2019 оны 12-р сарын 9
8 цаг 26 минут

2019 ОН: Дэлхийн онцлох 10 үйл явдал

Хүн төрөлхтөн 2020 он хэмээх “Азын дугаартай” шинэ он тоололд шилжих хоног хугацаа хэзээ мөдгүй ирэх гэж байна. Улирч буй цаг хугацаа бүхэн өөрийн үүх түүх, ул мөрийг үлдээж, ертөнцийн түмэн явдлын өнгөрсөн цаг тоолол, хүмүүний амьдралын дурсамж дурдатгал болон одмуу. Тэр дундаа 2019 он ертөнцийн түүхнээ үлдэх үйл явдлаар дүүрэн жил байж өндөрлөх гэж байна. Тэр бүхнийг энд дурдах боломжгүй учир  тэдгээрээс онцлох 10 үйл явдлыг ZALUU.COM  сайт  нэрлэж байна.

 НЭГ: "Халуун бүсийн Трамп” тангараг өргөв 

2019 оны нэгдүгээр сарын 1-нд Бразилын шинэ Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн тангараг өргөх ёслол нийслэл Бразилиа хотноо болсон. Хэт барууны үзэлт намаас нэр дэвшин ялалт байгуулсан түүнийг “Бразилын Трамп” хэмээн нэрийдсэн нь санамсаргүй хэрэг биш байв. Армийн офицер асан Жайр Болсонаругийн  ялалтыг онцлох шалтгаан гэвэл гэмт хэргийг хатуу гараар бууруулах, авлигатай ширүүн тэмцэл өрнүүлэх, иргэдэд галт зэвсэг эзэмшүүлэх, экологийн эмзэг бүтэцтэй Амазон мөрний сав газрыг ашиглаж эхлэх зэрэг популист амлалтуудаараа Бразилын элит улс төрчдийг ялж чадсан явдал  юм.  Өнгөрсөн намар “Дэлхийн уушги” гэгддэг Амазоны ширэнгэд их хэмжээний түймэр гарсан.  Түймрийг унтраахад Болсонару туйлын хойрго хандсан төдийгүй  ой модыг тайрч газар чөлөөлөхийг фермерийн аж ахуй эрхлэгчид болон мод бэлтгэгчдэд даалган дэмжжээ. Энэ нь “Дэлхийн уушги” шатах нэг шалтгаан төдийгүй түүний популист амлалттай холбоотой гэсэн  шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Одоо 63 настай Болсонару “Бразилыг социализмаас чөлөөлж, авлига, гэмт хэрэг, эдийн засгийн хариуцлагагүй байдал, үзэл суртлын гав гинжнээс салгана” гэдгээ мэдэгдсэн төдийгүй, 1964-1985 онд Бразилыг захирч байсан цэргийн дэглэмийг магтан сайшаадаг гэдгээрээ онцлог нэгэн.

Тэрбээр Трампыг хүндэлдэг нэгэн төдийгүй гадаад бодлогын хувьд Трамптай төстэй бодлого хэрэгжүүлж, Бразилыг Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс гаргах, Израйль дахь элчин сайдын яамаа Тель Авиваас Иерусалемд нүүлгэх тухай мэдэгдэж байсан юм.

ХОЁР:  Нурсултан Назарбаев: Явна, гэхдээ үлдэнэ

Казахстан улсыг 30 шахам  жил удирдсан “Мөнх”-ийн Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 19-нд  албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа ард түмэндээ хандаж мэдэгдсэн нь гэнэтийн явдал байв. 2015 онд тав дахь удаагаа сонгогдсон Назарбаевын бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусах  байсан юм.

Өдгөө 78 настай Назарбаев “Энэ жил миний улс орныхоо удирдагч болсны 30 жилийн ой тохиож байна. Гэвч би өнөөдөр Казахстаны ерөнхийлөгчийн албан тушаалаас буух хэцүү шийдвэрийг гаргалаа” хэмээн товч мэдэгдэл хийсэн бөгөөд дараагаар нь албан тушаалаасаа огцрох тухай тогтоолд гарын үсгээ зурсан аж.

