Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.06.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 55.3 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Б.Энхбаяр, Х.Баделхан, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл бичих