2019-2020 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүрэг сургуулийн өмнөх, бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. Энэ ажлын хүрээнд хичээл үйл ажиллагааг зохион байгуулах багшийг нарыг 100% сургалтад хамруулж байгаа бөгөөд сургалтад 1608 багш, удирдах ажилтнууд хамрагдаж байна.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат сургалтад хамрагдаж байгаа багш нартай уулзаж, боловсролын салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, уулзалт ярилцлага хийсэн юм.
Энэ жил “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийг батлуулж үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд “Өв тэгш-Оюунлаг-Бүтээгч Монгол хүүхэд” төлөвшүүлэх, байгууллагын менежмент, чадавхыг сайжруулан боловсролын харилцаанд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, багш, ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа хэлэв.
2019-2020 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургууль, 30 цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын 1 төв, төрийн бус өмчийн 8 сургууль, 22 цэцэрлэг нийт сургалтын 78 байгууллагад 39000 гаруй хүүхэд суралцах аж. Мөн 1 дүгээр ангид 87 бүлэгт 3349 сурагчийг элсүүлжээ.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатаас дүүргийн боловсролын салбарт хийхээр төлөвлөж буй ажил, багш нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр баримталж буй бодлогын талаар тодрууллаа.
Сэтгэгдэл бичих