Москва хотын Шереметьевийн нисэх онгоцны буудалд болсон SSJ-100 онгоцны ослоор 41 хүн, үүний дотор нисэх багийн нэг гишүүн амь эрсдээд байна. Харин энэ ослоос амьд үлдсэн хүмүүсийн нэрсийг нийтэлжээ. Одоогоор энд нийтдээ 37 хүний нэр бичигдээд байгаа бөгөөд тэдгээрийн 5 нь эмнэлэгт байгаа аж.
Онгоцны даргын хэлж байгаагаар хөлөг хөөрсний дараа аянганд өртсний улмаас техникийн саатал үүсч автомат системүүд ажиллагаагүй болсон гэнэ.
SSJ-100 онгоцны нисэгчийн бүхээг
Онгоцны осолтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлж, хэрэг нээгээд байгаа ажээ. Сануулахад SSJ-100 агаарын хөлөг Москвагаас Мурманск чиглэлд нислэг үйлдэхээр хөөрснөөсөө хойш удалгүй техникийн саатлын улмаас эргэн газардсан юм. Онгоц газардах үедээ хүчтэй доргилт авч, дугуйны тулгуур хугарсаны улмаас хөдөлгүүрт гал гарчээ.
SSJ-100 /Sukhoi Superjet 100/ агаарын хөлөг нь ЗХУ задарсаны дараа ОХУ-ын үйлдвэрлэсэн анхны агаарын онгоц юм. Энэ онгоц ойрын зайд зорчигч тээвэрлэх зориулалттай бөгөөд 98 хүртэл зорчигч тээвэрлэн 3000-4600 км хол зайд нислэг үйлдэх боломжтой аж.
Эх сурвалж: Lenta.ru
Бэлтгэсэн: Г.Хан
Сэтгэгдэл бичих