2019 оны 6-р сарын 17
11 цаг 20 минут

Т.Хонгорзул: Зун орсон цас

Тэгэхэд зуны эхэн сарын цастай өдөр байсан юм. Охид бүсгүйчүүд нимгэн хөнгөн хувцсандаа хэзээний орчихсон, дэгжин нэг нь борооны шүхэртэй явсан тэр өдөр гэнэтхэн цас будран хаялж, моддын нов ногоон навчис дээр тогтсон цасан ширхэгийн хичнээн үзэсгэлэнтэй байсныг би мартахгүй. Үлгэрийн юм шиг хөвөн цагаан цасан тэнгэрээс үнсэх мэт аажуухан буухдаа улайж халууцсан хацар дээр нь хайлж, ахин нэг нэгээрээ шүхэрлэн бууж байхад сэтгэл минь яажшуухан догдлон хөөрч, бас хайлан урсаж байсан нь одоо ч тодхон байна.

Учир мэдэхгүй гэнэн балчир насны нэг намар түүнийг анх харж билээ. Хажуугийн байрны урд талын сагсны шийдэн дээр овооролдон байх хөвгүүд дотор нэг шинэ хүн нэмэгдсэнийг зуныг тагтан дээрээ шахам өнгөрүүлдэг би яахин эс андахав. Нэр зүсээр нь андахаа байсан байрны хэдэн хөвгүүд дунд ганцаараа ялгарах, цав цаваан царайтай, царайлаг нь дэндсэн тэр жаалыг тагтан дээрээсээ хичнээн удаан харсныг бүү мэд. Өнгөрч өгдөггүй өдөр хоногууд, явж дуусдаггүй цаг гэдэг чинь түүнийг сэмхэн хараад суухад нисээд л явчихна. Хүн мэдчих вий, тэр тусмаа тэр анзаарах вий гэхээс үхтлээ айна, үе үе нугдасхийн доош нуугдана.

Тэр гадаа гарч сагс тоглоогүй үе гэдэг миний хувьд орчлон хорвоогийн хамгийн уйтгартай, харанхуй өдрүүд болж хувирна. Хэзээ гарч ирэх бол гэж хүлээн хүлээн суухдаа тоолж ядсан мөчүүд түүнийг хармагц мартагдаж, хөдөлгөөн бүрийг нь гайхан бахдаж, хорвоо дээр бурхан цорын ганц ийм л төгс хүн бүтээсэн байх, түүнийг нь олж харж дурласан би ямар азтай вэ гэж боддог байв. Эсрэг хүйстнээ сонирхож, хайр дурлалыг амталж үзээгүй жаалхан охин би анх харсан цагаасаа түүнийг өдөр шөнөгүй бодож, дэндүү гэнэхэн бас ариуханаар түүнийг шохоорхож, байрныхаа гадаа гарч ирээгүй өдөр бүхэн өвдчихсөн юм биш байгаа даа, эсвэл хэзээ ч дахиж ирэхгүйгээр хол явчихсан юм 
болов уу гэж сэтгэл түгшин, эмээж суудагсан.

Бүхэл бүтэн гурван жил би түүнийг тагтан дээрээсээ, үгүй бол цонхныхоо цаанаас нууцхан харсаар энэ хугацаанд өсч томрон жаахан охин нэгэнт биш болжээ. Миний түүнийг харах нүд, мэдрэх мэдрэмж, сэтгэлдээ түүнтэй мөрөөдлийн гэртээ өнгөрүүлдэг хором бүхэн өөрчлөгдөж, шохоорхол минь нэгэнт хайр болж хувирсан нь тэр.

Есөн сарын хүйтэн бороотой тэр шөнө би нойрноосоо гэнэт сэрчихлээ. Бараг зүүд зүүдлэлгүй бөх унтдаг, нойроо харамлана гэж сүртэй байдаг хүн яагаадыг бүү мэд, гэв гэнэтхэн сэрж орхив. Гадаа бороо шаагин орж, салхи хүчтэй шуугин исгэрнэ. Ийм үед гадаа явж байгаа хүн ямар өрөвдөлтэй байх бол гэсэн саваагүй бодол намайг цонхны дэргэд авчрахад, сагсны талбай дээр нэг хүн ганцаараа бөмбөг шидэж байхыг хараад нойр минь шууд сэргэв. Өглөө үдэшгүй харсаар байгаад дасал болсон тэр хүн минь хачин муухай шөнө юунд ганцаараа тэнд байгааг хичнээн сонирхож, чаддаг бол асуучихмаар байвч ямар арга байх билээ. Намайг гараад очлоо гэхэд тэр танихгүй шүү дээ, нэг бол гайна, аягүй бол дургүйцвэл яана гэхээс тэгчихсэн юм шиг нүүр улайн, мөр минь чичирхийлэн түүнийг харж зогсов. 
Бушуухан зогсоосой гэж бодсон бороо хангалттай норсон түүнийг минь улам нэрвэх гэсэн шиг шаагин асгарна. Ингэж байхаар хурдхан гэртээ ороосой гэж би дэмий л цонхон цаанаас харж зогсохдоо амандаа үглэвч намайг яахин сонсох билээ. Удаан харж даанч тэссэнгүй, би нэг мэдэхэд шүхэр бариад түүний дэргэд зогсож байсан юм.

