагатай болжээ.

Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна. Засаж залруулах зүйл ч их байна.

Зарим нөхөд маань эрүүл мэнд, ахуй амьдралаа хөсөрдүүлж, эр хүн, эцэг хүнийхээ үүрэг, хариуцлагыг умартаж, гэр орон, ажил үйлсээ эзэнгүйдүүлж, хань ижил, үр хүүхэд, гэр бүлээ зовоож байгаа явдал цөөнгүй байна.

Манай улсын хүн ам өсөж, дундаж наслалт 70 нас болсон сайхан мэдээ байгаа хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдөр 10 жил болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэг ёсондоо эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг юм.

Үүнийг эрдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд хэт их автсантай шууд холбоотой бөгөөд энэ нь архи, тамхи, осол гэмтэл, сэтгэл гутрал, гэр бүл салалт, ажилгүйдэл болон эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж байна гэж үзжээ.

Манай эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, гэмтэл, хордлого ба гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын болон хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд орж байна.

Эр хүн хэр баргийн зовлонг даадаг, эр хүн өвддөггүй, эмэгтэй хүнээс долоон дор гэх зэрэг буруу үзэл, хэнэггүй байдал газар авснаас болоод эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эмнэлэгт эмчлүүлэх, эрүүл мэнддээ тавих анхаарал харьцангуй сул байна.

Энэ бол туйлын хариуцлагагүй явдал бөгөөд эрчүүдийн амьдралын чанарт төдийгүй өрх гэр, улс үндэстний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна.

Энэ тухай өнөөдрийн чуулган дээр манай эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс тодорхой тоо баримтад тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй ярьж, ард иргэддээ сайтар ойлгуулна гэж найдаж байна.

Цаашид төр засгаас ард иргэд, нэн ялангуяа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв амьдралын хэвшлийг бий болгох чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг бүх түвшинд эрчимтэй явуулах шаардлагатай байна.

 

Эрхэм нөхөд өө,

“Эр амгалан бол гэр амгалан” гэж манай ард түмэн хэлдэг.

Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай.

Энэ бол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг бөгөөд эр хүний, эцэг хүний эрхэм үүрэг юм.

Охин үр аавын хайраар эрчүүдийн ертөнцийг төсөөлж, нуган үр эцгийн сургаалаар эр хүн болон хүмүүждэг жамтай.

Иймээс эр хүн, эцэг хүн уур омог, хэл ам, хэрүүлийн бузраас ангид байж, бие сэтгэлийн тэнцвэрийг олж, тэнгэр шиг тэнүүн, уул шиг түшигтэй, үр хүүхэд, өрөөл бусдад үлгэр дуурайл болон эрийн хийморийг бадрааж, гэрийн жаврыг үргээдэг байх ёстой.

Харамсалтай нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байгаа бөгөөд дийлэнх нь согтуугаар үйлджээ.

Түүнчлэн жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ёс зүйгээ хангалттай ухамсарлахгүй байна гэж судлаачид дүгнэжээ.

Нийгэмд гарч буй архидалт, донтолт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг сөрөг үзэгдэл эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг унагааж байна.

Цаашид бид ийм байдлаар үргэлжлүүлэн амьдарч хэрхэвч болохгүй.

Бурханы сургаальд нэг сайхан үг байдаг юм.

“Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж.

Тэгвэл бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг.

Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Тэгвэл үгүй ээ. Харин архи эрчүүд биднийг, өөрсдийг маань ууж байна. Үр хүүхэдтэй минь, гэр бүлтэй минь, улс үндэстнийг минь ууж байна.

Эх орны маань хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна.

“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж манай ард түмэн хэлдэг.

Үүнийг л бид дор бүрнээ ухаарч, улс үндэстнээрээ тэмцэх цаг болжээ.

Бид байгаль дэлхийгээ хамгаалж, цөлжилттэй тэмцэхийн тулд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Ард түмэн маань ч үүнийг талархан дэмжиж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлээд улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе.

Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе.

Хань ижлээ, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ, гэр бүлээ, эцэг эхээ, эх орноо гэсэн чинхүү сэтгэл танд байдаг бол хатуу бор сархдаас татгалзъя, тэнгэр заяат эрчүүдээ.

Монгол эр хүн хэлсэн үгэндээ эзэн байж, зорьсон хэргээ бүтээж чаддаг зан суртахуунтай билээ.

Монгол эрчүүд архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй амьдрах ёстой.

Энэ бүхэн эрчүүд бидний хувийн зохион байгуулалт, сахилга бат, зөв амьдралаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай.

Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна.

Өнөөдрийн чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар тал бүрээс нь нухацтай сайн хэлэлцэж, эрчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна.

Чуулганаас гарсан зөвлөмжийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ хэлье.

Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

Морин дэл дээр ассан монгол эрсийн цог хийморь галын дөл шиг өөдөө байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.90.43Зочин   • 2022, 3 сарын 15. 10 цаг 53 минут

Ажилгүйдлээ шийдчихээд архиа яривал дээрдээ

202.55.191.194Зочин   • 2022, 3 сарын 14. 15 цаг 15 минут

ЗӨВ Л ХЭЛСЭН БНА ШҮҮ ДЭЭ. эРЧҮҮД НЬ АРХИНД ИДҮҮЛЭЭД, АРХИЧИН НӨХРҮҮД НЬ ЭХНЭРҮҮДЭЭ ЭДЭЭД, МОНГОЛД ЭРҮҮЛ ХҮН ХОВОР БОЛХ ГЭЭД БАЙНА

92.124.205.112Зочин   • 2022, 3 сарын 14. 14 цаг 39 минут

Өөрөө ч гэсэн архичин, зодоонч , худалч гар ш дээ

202.126.89.81Байды   • 2022, 3 сарын 14. 14 цаг 02 минут

АЖИЛГҮЙДЭЛ,ЯДУУРАЛ өөр шалтаг шалтгаан байхгүйлдээ

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.