Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулж буй "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019" чуулга уулзалт "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд өнөөдөр болж байгаа билээ. Энэхүү уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод өрхийн тариалан эрхэлдэг С.Лхагвацэрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Та хэчнээн га газарт ямар ногоо тарьдаг вэ?
-Би өрхийн тариаланч. Үндсэндээ хүнсний ногооны тариалан эрхэлдэг хүн. Бидний хэсэг нөхөд нийлээд 10 орчим га газарт хүнсний ногоо тарриалдаг. Хүнсний ногооны тариалан эрхэлдэг хүмүүсийг дэмжих дэмжлэг үнэхээр бага. Төр засгийнхан, салбар яамны албан тушаалтнууд, бодлого гаргадаг хүмүүс үр тариагаа л ярихаас хүнсний ногоо тариалдаг хүмүүсийг бараг дэмждэггүй. Уг нь хүнсний ногооны тариалан эрхэлж байгаа хүмүүсээ дэмжээд, эрүүл хүнсээр иргэдийг хангах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд анхаармаар санагддаг. Хүнсний аюулгүй байдлаа бодсон ч гэсэн эх орондоо хүнсний ногоо тариалж байгаа хүмүүсээ бага ч болов харж үзэх хэрэгтэй.
-Бүлэг, хоршоо болж тариалан эрхэлдэг юм уу?
-Бүлэг болж ажилладаг. “Зүүнхараа агро” гэдэг хоршоо байгуулаад, Мандал сумандаа ажиллаж байна. Улаанбаатарт хотод “Дундын хоршоо” гээд эцсийн бүтээгдэхүүн борлуулдаг хоршоо бий. 10 гаруй өрх нийлж бүлгээрээ ажиллана. Амьхандаа л бид нэгдээд, бодлогоо нийлүүлээд, зах зээлд хүч түрж өрсөлдөж, ашигтай ажиллах гээд байгаа юм. Гэвч төр засаг бодлогоор дэмжихгүй бол бид өөрсдөө хичээгээд дээшээ гарахад хэцүү байна.
-Ямар бодлого гаргавал зүгээр байна?
-Бид хавар ажлаа эхэллээ гэхэд намар ургацаа хураагаад, ногоогоо, бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр, хаана борлуулахаа мэдэх боломжгүй. Улаан буудай тариалж байгаа хүмүүс гэхэд намар тэдэн төгрөгөөр борлуулна, урамшуулал нь тэд гээд тооцдог. Бидний хувьд хавар ногоогоо тариад, намар хураасныхаа дараа л борлуулах ажилдаа ордог. Заримдаа зарагдахгүй хаягдах ч тохиолдол байна.
-Та бүхнийг үйлдвэрлэгч гэж тооцож, зээл тусламж үзүүлдэг үү. Эсвэл жижиг, дунд үйлдвэрлэгч гэж тооцдоггүй юм уу?
-Баялаг бүтээгч гэсэн ангилал руу оруулдаг. Түүнээс биш жижиг, дунд үйлдвэрлэгч гэдэг ангилалд оруулдаггүй. Гэхдээ хоршоо болчихвол энэ ангилалд оруулж болно л гэсэн. Гэхдээ яг хөөцөлдөөд явахаар хэцүү байдаг юм билээ.
-Тарилан эрхлэгчдэд үрийн буудай өгөх, техникээр хангах ажлыг төрөө хийдэг. Өрхийн тариалан эрхэлж байгаа хүмүүст ногооны үр хөнгөлөлттэй үнээр өгөх дэмжлэг бий юу?
-Дэмжлэг бараг байхгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 700 гаруй хүлэмж ирлээ л гэдэг. Гэтэл Мандал сумын тариаланчид цөөхөн хэдийг л авсан. Бид авах гээд асуухаар дууссан гэдэг хариулт өгдөг. Бид Хятадын хүнсний ногоотой өрсөлдөхийн тулд хүлэмж, зоорь хоёртой болох хэрэгтэй. Хүлэмжтэй байвал нэг сарын өмнө нарийн ногоогоо зарах боломжтой. Зоорьтой бол хадгалсан ногоогоо зарах боломжтой болно. Тэгж байж Хятадаас оруулж ирж байгаа импортын ногоотой өрсөлдөх боломжтой болох юм. Гэтэл биднийг дэмжих дэмжлэг тун тааруу. Би хувьдаа ногоочдыг сайн дэмжээд өгөөсэй гэж боддог. Эрүүл хүнс гэхээр гол нь хүнсний ногоо л байдаг юм. Тиймээс экологийн цэвэр бүтээгдэхүүн, хүнсний ногоог ард иргэд хэрэглээсэй. Өнөөдөр ард иргэдийн хэрэглэж байгаа, гаднаас импортоор орж ирсэн ногоо одоо муугаар нөлөөлөхгүй ч гэсэн үр хүүхдэд нөлөө нь гарна. 50 төгрөгийн хямд гээд гаднаас оруулж ирсэн ногоо хэрэглэх хэрэг байна уу даа. Цэвэр бүтээгдэхүүнээ л хэрэглэе. Экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдэг чинь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байна л гэсэн үг.
Сэтгэгдэл бичих