Шөнө дунд дэргэд нь борооны шүхэр бариад зогсох танихгүй охиныг хараад тэр гайхсан байх. Харин түүний уйлж бүлцийсэн нүдийг хараад бүр ч их гайхсан, тэгээд өрөвдсөн. Борооноос хоргодон саравчин дор удаан суухдаа надаас ичингүйрэн духайж, сэм сэмхэн харц чулуудан, өөрийнхөө байдлаас ичих мэт нүүрээ буруулах нь байнга харж дадсан өөртөө итгэлтэй тэр хүүгээс тэс өөр санагдаж, би тэсгэлгүй инээмсэглэж билээ. Тэр намайг гайхах мэт харснаа дагаад инээмсэглэв. Ингэж бүтэн шөнөжин цуг суухдаа бид бараг юу ч яриагүй. Нэг нэгэндээ хүрэхээс дөлж, ам нээвэл энэ дусал дуслаар шүлэглэн асгарах борооны чимээг тасалчих юм шиг санасандаа ч тэр үү хааяа нэг бие биесээ харж инээмсэглэсээр үүр цайлгаж билээ

Тэр цагаас хойш бид хоёр уулзаж, бүр болздог боллоо. Тэр минь бусдын өмнө онгиргоо хөөргөн, бардам ихэрхүү юм шиг мөртлөө миний өмнө бол номхон хонь шиг ноомой даруу. Олон юм асуух юм уу, шоолчихвол нүүр нь улайгаад шилээ маажин, арга тасарсан байртай нүдээрээ намайг аргадах мэт харж зогсоно. Тэгэхээс тэгэх гэж би үйлийг нь үзэх мэт хаа хамаагүй хавийн охидтой нэр холбон шоолж, заримдаа хардах маяг үзүүлэхэд яах учраа олохгүй бүлтэгнэх нь хичнээн өхөөрдөм гээч. Хайртай гэж чанга хэлж үзээгүй, зүрхэлж миний хацар дээр үнссэн нь тоотой, тэгэх бүртээ зүрх нь юу юугүй дэлбэрэх вий гэмээр хүчтэй цохилдог наддаа л гэнэн жаахан тэр хөвгүүн миний анхны хайр, би ч түүнийхээ анхны хайр нь байсан юм

Сар өдрүүд урсан өнгөрөхийн хэрээр бид бие биендээ уусан нэгдэж, нэгэн бие мэт болоод хором мөчийг ч тусдаа өнгөрөөх аргагүй мэт ижилдэн дасчээ. Гэнэхэн мөртлөө сайхан сэтгэлтэй, намайг уйлуулахгүйн төлөө юу бүхнээ зольж чадах тийм агуу хайрыг надад өгсөн тэр минь нэг л өдөр чив чимээгүй алга болчихсон. Найзынхаа зуны байшинг засахад тусланаа гээд явсан өглөө гарахдаа нэг л сонин удаанаар, бас чангаар намайг тэврээд, салж ядах мэт зөөлөн үнсчихээд явсан. Хайртыгаа ирэхэд нь хамгийн дуртай хуушуурыг нь хийчихсэн байх гэж мах татаж байхад гэнэт муу совин төрөөд хуруугаа эсгэчихсэн. Яг л тэр мөчид хайрт минь хөөрхий, хүний хүүхдийн амийг аврах гэж шатаж буй байшинруу орчихоод, хүүхдээ аварч гаргангуутаа амь тавьсан байх даа гэж одоо ч боддог юм.