Тэрбээр Казахстаныг олон жил удирдахдаа эдийн засгийн хувьд хүчирхэг улс болгосон гавьяатай ч бас дарангуйлагч хэмээн шүүмжлэгддэг байв.  Хэдийгээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан ч  улс орныхоо эрх мэдлийн хамгийн нөлөөтэй хүн хэвээр үлдсэн гэдгийг дэлхийн хэвлэл мэдээлэл онцолж байгаа юм. Тодруулбал, тэрбээр  улсынхаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хэвээр үлдсэн бөгөөд энэ нь Ерөнхийлөгчөөс ч дутахгүй эрх мэдэлтэй, гадаад, дотоод бодлогыг тодорхойлох өндөр ач холбогдол бүхий энэ албан тушаалд бүх насаараа ажиллах боломжтой юм.

2010 онд тус улсын парламент Назарбаевт “Элбаси” буюу улс үндэстний их удирдагч гэх насан туршийн өргөмжлөл олгох шийдвэр гаргаж байв. Үүнийг сануулсны хариуд Назарбаев “Тиймээс би та бүхэнтэйгээ ойр хэвээр байна. Улс орон, ард түмний маань асуудал миний ч асуудал байх болно” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл,  тэр өөрийнх нь хэлснээр “Явна, гэхдээ үлдэнэ” гэдэг нь ийм учиртай биз.

Түүнийг залгамжилсан парламентын спикер Касым-Жомар Токаев  Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Туршлагатай дипломатч тэбээр эдүгээ 65 настай. Тэрбээр Ерөнхийлөгч болсон даруйдаа нийслэл Астана хотын нэрийг Нурсултан хот болгон өөрчлөх шийдвэр гаргаж байв.

ГУРАВ: Японы эзэн хаан сэнтийгээсээ бууж тус улсад “Райва”-гийн он тоолол эхлэв

Японд сүүлийн 200 жилд анх удаа эзэн хаан сэнтийгээсээ буусан нь бараг 3000 жил үргэлжилж буй угсаа залгамжилсан хаант улсын хувьд ховор үзэгдэл болов.

Эдүгээ 85 настай Эзэн хаан Акихито 31 жил заларсны эцэст дөрөвдүгээр сарын 30-нд хаан сэнтийгээс буулаа. Ууган хүү, угсаа залгамжлах Хунтайж, 59 настай Нарухито тавдугаар сарын 1-нд хаан сэнтийд заларсан юм. Ингэснээр Японд Хэйсэйгийн үе төгсгөл болж шинэ эзэн хааны “Рэйва”-гийн он тоолол эхэллээ. “Рэйва” гэх үг нь “Дэг журмаар энх тайвныг олох” гэсэн утгатай үгсийн товчлол аж.

 “Эзэн хаан нь улс орны болоод ард түмний нэгдлийн бэлгэ тэмдэг байна” хэмээн Японы үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт тодорхой тайлбарласан байдаг аж. Энэ нь Эзэн хаан улс төрөөс ангид, ихэнх цагаа ёслолын ажиллагаанд зориулдаг юм байна.

Акихито эрүүл мэндийн хувьд эзэн хааны үүргээ гүйцэтгэж дийлэхгүй болж байна гэдгээ 2016 онд мэдэгдсэн юм. Акихито нь 2012 онд зүрхний мэс засал хийлгэж, 2011 онд хатгааны улмаас эмнэлэгт хэвтсэн юм.

Эзэн хаан Акихито, хатан Мичико нарын гурван хүүхдийн ууган нь буюу угсаа залгамжлах хунтайж нь Нарухито юм. Нарухито нь Японы Эзэн хаадын  гэр бүл эрхэмлэж ирсэн Токио дахь Гакүшүин их сургуулийн түүхийн салбарыг 1982 онд дүүргээд Оксфордын их сургуульд хоёр жил суралцжээ. Нарухито нь Японы 126 дахь Эзэн хаан юм. Тэрбээр дипломатч агсан Масако Овадатай 1993 онд гэрлэсэн. Тэд нэг охинтой, тэр нь 17 настай гүнж Айко юм. Японы хуулиар эмэгтэй хүнийг хаан ширээнд суулгахыг зөвшөөрдөггүй.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 25-28-нд Японд айлчилж шинэ Эзэн хаанд бараалхсан анхны гадаадын төрийн тэргүүн болсон билээ.

