Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багт байх цэнгэг уст Хангал нуурыг уран барималч Чимидийн Дашзэвэг төрсөн нутгийнхаа мэлмий цэнхэр усан хүй хэмээн насан туршдаа дээдэлж иржээ. Энэ нуур "Монголын нууц товчоо"-нд өөрөөр нэрлэгдэн орсон байх талтайг их эрдэмтэн Хөдөөгийн Пэрэнлэйгээс сонссоноо ч ярьдаг байсан. Чингис хааны байлдан дагуулалтай холбоотой Айл харганаас хэдхэн километр зайд орших цэвэр уст энэ нуур Монголын өнгөрсөн догшин түүхийн хуудсанд тэмдэглэгдсэн байх учиртайг үр хүүхдүүддээ хэлж захидаг байлаа. Уран бүтээлийн олон сайхан санаагаа энэ нуур орчмоос олжээ. Түүний хүү "Чингис хаан" хамтлагийн удирдагч Жаргалсайхан, ач хүү Тэнгэр нар Хангал нуурын эрэгт 1990-ээд оны намар амарч байхдаа "Шувууд нутаг буцаагүй" дууг зохиох санаагаа анх олсон гэдэг.
Уран барималч Дашзэвэгийн босгосон байгаль, ан амьтны сэдэвтэй хэд хэдэн барималууд Хангал нуурын эргийг олон жил чимсээр байна. Хандгайн барималыг ангын хорхойтнууд андуурч буудсан явдал тохиолдсон нь маш сайн нарийн хийцтэй төгс уран бүтээл болсныг нь нотлон харуулдаг.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Агуу бүтээлүүд
Үнэхээр агуу бүтээлүүдийг Эх дэлхийдээ үлдээсэн гайхалтай авьяастай хүн шүү Монголчууд үеийн үед бахархах болно