Бүгд Найрамдах Солонгос Улсын “Косин” их сургуулийн эмнэлгийн төлөөлөгч нар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүрэлцэн ирж, хамтран ажиллахаар санал солилцлоо.
Косин их сургуулийн эмнэлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд улсдаа хоёрдугаарт ордог. Түүнчлэн хорт хавдрын өвчний эмчилгээ, үйлчилгээг илүү үзүүлдгээрээ онцлогтой юм. Тус эмнэлгийг ихэвчлэн Япон, Непал, Казакстан улсын үйлчлүүлэгч нар зорин ирдэг байна.
Тус өдөр Косин их сургуулийн эмнэлгийг төлөөлөн Гадаад харилцаа, мэдээллийн албаны дарга Бак Чан Хюу, Төлөвлөлтийн хэлтсийн дарга, хэвлийн хөндийн тасгийн эмч, профессор Шин Дун Хүн, Мэдээгүйжүүлэлтийн эмч, профессор Гим Дү Шиг, Эмчилгээний тасгийн дарга, үе мөчний эмч, профессор Гим Гын Тэ, “Сэжон глобал” эмчилгээ зуучлал ХХК-ийн захирал Жан Ён Хы нөгөө талаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр (АУ-ны доктор, дэд профессор), Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяа (АУ-ны доктор), Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, хошууч Д.Баярсайхан (Боловсролын ухааны доктор) Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга, ахмад Д.Шүрэн нар уулзалдан, хамтран ажиллах санал солилцсон юм. Энэ үеэр Косин их сургуулийн эмнэлгийн төлөөлөгч нар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Цаашид хоёр тал хамтран ажилласнаар харилцан туршлага солилцох, эмч, мэргэжилтнүүдийг сургах, өвчтөнийг солилцох, хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр боломжууд бий болж байгаа юм.
Сэтгэгдэл бичих