ДӨРӨВ: Гурван Ерөнхий сайдын нүүр дамжсан Брексит дахин бүтэлгүйтэв

Лиссабоны гэрээний 50 дугаар зүйлийн дагуу Их Британийг Европын Холбооноос салгах урьдчилсан тохиролцоо энэ оны гуравдугаар сарын 29-ний 11 цагт хэрэгжих товтой байсан билээ. Гэвч гурван Ерөнхий сайдын нүүр үзэж буй Брексит дахин хойшлов. Энэ асуудал сүүлийн хоёр жилийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Энэ бол Их Британийн хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш болж буй хамгийн том үйл явдал гэж дэлхий нийт хардаг юм.  

Энэхүү үйл явцыг товчоор “Brexit” (British-exit) буюу Брексит гэж нэрлэх болсон ба анх 2015 оны тавдугаар сард Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны тэргүүлсэн Консервтив нам ялалт байгуулж, 2016 оны зургадугаар сарын 23-нд бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулахад иргэдийн 52 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэнээр энэ үйл явц эхэлсэн юм. Гэвч Европын улс төр, эдийн засгийн нэгдэл бүхий 28 орны бүрэлдэхүүнээс Их Британийг гаргах үйл явц санаснаар өрнөсөнгүй.

Дэвид Камероныг огцорсоны дараа Тереза Мэй Ерөнхий сайд болж, 2017 оны гуравдугаар сард Британийн парламент Европын холбооноос гарах хуулийг баталсан. Харамсалтай нь Треза Мэй Их Британийг Европын Холбооноос гаргах үйл явцыг амжилттай удирдаж чадаагүйнхээ төлөө энэ оны тавдугаар сард огцорч байгаагаа зарласан. Үүний дараа Ерөнхий сайдаар  сонгогдсон Борис Жонсон 10 дугаар сарын 31 гэхэд Их Британийг ЕХ-ноос гаргана гэсэн ч бас л чадсангүй. 

Энэ бүхний эцэст Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Брекситийн гэрээг гурван сараар хойшлуулах хүсэлтийг өнгөрөгч 10 дугаар сарын дундуур гаргаад байгаа юм.

Мөн тэрбээр Европын холбоотой Брекситийн талаар шинэ гэрээ байгуулж, гэрээг Брюссель баталсан. Гэвч парламентын доод танхим нь энэ гэрээг хэлэлцээд Брекситийг хойшлуулах шийдвэр гаргаад байгаа юм.

ТАВ: Хонг Конгын бослого: Хятадын тэвчээрийн хязгаар алдрах уу

Энэ оны сүүлийн хагас жилийн турш дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа халуун цэг гэвэл Хонг Конг болоод байна. Сүүлийн зургаан сар шахмын хугацаанд үргэлжилж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн анх гэмт хэрэгтнийг Хятадын шүүх рүү шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаалаар эхэлсэн. Эсэргүүцлийн жагсаал туйлдаа хүртэл идэвхжсэн учир Хонг Конгийн засаг захиргаа гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслөө эргүүлэн татаж буулт хийсэн ч тэмцлийн галыг дарж чадсангүй. Тэр жагсаал тэлсээр өдгөө цагдаа хүчний байгууллагыг эсэргүүцсэн болон Бээжингээс томилогдсон Хонг Конгийн захирагч Кэрри Ламыг огцруулахын төлөөх тэмцэл болж хувираад байна. Олон улсын ажиглагчид энэ жагсаалыг бүхэлдээ Хятадын нөлөөг эсэргүүцсэн үйл явц хэмээн тодотгож байна.

Бээжингийн зүгээс энэхүү жагсаал эсэргүүцлийг “эмх замбараагүй явдал” хэмээн тодотгож нэлээд хүлээцтэй хандаж байгаа хэдий ч Хонг Конгийн ойролцоо цэргийн хүчээ татаж байгаа гэх мэдээлэл бий. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонг Конгийн хил рүү Хятадын цэргүүд ойртож байна гэх мэдээллийг өөрийн твиттер хуудсанд жиргэсэн нь том сенсаци дэгдээсэн билээ.