Хорвоо хүний сайныг түрүүлээд аваад явчихдаг гэж яасан үнэн үг вэ. Томоотой даруухан, ажилч хичээнгүй, хүн бүхэнд хүндлэгдсэн сайхан залуу байсан гэж хэн бүхэн түүний минь хойноос харуусаж, дурсан ярих бүрт элэг зүрх минь эмтрэн урагдаж, энэ хорвоог түүнгүйгээр ганцаараа туулна гэхээр үхлээс ч аймшигтай санагдаж, утга учиргүй элий балай хичнээн хугацааг туулснаа өөрөө ч мэдээгүй. Нүдээ аних бүр гэмгүй инээмсэглэх төрх нь сэтгэлд бууж, хэзээ мөдгүй хаалга нээгээд ороод ирэх юм шиг бодогдоод, орой бүр хоол хийж аяганд нь тавин хүлээдэгсэн. Тэр минь одоо ертөнц дээр байхгүй гэдэгт би огтоос итгэж чадсангүй. Үдэш бүхэн дэрээ нортол уйлж, хааяа гуниг зовлонгоо нимгэлж, түр боловч хагацлын зовлонг мартагнах гэж лонх хүзүүдэх нь ч байсан. Би аажмаар ургамал мэт хатаж, амьдын хорвоогоос салаад, турц эцсэнээс өд шиг хөнгөрч, тамир тэнхээгээ алдан хэвтэрт орлоо. Хөөрхий ээж минь нүд цавчилгүй намайг сахиж, “Миний бор охин навч шиг л хатаад байх юм” гэж нулимс дуслуулан үсийг минь илбэнэ.

Гэтэл нэг өдөр гэрт минь тав орчим насны хөөрхөн охиноо дагуулсан хар хүн, эхнэртэйгээ ирлээ. Цовоо нь дэндсэн бүлтгэр хар нүдтэй тэр охины энэ инээдийн төлөө, тааж болшгүй гэрэлт ирээдүйн төлөө тэр минь амиа өгөхөөс ч аргагүй байсныг, би байсан ч түүнийхээ хийснийг л хийх байсныг яах аргагүй тэр бяцхан амьтан ухааруулав. “Охин минь чамд талархал илэрхийлэх гэж, бас уучлал гуйх гэж бид ирлээ. Бие чинь муу байгааг дуулсан, гэхдээ чи амьдрах хэрэгтэй. Бүр сайхан амьдарч хань нөхрийнхөө гавъяаг олон хүнд дурсуулахын төлөө, амиар сольсон амины үнэ цэнийг мэдрүүлэхийн төлөө сайхан амьдрах хэрэгтэй” гэж хижээлдүү насны өндөр хар хүний аргадангуй хэлсэн үг дахиж намайг хөл дээр минь босгосон байх. “Бусдын төлөө цохилдог зүрх агуу шүү. Тийм зүрх үргэлж амьд байдаг юм” гэснийг нь би хэзээ ч мартахгүй.

Тэр шөнө би түүнийгээ зүүдэллээ. Зүүдлэхдээ бүр их л тодоор, яг л амьд юм шигээр. Цэцэг алгалан найгасан зуны талаар би түүнтэйгээ хөтлөлцөн гүйж байтал тэнгэрээс цав цагаахан цас будран орох юм. “Хараач, хайрт минь цас” гэхэд минь тэр “Би чам дээр цас болоод ирнээ. Чамайгаа орхихгүй. Цас болоод ирнэ” гэж хашгирлаа. Зүүднээсээ сэрэхэд “Цас болоод ирнээ” гэсэн дуун миний чихэнд хангинасаар.

Олон хавар, олон намар, бас өвөл зуныг би үдсэн. Хуучин ажлаа сольж өнчин хүүхдийн асрах газарт ажиллах болсноор хөндүүр зүрхнийхээ гунигийг хүүхдийн инээд хөөр, багшаа гэж дуудах үнэн сэтгэлийн дуунаас бага боловч нимгэлэн амьдарсаар. Тэгэхэд зуны эхэн сарын нэг өдөр байсан юм. Надад уйтгар нэмэх гэж тэнгэрийг бүрхсэн мэт хөвөн саарал үүлсээс цав цагаан цасан илбийн юм шиг бударсан. Цасан ширхэг хацрыг минь илбэн нороход хайртын минь үнсэлт гэдгийг мэдэрч билээ. Тэр минь надад худлаа ярьсангүй. Тэнгэрээс мөнгөн цагаан цасан болж миний зүрхэнд будран буусан. Тэр өдөр хайртын минь төрсөн өдөр байлаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.