Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүн Б.Жаргалмаа, Х.Булгантуяа, Ч.Ундрам, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2022.05.23) Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг. Хоёр улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (CoD), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) зэрэг хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмуудыг дээдэлсэн олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж буй нь бидний нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж байгааг тэмдэглэв.
Тэрбээр, Шведийн Гадаад хэргийн сайдын санаачилсан “Ардчиллыг хамгаалах анд нөхөд” албан бус бүлгийн хүрээнд хүний эрх, ардчилал, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлийн төлөө хамтран ажиллах боломжтой гэв.
Түүнчлэн хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Манай УИХ-д Монгол-Шведийн парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна. Шведийн Риксдагт мөн Швед-Монголын парламентын бүлэг байгуулахад хатагтай Оса Линдестамыг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Уулзалтаар талууд шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийг хангах асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.
Сэтгэгдэл бичих