Хонг Конг 150 жилийн турш Их Британийн колони улс байгаад 1997 онд Хятадын “мэдэлд” шилжсэн түүхтэй. Гэхдээ 2047 он хүртэл Хонг Конгийг өөрийн бие даасан хууль, улстөрийн системтэй байлгана гэсэн тохироо хийгдсэн байдаг. Өрнөөд буй бослогын үндсэн шалтгаан чухам эндээс эхлэлтэй.

Өнгөрөгч 11 дүгээр сарын сүүлчээр Хонг Конгт болсон дүүргийн консулын сонгуульд тусгаар тогтнолыг дэмжигч сөрөг хүчнийхэн ялалт байгуулсан нь  тэмцлийн эхний үр дүн болж харагдаж байгаа юм. Тухайлбал, сонгуульд 1104 нэр дэвшигч 452 суудлын төлөө өрсөлдөж, сөрөг хүчнийхэн 18 дүүргийн 17-д тэргүүлээд байгаа билээ.

Хонг Конгийн дүүргийн консулын сонгуульд тусгаар тогтнолыг дэмжигч сөрөг хүчнийхэн ялалт байгууллаа. Сонгуульд 1104 нэр дэвшигч 452 суудлын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд үүрийн 04:00 цагийн байдлаар сөрөг хүчнийхэн 207 суудал, Кэрри Ламын нам 18 суудал авчээ. Ийнхүү сөрөг хүчнийхэн 18 дүүргийн 17-д тэргүүлсэн байна.

Хонг Конгийн асуудал Хятад АНУ-ын харилцаанд бас нэг хэрүүлийн алим болж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, Хонг Конгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп батласан. Хуулийн дагуу АНУ-ын засаг захиргаа жил бүр Хонг Конгийн автономит статус хангагдаж байгаа үгүйг үнэлсний үндсэн дээр худалдааны онцгой нөхцөл олгодог болно. Үүнээс гадна Хонг Конгийн өөртөө засах эрх, ардчилалд хор хүргэх шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг АНУ-ын төрийн департмент хар жагсаалтад оруулж,  шийтгэх эрхтэй болж байна.

Үүний хариуд БНХАУ АНУ-ын армийн тэнгисийн болон агаарын хөлгүүдийн Хонг Конгт нэвтрэх хүсэлтэд зөвшөөрөл олгохгүй болж байгаагаа зарлав.

ЗУРГАА: Хүн төрөлхтөн анх удаа “ХАР НҮХ”-ний бодит зургийг харлаа

Сансрын уудамд хар нүхийг бодитой байдаг тухай онол олон жилийн турш яригдаж байсан ч хэн ч нүдээр хараагүй, гэрэл зургаар буулгаж байсан нь үгүй юм.

Асар их татах хүчтэй тул хар нүх нь гэрлийг хүртэл сордог. Тиймээс гэрэл зургийг нь буулгаж авах маш хэцүү гэгдэж байв. Гэвч хүний ухаан үүнийг чаджээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд  EHT (Event Horizon Telescope) төслийн эрдэмтэн судлаачдын хамтын хөдөлмөрийн үр дүн болох “хар нүх”-ний зургийг хүн төрөлхтөн анх удаа харлаа.

Үнэндээ энэ нь хар нүхийг тойрч үүссэн хэт халуун хийн цагирагийн зураг юм. Энэ бол хар нүхэнд сорогдохын өмнөх сүүлчийн хил хязгаар бөгөөд “event horizon” гэж нэрлэдэг. Үүнээс цааш ямар ч биет эргэлт буцалтгүйгээр хар нүхэнд унадаг гэсэн үг.

Уг хар нүх нь 6.5 тэрбум ширхэг нартай тэнцэх масстай, диаметр нь 38 тэрбум километр урт юм байна. Энэ хар нүх нь дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайтай оршдог.

Хар нүхний багийнхныг $3 саяар шагнасан бөгөөд уг том төсөлд 347 эрдэмтэн судлаач оролцсон тул бүгдээрээ шагналын мөнгийг тэгш хувааж авахаар болжээ. Ингэхэд нэг эрдэмтэнд $8600 оногдсон байна.

ДОЛОО: Парисын алдарт Нотр Дам сүм хүн төрөлхтөнд эргэж ирэх үү

Парис хотын нэрийн хуудас болсон алдарт Нотр Дам сүм 2019 оны  дөрөвүгээр сарын 16-ны орой галд шатаж дэлхийн уран барилгын түүхэнд томоохон гарз учирсан. Сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан бөгөөд галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан гэхээр галын хэмжээ хэр байсныг илэрхийлнэ. Тухайн үед сүмд засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа дээврийн хэсгээс гал гарчээ.

Үүнтэй холбоотойгоор  Ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, Нотр Дам сүм дээр ирж, "Бидний нэг хэсэг шатчихлаа" хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байв.

Уг алдарт сүмийг 858 жилийн өмнө буюу 1161 онд барьж эхэлсэн бөгөөд архитекторын гайхалтай бүтээл, соёл, урлаг, шашны түүхэн дурсгалт газруудын нэг юм. Зөвхөн Нотр Дамыг үзэхээр жил бүр 13 сая жуулчин Парис хотыг зорьж ирдэг байв.  Алдарт зохиолч Виктор Хьюгогийн "Парисын Дарь эхийн сүм" зохиолоор хүн төрөлхтний оюун санаанд хүндтэй байр эзэлсэн дэлхийн хамгийн алдартай энэхүү католик сүм ямар ч дайны үед сүйдээгүй мөртлөө энх цагт ийнхүү шатсан соёлт хүн төрөлхтний гарз болов.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ватиканы эрх баригчид, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама зэрэг дэлхийн томоохон удирдагчид уг үйл явдалд гүнээ харамсал илэрхийлсэн билээ.

Францын  Ерөнхийлөгч Макрон сүмийг 5 жилийн дотор сэргээн засварлана гэж мэдэгдсэн бөгөөд зөвхөн эхний 7 хоногт гэхэд Парисын Эх дагинын сүмийг сэргээн засахад зориулж өргөсөн хандивын хэмжээ 1 тэрбум еврод хүрсэн тухай "Le Parisien" сонин мэдээлж байв.

НАЙМ: Викиликсийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг “ичээнээс” нь баривчиллаа

Викиликс сайтын үүсгэн байгуулагчдын нэг Жулиан Ассанжийг Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яамны байрнаас баривчилсан нь оны онцлох явдлын нэг болов. Тэрбээр хүчингийн хэрэгт шалгагдаж байхдаа Швед улсад шилжүүлэн өгөхөөс зугтаж, 2012 оноос хойш буюу долоон жилийн өмнөөс Эквадорын элчин сайдын яамны байранд улс төрийн шалтгаанаар орогнож байсан юм.

Хожим нь  Ассанжид тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгосон ч тэр АНУ-ын засгийн газрын нууц материалуудыг "Викиликс" сайтад нийтэлж байсныхаа төлөө баривчлагдахаас болгоомжлон Элчин сайдын яамны байрнаас яваагүй байсан юм.

Харамсалтай нь олон улсын хууль дүрмийг удаа дараа зөрчсөн шалтгаанаар Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено түүнд олгосон улс төрийн орогнолыг цуцалсан нь түүнийг АНУ-д “өгсөн” үйлдэл болов.

Эквадорын ерөнхийлөгч мэдэгдэлдээ “Элчин сайдын яаманд орогнох хугацаандаа бусад улс орнуудын дотоод хэрэгт хутгалдаж, олон улсын хууль дүрмийг удаа дараа зөрчсөн тул” эрхийг нь цуцалж, баривчлуулахаар шийдсэн гэжээ.

“Wikileaks”  сайтыг үндэслэгч Жулиян Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх хүсэлтийг Их Британийн дотоод хэргийн сайд Сажид Жавид хүлээн зөвшөөрч,  гарын үсэг зурсан бөгөөд АНУ-аас түүнийг төрийн нууц задруулсан хэрэгт буруутган ял шийтгэхээр бэлтгэж байгаа юм.

Гэхдээ тэрбээр одоо  батлан даалтад суллагдсан нөхцөлийг зөрчсөн хэргээр Лондон хотын шоронд 50 долоо хоног хорих ял эдэлж буй.

Одоо 47 настай, Австралид төрсөн программ зохиогч Жулиан Ассанж нь 2006 онд Викиликс сайтыг үүсгэн байгуулалцаж, эрхлэгчээр нь ажиллаж байхдаа дэлхийн улс орнуудын төрийн нууцад хамаарах материалуудыг ил болгож, алдаршсан нэгэн билээ.

ЕС: Хүн төрөлхтөн сарны цаад талыг “харав”

БНХАУ  2018 оны арванхоёрдугаар сард гариг хоорондын “Чанъэ-4” автомат станцыг сарны зүг хөөргөсөн бөгөөд тус станц 2019 оны нэгдүгээр сарын 3-нд  сарны харанхуй буюу цаад талд амжилттай газардсан нь сансар судлалын томоохон амжилт байв.

Энэ бол хүн төрөлхтний хувьд анхны алхам юм. Сарны дэлхий рүү хардаггүй нууцлаг хэсэгт буюу  сарны өмнөд туйлын Эйткений хонхор хэмээх сарны хамгийн эртний, хамгийн том, хамгийн гүн тогоонд тус хөлөг газардсан юм.

Хятадын CCTV суваг саяхан Chang’e-4 станцаас ирсэн анхны гэрэл зургийг үзүүлсэн бөгөөд энэ бол  хүн төрөлхтөн анх удаа сарны цаад талын гадаргыг харсан явдал болов.

Энэхүү түүхэн үйл явдалтай  холбогдуулан АНУ-ын сансар судлалын үндэсний хүрээлэн NASA-гийн захирал Жим Бриденстин твиттер хуудсандаа “Сарны алслагдсан хэсэгт амжилттай газардсанд нь Хятадын Chang’e-4 багийнханд баяр хүргэе! Энэ бол хүн төрөлхтний хувьд анхны бөгөөд сэтгэл хөдөлгөм ололт амжилт юм” гэж бичиж байв.

АРАВ: Абу Бакр Аль Багдади “амиа хорлов”

Исламын улс зэвсэгт бүлгийн толгойлогч Абу Бакр Аль Багдади өнгөрөгч 10 дугаар сарын 27-нд Сирийн баруун хойд нутагт явуулсан Америкийн цэргийн ажиллагааны үеэр гурван хүүхдийнхээ хамт амиа егүүтгэсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн.

Сирийн баруун хойд Идлиб мужид АНУ-ын тусгай хүчнийхэн Багдадиг устгах ажиллагааны үеэр тэр биедээ зүүсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлж, дагуулж зугтсан гурван хүүхдийнхээ хамт амиа алджээ. Багдадигийн цогцос дэлбэрэлтийн улмаас танихын аргагүй болтлоо хэдэн хэсэг хуваагдсан байсан ч ДНК-ийн шинжилгээгээр түүний цогцос мөн болохыг тогтоосон байна.

Энэ явдлын дараа тус бүлэглэлийнхэн“Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади нас барсан талаарх албан ёсны мэдэгдлийг хийсэн юм. Мөн “Лалын улс” үлэглэлийнхээ шинэ толгойлогч, халифаар Абу Ибрагим аль-Хашеми аль-Курашийг сонгосон тухайгаа мэдэгдсэн юм.

Багдади нь Ирак, Сирийн бүс нутагт исламын эзэнт улс “Халифат”-ыг байгуулахыг зорьж байсан ба АНУ түүний байршлыг зааж өгсөн хүнд 25 сая ам.доллар амлаад байсан юм. Түүнийг устгасан нь Осама Бин Ладеныг устгаснаас илүү ач холбогдолтой үйл явдал болсон гэж Трамп мэдэгдсэн билээ. Тусгай ажиллагааг зохион байгуулахад Орос, Турк, Сири, Иракийн засгийн газар дэмжлэг үзүүлсэн бөгөөд Багдадигийн цогцсыг Осама Бин Ладены адилаар далайн усанд хаяжээ.

П.Булган

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.153Зочин   • 2019, 12 сарын 9. 11 цаг 33 минут

Reiwa shuu

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.